Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Ш.Раднаасэд: Шүгэл үлээгчийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй
2 жил өмнө   1642
Нүүрсний хулгайн хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон гэх УИХ-ын таван гишүүн өнөөдөр мэдээлэл хийж, нүүрсний хулгайтай тэмцэхээр лобби бүлэг байгуулж байгаагаа мэдэгдлээ.
 
Энэ тухай УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Тавантолгойтой холбоотой мэдээллийг судлахад Монголын ард түмний баялгийг бодитой цөөхөн хэсэг бүлэн хулгайчид идэж дуусаж байгаа юм байна.
 
Бүр улсын төсвөөс давсан хэмжээний том хулгай, дээрэм зохион байгуулалттай явагдаж байна. Тиймээс үүний эсрэг тэмцэхээр бид лобби бүлэг байгуулж байна.
 
Тодруулбал, нүүрсний хулгайтай тэмцэх ард түмний шаардлагыг дэмжиж байгалийн баялгаа хулгайчдаас хамгаалж, ард түмний хяналт мэдэлд өгөх, авлигатай тэмцэх лобби бүлгийг байгуулж байгааг УИХ-ын 28 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан. Үүнийг УИХ-ын даргад өгнө.
 
Эхний ээлжид хулгайг яаж цэгцлэх, авлигатай тэмцэх нь бидний том зорилго. Ингэхийн тулд "Эрдэнэс Тавантолгой" компанийн үйл ажиллагааг сар тутам, тогтмол мэдээлдэг болгоё. Өдөр тутмын худалдан авах ажиллагаа нь ил тод, хэн авсныг нь зарладаг хэлбэрт шилжүүлэх ёстой. Энэ зөвхөн "Эрдэнэс Тавантолгой" ХК бус "Эрдэнэт үйлдвэр" болон уул уурхайн баялагтай холбоотой бүх төрийн өмчит үйлдвэрийг ийм хэлбэрт шилжүүлэхээр явъя гэж бодож байгаа. Хоёрдугаарт, бид хууль хяналтын байгууллагынханд итгэхгүй байна.
 
Ард түмэн ч итгэхгүй байгаа нь харагдаж байгаа. Тэд энэ хэрэгт таван хүнийг зарлаад өнгөрөөх гэж байна, жинхэнэ хулгайчдыг зарлах шаардлагыг иргэд тавьж гудамжинд байнга жагсаж байна. Тиймээс бид УИХ-д өргөн баригдаад, хэлэлцэх эсэх нь шийдэгдчихсэн байгаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг яаралтай батлуулахаар тэмцэх болно.
 
Олон нийт хэн нь хулгайч болохыг бүгд мэднэ. Тэгж мэдээлснийхээ төлөө хулгайчдаас олж ирсэн орлогын 20-30 хувь, 40-50 хувийн ашгийг ард түмэн аваг. Шүгэл үлээсэн сэтгүүлчид, шударга иргэд аваг. Хэдэн зуун тэрбумаар нь идсэн асуудал дээр, нэг сая долларын олсон орлогын 200 мянгыг нь буюу 20 хувийг нь шүгэл үлээсэн хүмүүс нь аваг.
 
Түүнээс биш энэ асуудлыг хууль хяналтынхан шалгаж, шийдэж чадахгүй юм байна гэж харж ийнхүү лобби бүлгийг байгууллаа" гэв.
 
Үргэлжлүүлэн тэрбээр "Эрдэнэс Тавантолгой ХК-ийн захирал асан Д.Ариунболдыг би танина. Гэхдээ би дарга байхад нь танилцаагүй бөгөөд тэр үед холбоотой байсан зүйл байхгүй. Даргаасаа бууснаас хойш Говь-Алтай аймагт нэр дэвших боломж байна уу гээд тэр хүн надтай хамт явж байсан зүйл бий. Тэр хүнтэй холбоотой нэг ч хулгай огт байхгүйг хариуцлагатай хэлье.
 
Түүнчлэн бид АТГ-аас ямар хэрэгт холбогдуулж шалгасан тухай тайлбараа аваагүй байгаа” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
Ш.Раднаасэд: Шүгэл үлээгчийн тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0