Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлнэ. Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банктай холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Хөгжлийн банкны чанаргүй зээлээс өчигдрийн байдлаар 165 тэрбум төгрөгийн өр төлөгдөөд байна. 2023 онд төлөгдөх ёстой хоёр том бонд бий. Эхнийх нь Евро бонд буюу "Сэргэн мандалт" нэртэй бонд. Энэ нь 2023 оны аравдугаар сарын 23-нд төлөгдөх ёстой 500 сая ам.долларын нээлттэй бонд. Одоогийн ханшаар 1.5 их наяд төгрөгтэй тэнцэнэ. Удаах нь 2023 оны арванхоёрдугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 725 тэрбум төгрөг.
Онцгой анхаарах ёстой өр нь Самурай бонд. Энэ нь Засгийн газрын баталгаатай. Хэрэв Хөгжлийн банкийг дампуурлын эрмэгт авчраад буй чанаргүй зээлүүдийг төлүүлж чадахгүй бол энэ өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын хувьд чанаргүй зээлийг төлүүлэх ажлыг шуурхайлж байна” гэж мэдээлсэн билээ.