Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Я.Содбаатар: Зээлийн хүүг бууруулах асуудлыг дан захиргааны аргаар шийдэж болохгүй
7 жил өмнө   1042

Эдийн засгийн байнгын хорооны /2018.05.30/ өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн дэмжлэгийг авч чадаагүй билээ. Зээлийн хүүг бууруулах асуудлаар УИХ-ын гишүүн Я.Содбаатар болон Б.Баттөмөр нарын байр суурийг сонслоо. 

Я.Содбаатар: Зээлийн хүүг бууруулах асуудлыг дан захиргааны аргаар шийдэж болохгүй
 
-Зээлийн хүүг бууруулах нь иргэдийн хүсэн хүлээж байгаа асуудал учраас цогц байдлаар оруулж ирэх ёстой. Тэр утгаараа зээлийн хүүг шууд хатуу тогтоох нь эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. Монголбанк болон холбогдох байгууллага нь зээлийн хүүг бууруулах эдийн засгийн, захиргааны арга хэмжээг хамтад нь хэрэгжүүлэх боломж нөхцөл бүрдүүлэхээр ажиллаж байна. С.Эрдэнэ гишүүний санаачилсан энэхүү хуульд гишүүд гурван асуудалд төвлөрч санал гаргасан. Нэгдүгээрт, холбогдох яамнаас нь тэтгэврийн зээлийн хүүгийн дээд хязгаарыг 12 хувь болгохоор арилжааны банкуудтай ярилцаж байна. Үүнтэй давхардаж байгаа.  Мөн 100 хүртэлх  сая төгрөгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн зээлийн хүүг 18 хувь байхаар оруулж ирсэн. Гэтэл бодит байдал дээр үүнээс ч доогуур хүүтэй байгаа. Арилжааны зээлийн дээд хязгаарыг 24 хувь байхаар төсөлд тусгасан. Сүүлийн саруудад зээлийн хүү буурч, дунджаар 18.6 хувьд хүрсэн байгаа. Эдийн засгийн эерэг үзүүлэлттэй холбоотойгоор өнөөдрийн нэгэнт хүрчихсэн түвшинд зээлийн хүүг бууруулна гэж оруулж ирснийг гишүүд хөндөж ярьсан. 
Хоёрдугаарт, энэ хуульд мөнгө хүүлэлтийн эсрэг асуудлыг шийдвэрлэхээр хамтад нь оруулж байгаа. Дэлхийд мөнгө хүүлэлтийн эсрэг хуультай 24 орон бий. Эдгээр орны мөнгө хүүлэлтийн эсрэг авдаг олон арга хэмжээ байдаг. Гэтэл С.Эрдэнэ гишүүний хуулийн төсөлд мөнгө хүүлэлтийг яг хэрхэн зохицуулах талаар нарийвчилж өгөөгүй. Ер нь асуудлыг цогцоор нь авч үзэх ёстой. Гуравдугаарт,  мэргэжлийн байгууллага хэд хэдэн хуулиудыг оруулж ирэхээр ярилцаж байгаа түүнтэй уялдуулж оруулж ирэх ёстой. Манай намын бүлэг зээлийн хүүг бууруулахын эсрэг байгаа юм биш. Бид зээлийн хүүг бууруулах ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Монголын иргэн бүхэн адилхан бодолтой байгаа байх. Гол нь зээлийн хүүг бууруулах, мөнгө хүүлэлтийн эсрэг авах арга хэмжээг зөвхөн захиргааны аргаар биш эдийн засгийн аргатай хослуулмаар байна. 
 

Б.Баттөмөр: Зээлийн хүүг 18 хувиас бууруулах боломжтой гэж үзсэн 
 
УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан хуулийн төсөлд зээлийн хүүгийн хязгаарыг  захиргааны аргаар шууд 12, 18, 24 хувь гээд тодорхой заачихсан. Нарийн тооцоо судалгаа байхгүй. Өнөөдөр зарим арилжааны банкны олгож байгаа зээл 18 хувиас бага байна. Тиймээс зээлийн хүүг 18 хувиас багасгах шаардлагатай гэж үзэж байна.  Олон улсын хэмжээнд дээдийн хүүгийн дээд хязгаар тогтоодог туршлага байна. Ингэхдээ ганцхан захиргааны биш эдийн засгийн аргыг хослуулдаг. Өөрөөр хэлбэл,  макро эдийн засгийн суурь нөхцлөө сайн бүрдүүлэх, мөнгөний бодлогын нөлөөлөл, банкны засаглалыг сайжруулах, инфляцийг барих, эдийн засгийг тогтвортой өсгөх шаардлагатай гэсэн үг.  Ирэх жилүүдэд эдийн засагт гарах үзүүлэлттэй уялдуулж, зээлийн хүүг бууруулах үндэслэлтэй тооцоог УИХ-д танилцуулна.  С.Эрдэнэ гишүүн 18 хувиас дээш хүүтэй зээл олгож байгаа банкуудыг мөнгө хүүлж байна гэж үзнэ гэж мөн хуулийн төсөлд тусгасан. Гэхдээ мөнгө хүүлж байгаа хүмүүс, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй. Тиймээс зээлийн хүүг улам бууруулах, хуулийг уялдаа холбоотой явуулах боломж байна гэж үзэн С.Эрдэнэ гишүүний өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн. Зээлийн хүүг бууруулах асуудал нээлттэй хэвээр байгаа.
 
Ц.ЦЭЛМЭН
 
Я.Содбаатар: Зээлийн хүүг бууруулах асуудлыг дан захиргааны аргаар шийдэж болохгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0