Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
М.Энхболд огцрох уу, У.Хүрэлсүх унах уу?
6 жил өмнө   1137
Ярвигтай ийм сонголтын өмнө Монгол Ардын нам зогсч байна. Хоёр ордны дундах хоёр “бурхад”-ын зодоон Монгол Ардын намыг хагалаад зогсохгүй төрийн хямрал болж хувирсныг улс төрд өрнөж буй үйл явдлаас бэлээхэн жишээлчихэж болно. Түүний нэг нь парламентын хамгийн залуу гишүүн гэгдэж явсан, У.Хүрэлсүхийн хуурай дүү нарын нэг Д.Гантулгыг улс төрөөс үдсэн явдал. Ингээд МАН 64 суудалтай, Монголын парламент 75-уулаа боллоо.
 
Мэдээж, овоо босгоогүй бол шагшрах шаазгай олдохгүй, Д.Гантулга хэрэгт холбогдоогүй бол У.Хүрэлсүхийн суудал ганхахгүй байв.
 
Зургадугаар сарын 14-нд 50 насных нь төрсөн өдөр нь тохиосон Ерөнхий сайдад намынхан нь олон ч сюрприз барьсны хамгийн сонирхолтой нь парламентаас Д.Гантулгын бүрэн эрхийг чөлөөлөх хүсэлтийг хүлээн авсан шийдвэр байв. Бүтэн жил олон нийтийн хэл амны зугаа болсон асуудал Ерөнхий сайдын төрсөн өдрөөр нэг тийшээ шийдэгдсэн нь санамсаргүй тохиолдол гэж хэлэхэд хэцүү ч, амьдралд бүх юм зүй тогтнолтой. Тэр тусмаа улс төрд.
 
Ирэх аравдугаар сард Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуульд МАН ялах, ялагдах нь олонхын бүлэгт төдийлөн ач холбогдолгүй ч, М.Энхболд, У.Хүрэлсүхийн аль алинд нь чухал. Товчхондоо, Хэнтийн 42 дугаар тойрог М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын сандал суудлыг, хэн нь үлдэж, хэн нь явахыг шийдэх төөрөг нь болж байна. Учир нь, М.Энхболдыг УИХ-ын даргаас огцрох асуудлыг бүлгийн залуу гишүүдийн нэг Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт тавьсан бөгөөд спикерийн ахлах зөвлөх Б.Гүнбилэгийн өгсөн тайлбар, МАН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “МАНАН-гийн бүлэглэлийг зайлуулна” гэх мэдэгдэл зэрэг нь УИХ ба Засгийн газрын аль, алиных нь орой дээр түймэр суунаглаж эхэлсний шинж тэмдэг билээ. МАН-ын дайн одоо л жинхнээсээ эхэлж байна. М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь үлдэж, хэн нь явах бол.  
 
Д.Гантулгын асуудлаар хуралдсан эрх баригч намын бүлгийн хурал дээрээ М.Билэгт гишүүний “Та нэр дэвших үү” гэсэн асуултад Ерөнхий сайд У.Хүрэлсүх өрсөлдөхгүй гэсэн нь өөрийнхөө хоолой дээр хутга тавьсантай адилхан үйлдэл болов. Угтаа улс төрийн карьераа бодвол У.Хүрэлсүх “Та наадмаар ноцолдох уу” гэсэн үгэнд ядаж л “ноцолдоно оо” гэж хариулах ёстой байсан юм. Чухам энэ үгийг эрх баригчид дундах эсрэг хүчин хүлээж байсан гэвэл бас худлаа болохгүй. Учир нь, засгийн болоод намынхаа залуурыг барьж яваагийн хувьд У.Хүрэлсүх нөхөн, дахин байсан ч намаа сонгуульд удирдаж орох дүрэмтэй. “Би өрсөлдөхгүй” гэсэн үг нь “2020 оны сонгуульд тэр намаа удирдаж орж чадахгүй” гэсэн сөрөг ойлголтыг өгөөд зогсохгүй, амь амиа бодоорой гэсэнтэй адилхан сонсогдож байна. Үнэндээ У.Хүрэлсүх Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөх, үгүй байлаа ч  М.Энхболдод ашигтайгаар эргэж мэдэхээр, Ерөнхий сайдын эмзэг цэгийг спикер цагаа олж нүүлээ. Харин Ерөнхий сайд хуурай дүүгийнхээ тойрогт хүч үзээд ялах юм бол улс төрийн өрөг дээрх спикерийн нүүдэлд У.Хүрэлсүх мад тавьж чадна. 
 
