Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буагантай уулзаж, агаарын тээврийн шууд нислэг, төмөр зам, далайн тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрлээ.
Сайд С.Бямбацогт “Монгол Улс, АНУ-ын хоорондын харилцаа, хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн бүх салбарт өргөжин хөгжиж байна. Энэ оны 5 дугаар сард багтаан Монгол, АНУ-ын хооронд Агаарын тээврийн хэлэлцээрт гарын үсэг зурах бэлтгэл хангахад хамтран ажиллах саналтай байна. Хоёр улс хооронд шууд нислэгтэй болсноор эдийн засаг, аялал жуулчлалын харилцаа өргөжин тэлж, иргэд хямд үнээр, богино хугацаанд нисэх боломжтой болно. Иймд нисэхийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулахад техникийн туслалцаа үзүүлэхийг хүсэж байна. Бид 2022 онд шинээр 3 төмөр зам ашиглалтад оруулж 3.5 сая.тонн ачаа тээвэрлэсэн. Энэ онд баруун, зүүн босоо чиглэлийн 2000 гаруй км төмөр замын төслийг эхлүүлнэ. Тиймээс шаардлагатай зүтгүүр худалдан авах, шуурхай татан авчрахад дэмжлэг үзүүлж, хуурай боомт, тээвэр, логистикийн төв байгуулахад туслахыг хүсье” хэмээв.
Элчин сайд Ричард Буаган хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагаа, Агаарын тээврийн хэлэлцээрийг батлуулахад онцгой анхаарал хандуулахаа илэрхийлснийг ЗТХЯ мэдээллээ.
АНУ-руу шууд нислэг үйлдэх боломжтой болно |