Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн өнөөдрийн хуралдаанаар АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн Үндсэн хууль болон Улс төрийн намын тухай хуульд нийцсэн байна гэж үзжээ. Ингэснээр тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн байна. Нийт шүүгчдийн хуралдаан хараахан тараагүй тул мэдээлэл өгөх боломжгүй гэж УДШ-ийнхэн хэллээ.
Бид мэдээлэл авахаар АН-ын нарийн бичгийн дарга О.Баасанхүүтэй холбогдлоо. Тэрээр, АН-ын XIII Их хурлаар баталсан дүрмийг Дээд шүүх бүртгэсэнд баяртай байна. Бид XIII Их хурлаа гуравдугаар сарын 5-нд МҮЭСТО-нд хийсэн. Ингээд Үндэсний бодлогын хорооны гишүүдийн тоо болон даргын асуудлыг өөрчилсөн. Мөн намын Их хурлаар даргаа сонгодог байх өөрчлөлт оруулсан юм. Их хурлаа зарлах хараахан болоогүй байгаа. Наанадаж нэг сарын хугацаа шаардана. 21 аймгаас төлөөлөгч нараа Улаанбаатарт урьж цуглуулж Их хурлаа хийж таарна. Өнөөдрийн тухайд Дээд шүүх хэн нэгнийг дарга гэж бүртгэсэн асуудал байхгүй” гэв.
Ташрамд дурдахад, АН-ын нөгөө хэсэг нь сунгаагаар намын даргаа тодруулах дүрмээ нөгөө талд хийсэн Их хурлаараа баталсан. Ингээд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нар сунгаанд оролцон, хамтдаа 21 аймгийн АН-ын гишүүдтэйгээ уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа билээ. Тэдний сунгаа өнөөдөр Дээд шүүхэд бүртгүүлсэн АН-ын дүрмээр хүлээн зөвшөөрөгдөх үү, үгүй юу гэдэг эргэлзээ дагуулж байна.
О.Баасанхүү: Дүрмээ бүртгүүлсэнд баяртай байна |
|