Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлт эрэгтэйчүүдийнхээс даруй 3 дахин их байна
2 жил өмнө   368
“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” үндэсний чуулганд оролцогчдод дэвшүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээг хүргэж байна. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт үндэсний чуулганд оролцогч Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
 
НҮБ-ын Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөрийн хүрээнд улс орнууд хүйсээр ялгаварлан гадуурхах хууль эрх зүйн орчныг бүрэн халж, хөлсгүй хөдөлмөрийг багасган тэнцвэржүүлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэн, шийдвэр гаргах түвшинд манлайлан оролцох тэгш боломжоор хангах, эдийн засгийн нөөц баялгийн тэгш хүртээмжтэй байдлыг хангахад чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. 
КОВИД-19 цар тахлын нөлөө эдийн засгийн харилцаан дахь эмэгтэйчүүдийн оролцоонд сөргөөр нөлөөлж байгаа нь бид дээрх зорилго, зорилтын хэрэгжилтийг цаг алдалгүй эрчимжүүлэх шаардлагатайг сануулж байна.
 
Энэхүү чуулган нь нэг талаас, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн урт хугацааны “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, түүний хүрээнд дунд хугацаанд баримтлах “Шинэ сэргэлтийн бодлого”-г Улсын Их Хурлаас батлан хэрэгжүүлж байгаа, нөгөө талаас, дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралт байдал хийгээд бүс нутгийн хэмжээний геополитикийн ээдрээтэй байдал манай улсын эдийн засаг, иргэдийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт саарч буй амаргүй цаг үед чуулж буй нь цагаа олсон үйл явдал юм.
 
Манай эхчүүд, эмэгтэйчүүд улс орны нийгмийн амьдрал, үүний дотор эрүүл мэнд, боловсрол, соёл, нийгмийн хамгааллын салбарт тэргүүлэх үүрэгтэй оролцож, онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн түүхэн гавьяатай билээ. Өнөөдөр ч энэ байдал хэвээр үргэлжилж байна. Гэвч эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин 2008 оноос эхлэн буурах хандлагатай болж, ажиллах хүчнээс гадуурх хүн амын 68 хувь нь эмэгтэйчүүд байна. Мөн эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлт эрэгтэйчүүдийнхээс даруй 3 дахин их байгаа нь эдийн засаг дахь жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн арга хэмжээ, хөшүүргийг төлөвлөн хэрэгжүүлэх зайлшгүй хэрэгцээ үүсэж байна. 
 
Эдийн засгийн харилцаанд жендерийн тэгш байдлыг хангах нь ухаалаг төдийгүй эдийн засгийн үр ашиг өндөртэй алхам байдаг гэдгийг олон улсын судалгаа харуулсаар ирсэн. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт болон бизнес эрхлэлтийг дэмжсэнээр улс орны эдийн засгийн бүтээмж өсөж, эдийн засгийг бүхэлд нь эрчимжүүлээд зогсохгүй тэдний гэр бүлийн орлого өсөх, амьдралын чанар дээшлэх, тухайн өрхийн хүүхдийн боловсрол сайжрах зэрэг нийгмийн олон асуудлыг цогцоор шийдвэрлэхэд чухал хөшүүрэг болдог. 
 
Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэхэд нэгдүгээрт, зах зээлд өрсөлдөхөд шаардлагатай ур чадвар, нөөцийн тэгш хүртээмжтэй байдал, хоёрдугаарт, эдийн засгийн үйл ажиллагаанаас үр ашгаа хүртэхэд чиглэсэн бие даасан шийдвэр гаргах эрх мэдэл чухал юм. Энэ хоёр зүйл харилцан шүтэлцээтэй бөгөөд зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэхийн хэрээр шийдвэр гаргах чадвар, эрх мэдэл нэмэгдэж, эргээд энэ нь нөөцийн тэгш хүртээмжтэй байдалд эергээр нөлөөлнө.
 
Энд дурдаж буй тэгш хүртээмжтэй нөөц буюу ур чадвартай хүний нөөц, зээл санхүүжилтийн нөхцөл боломж, газар, машин механизм гэх мэт эд хөрөнгийн нөөцөөс гадна мэргэжлийн хүрээнд харилцаа холбоогоо тэлэх, чиглүүлэн зөвлөгчтэй болох зэрэг нийгмийн капитал нь эмэгтэйчүүдийг бизнес эхлүүлэх, амжилттай өсч дэвжихэд нэн чухал.  Эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй асуудлуудыг хувь хүн, өрхийн хүрээнд эсхүл нийгэм институтийн хүрээнд гарах шийдлээр ангилан дүн шинжилгээ хийж, ойрын ирээдүйд хэрэгжүүлэх шаардлагатай зорилт, арга хэмжээг оновчтой тодорхойлоход төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангасан энэхүү үндэсний чуулган өндөр үр дүн авчирна гэдэг итгэж байна.
 
Цаашид эдийн засаг, бизнесийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь Улсын Их Хурлын анхаарал хандуулах асуудлын нэг хэвээр байж, Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа аливаа төрийн бодлого, хууль тогтоомжид ямагт тусгалаа олж байхад анхаарах болно.
 
Саяхан Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд идэвх санаачилгатай ажиллан, “Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх” тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын цахим хэлэлцүүлгийн D-Parliament сүлжээнд байршуулсан тул та бүхэн өргөнөөр танилцаж, өөрийн үнэт санал бодлоо Улсын Их Хуралд ирүүлэхийг хүсье. 
 
“Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт  үндэсний чуулганд оролцогч Та бүхэнд ажлын амжилт бүтээл, сайн сайхны ерөөлийг дэвшүүлье. 
 
Чуулганы  ажиллагаанд амжилт хүсье. 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                   ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
 
 
 
2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр
 
Улаанбаатар хот
 

 

Г.Занданшатар: Эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр эрхлэлт эрэгтэйчүүдийнхээс даруй 3 дахин их байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0