Нийгмийн даатгалын тухай багц хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д 2023 оны нэгдүгээр сарын 9-нд өргөн мэдүүлсэн билээ.
Тэтгэврийг жил бүр инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх, төлсөн шимтгэлтэй уялдаатай тэтгэвэр авах шударга тогтолцоо бүрдэх, хориос дээш шимтгэл төлсөн жил тутамд тэтгэвэр бодох хувийг 2029 оноос нэмэгдүүлэх, нас барсан тэтгэвэр авагчийн эхнэр, эсвэл нөхрийнх нь өндөр насны тэтгэврийн хэмжээг 20 хувиар нэмэгдүүлэх, тэтгэвэр бодох сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох дараалсан долоон жилийг таван жил болгох, нэрийн дансыг даатгалын сангийн орлого, зарлагын зохистой харьцаанд үндэслэн мөнгөжүүлэх зэрэг асуудлуудыг хуулийн төсөлд тусгажээ.
Уг хуулийн төслийг танилцуулах, санал авах уулзалт өнөөдөр боллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Анужин "1994 онд баталснаас хойш 26 жилийн хугацаанд 30 гаруй нэмэлт, өөрчлөлт орсон ч нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдөхийн хэрээр нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, даатгалын шимтгэлийн бодит хуримтлалыг бий болгох, тэтгэврийг шударга тогтоох, инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж нийгмийн даатгалын сангийн чадавхыг сайжруулах, нийгмийн даатгалын үйлчилгээг шуурхай, ил тод болгож цахимжуулах зэрэг арга хэмжээг хуульчлах шаардлага тулгарч байгаа тул хуулийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй байгаа" гэдгийг дурдсан юм.
Уулзалтын үеэр иргэд тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр хүртэх үр шимийг иргэдэд ойлгуулах, тэтгэврийн зээлийг зогсоож зөвхөн ахмадууд тэтгэврээ өөртөө зарцуулах боломжоор хангах хэрэгтэй байгааг хэлж байлаа. Байнгын хорооноос хуулийн төслийг танилцуулах, санал авах цуврал уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Тэтгэвэр тогтоох жилийг тав болгох заалтыг тусгасан хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо |
|