УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр тавдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" жагсаал зохион байгуулах гэж байгаа талаараа мэдээллээ. Тэрээр хамгийн гол нь тогтолцооны өөрчлөлтийг шаардан тайван жагсах юм байна.
Тогтолцооны өөрчлөлт гэдгээ ингэж тайлбарлалаа.
1. Сонгуулийн тогтолцоог шударга зөв болгож, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх,
2. Улсын аюулгүй байдлыг хангах зорилгоор хот болон тулгуур төвүүдийг хөгжүүлэх боломжийг нээх,
3. Төрийн бүтцийг цомхон болгож аймаг, сумд дүүргийн тоог цөөлж нэгтгэх, зах зээлийг хөгжүүлэх зэрэг өөрчлөлтийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар хийхийг шаардав.
-УИХ-ын гишүүн Т.Доржханд: Залуус "өөрсдөө хэмнэ" гээд жагссан. Гэтэл энэ УИХ хэмнэх хууль баталсангүй. Залуусын жагсаал талаар боллоо, бодит байдлыг харсан УИХ-ын гишүүний хувьд урам хугарлаа. Бид хэмнэж, өөрчилж чадахгүй юм байна. УИХ өнгөрсөн баасан гаригт Хөгжлийн банкны хулгайч, луйварчидтай холбоотой асуудлыг нууцаар хэлэлцлээ.Тэднийг хамгаалж авч үдлээ. Ийм УИХ-д хэн итгэх юм бэ. Хуулийн байгууллагын оруулж ирсэн энэ асуудлыг олонхиороо хамгаалж авч үлдэх нь маш хариуцлагагүй үйлдэл. Миний хувьд цаашид УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсноо мэдэгдье. Ганцаараа тэнд суугаад өөрчлөлт гарахгүй юм байна. УИХ-ын танхим дотроос биш, гадаа талбай дээр иргэд, залуустай хамт тэмцье гэж шийдлээ.
Өнөөдөр бид тогтолцоогоо өөрчлөхгүйгээр хөгжил ярих боломжгүй болсон байна. Улсын төсвөө 21 аймаг 330 сум руу тараагаад хөгжиж байгаа юм алга. Бидний явж байгаа тогтолцоо буруу байна. Тиймээс "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэж байгаа юм. УИХ тогтолцоогоо өөрсдөө өөрчилье. Тавдугаар сарын 5-ны 12.00 цагт цайны цагаараа иргэд, залуус Сүхбаатарын талбай дээр ирж, үзэл бодлоо илэрхийлэн хамтдаа өөрчлөлт хийхийг шаардаач гэж хүсье.
Миний хувьд өөрчлөлт хийх хүртэл нь жагсаал, тэмцлээ үргэлжлүүлнэ. Иргэдээс санал, гарын үсэг, дэмжлэг авна. Би Сүхбаатарын талбайд сандал тавиад цаасаа бариад сууна. Иргэдэд тогтолцооны өөрчлөлтийн талаар мэдээлэл өгнө. Утсаа бариад лайв хийнэ. Тогтолцооны өөрчлөлтийг хийхгүй бол бид хөгжихгүй, өрөндөө баригдсан улс болох гээд байна. Өнөөдөр тэмцэж, өөрчлөхгүй бол хожимдоно. Бидэнд өөрчлөх эр зориг л хэрэгтэй байна. гэлээ.
УИХ-ын гишүүн Т.Доржханд 'Өөрчлөхгүй бол таръя' жагсаал зохион байгуулна |
|