Гэвч, засгийн эрх, намын тамгатайгаа байж Хэнтийд өрсөлдөхөөс айж байгаагаа ил гаргавал, 2020 онд эрх баригчид У.Хүрэлсүхтэй уралдаанд орохгүй гэсэн үг. Яг ийм хэцүү сонголтын өмнө У.Хүрэлсүх зогсч байгаа бөгөөд сөрөг хүчнээс илүү өөрсдийн намынхан нь түүнийг Б.Чойжилсүрэнгийн хэлсэн алдарт үг шиг анхааралтай ажиглаж, анаж байна.  Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх тавьсан урхинд нь гүйгээд орохыг М.Энхболд хүлээж суугаа гэвэл чиг бас буруудахгүй, буруу ч биш. Улс төрд бол улстөрчдийн эрх ашиг л  нэгд шүү дээ.
 
У.Хүрэлсүх улс төрийн түүхэндээ нэг  удаа, тодруулбал, 2012 онд Монгол Ардын намын генсекээр ажиллаж байхдаа, УИХ-ын сонгуульд намаа удирдаж, чиглүүлж оруулсан. Гэвч, тэр эрх барьж байсан намаа эрх мэдлийн тойргийн гадна үлдээсэн нь үгүйсгэх аргагүй үнэн. 2008 онд МАН парламентад 45 суудалтай байсан бол 2012 онд 26 суудал авч цөөнх болгосны хариуцлагаа хүлээж, У.Хүрэлсүх намын генсекийн суудлаа Ж.Мөнхбатад шилжүүлж байсан нь зургаан жилийн өмнөх явдал.
 
М.Энхболдын хувьд ялагдсан үед нь МАН-ыг авч, ялалтад хүргэсэнтэй нь маргашгүй. 2012 оны УИХ-ын сонгуульд У.Хүрэлсүхийн ялагдуулсан МАН-ыг 2016 онд 65 суудалтай болгож, энэ их эрх мэдэл дагасан их хэрүүл авчирсан нь М.Энхболдын сайных биш ч гавъяа нь мэдээж түүнд оногдоно.
 
Өнөөдөр МАН-ынхан '60 тэрбум'-аараа чи, би дээ хүрч, З.Доржзодовын дэлгэсэн бичлэгийг хүлээн зөвшөөрч буй МАН-ын залуус нүүрээ таглаад М.Энхболдыгоо чичилж байна. Зүй нь нүүрээ дараад 'хулгайчийг бариарай' гэж хашгирах биш хулгайлж авсан төрийн эрхээсээ, хэрэвзээ 60 тэрбумын асуудлаа хүлээн зөвшөөрч байгаа бол ядаж ичиж байгаа залуус нь соёлтойгоор гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хэрэгтэй биш үү. Учир нь МАН хууль бусаар төрийн эрхэнд гарсан гэсэн үг.
 
Ийнхүү Хэнтийн 42 дугаар тойрогт өөрөө өрсөлдөж, ялалт байгуулах нь МАН-аас илүү У.Хүрэлсүхийн хувьд хамгаас чухал болжээ. М.Энхболдод эсрэгээрээ, МАН ялагдах тусмаа ашигтай байж болох. Ганцхан суудал алдлаа гээд МАН-д бол гарзгүй.
 
Монгол Ардын нам парламентад 65 суудалтай байхдаа бүлэг нь албан бусаар 32 ба 33 гэж хуваагдсан. Харин өнөөдөр 32:32 болж тэнцсэн хийгээд У.Хүрэлсүхийг дэмждэг 32-ын бүлгээс түүний эсрэг кноп дарах хүн ч олон болж. Улс төрд мөнхийн эрх ашиг гэдгийг харуулж, түүний татварын бодлогыг унагаахад Ч.Улаан, Ж.Ганбаатар нарын гишүүд идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн билээ.
 
Ийнхүү М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын хэн нь Д.Гантулгын хөлд чирэгдэх нь өнөөдрийн улс төрийн онцлох сэдэв, мөн олон хүний сонирхол татаж байна. Хоёулаа унаж, хожил нь Ерөнхийлөгчийнх ч болж мэдэхээр. Энэ мэтээр МАН-ынхан улсаа хөгжүүлэхгүй ч, ард түмнээ бодитоор хөгжөөсөөр байх нь дээ, ирэх хоёр жилд.
М.Энхболд огцрох уу, У.Хүрэлсүх унах уу?
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0