Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Б.Түвшинтөгс: Сүүлийн арван жилд бид Төсвийн тогтвортой байдлын хуулиа мөрдөөгүй
2 жил өмнө   470

Төсвийн шинэчлэл хэлэлцүүлэг өнөөдөр /2023.04.12/ боллоо. Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын 30 гаруй гишүүн өргөн барьсан билээ. Уг хуулийн төслийн зорилго төсвийн ил тод байдлыг хангах, төсөвтэй холбоотой мэдээллийг нийтэд ил тод байлгах, олон нийтийн хяналтыг бүрдүүлэх, төсвийн сахилга бат хяналтыг сайжруулах аж.

 
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга  Г.ТЭМҮҮЛЭН:
 

 
 
-УИХ-ын 30 гаруй гишүүнээс Төсвийн тухай хууль болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, төсөвтэй холбоотой 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Эдгээр хуулийн гол асуудал бид сүүлийн 10 жилд төсөв дээр дүн шинжилгээ хийж, алдаа оноо сургамжуудыг нэгтгэж, үүнээс гарах гарц, бодлогын баримт бичгийг боловсруулсан гэж ойлгож болно. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталснаас хойш 13 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан. 10 удаа батлагдах ёстой байсан төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвүүдэд тодотгол хийж, нийтдээ 20-30 гаруй удаа өөрчлөгдсөн. Энэ юуг харуулж байна вэ гэхээр төсвийн сахилга бат, хариуцлага байхгүй болжээ. Үүнээс улбаалаад төсөв алдагдалтай батлагддаг, эргээд төсвийн алдагдлыг өрөөр санхүүжүүлдэг дүр зураг бий болж байна.
 
Цаашид үүнд цэг тавих, хуулийн гаргалгаа хэрэгтэйг харуулж буй. Хууль батлагдсанаар төсвийн ил тод байдал, хяналтын асуудлыг оруулж ирнэ. Нэг талдаа олон нийтийн хяналт, төсөвтэй холбоотой мэдээллийн ил тод байдал учир дутагдалтай байлаа. Үндсэндээ төсвийн боловсруулалтын шатанд эхнээс авахуулаад иргэдийн оролцоотой болгоё, төсөвт хяналт тавих ёстой төсвийн тогтвортой байдлын зөвлөл буюу манаачийн үүрэг гүйцэтгэдэг байя. Төрийн аудитын байгууллага дуу хоолой болж дуугардаг байя. Эргээд гурвалсан холбооны үр дүнд төсвийн хяналт бий болгох юм.
 
Мөн тухайн жилийн гуравдугаар сарын 31-нээс эхлэн иргэд төсөвтөө оролцож, саналаа өгдөг, аудитын байгууллага дүн шинжилгээ хийдэг оролцоог хангаж өгөх юм.
 
Цаашдаа бид төсөвтэй холбоотой сахилга бат, хариуцлагыг хэрэгжүүлэхийн тулд төсвийн хуульд гар дүрдэггүй, төсвийн тогтвортой байдлын хуулиа сахин мөрддөг, төсвийн тусгай шаардлага буюу өр зээл, өрийн хязгаар төсвийн алдагдлын хязгаарыг мөрддөг байх, үүнд УИХ-аар өөрчлөлт оруулах болбол үнэмлэхүй олонхоор буюу ирц бүрдсэнээр хурал эхэлдэг байх гэх мэт хориг заалт, хязгаарлалтыг хийж өгнө.
 
Төсвийн тухай хуулиудад ямар нэгэн хууль зөрчсөн, үр ашиггүй зарцуулалт хийсэн, зориулалтын бус зардал гаргасан, үр ашиггүй төлөвлөлт хийсэн, үндэслэл тооцоо судалгаагүй төсвийг батлуулсан бол хариуцлага тооцох санкц байхгүй байна. Тиймээс бүх шатанд төсвийг төсөвлөх, төлөвлөж оруулж ирэхэд, ажлаас нь чөлөөлдөг байх, хариуцлага тооцдог байх эрх зүйн субъектийг Төсвийн тухай хуульд анх удаа оруулж ирж байна. Одоо мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд Төрийн албаны тухай хуулиар мөрдөгддөг. Өөрөөр хэлбэл, шаталсан арга хэмжээ авдаг. Энэ нь тухайн хүнд сануулах, цалингийн хувь бууруулах арга байдаг.
 
Төсөв бол ард түмэн, татвар төлөгчдийн мөнгө. Бид хариуцлагатай байх ёстой.
 
Тиймээс тусгайлж Төрийн албаны хуульд биш Төсвийн тухай хуульд хэрэв зөрчил гаргасан, татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй зардал гаргасан бол ажил, албан тушаалаас нь чөлөөлдөг гэх мэтчилэн хуулийн хязгаарлалт хийж өгч байна. Хуулийг чангатгаж байж илүү оновчтой зөв зүйлд зарцуулдаг хариуцлага санкц оруулж ирж буйгаар онцлогтой.
 
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.ТҮВШИНТӨГС:
 
 
 

"Сүүлийн арван жил төсөв хэт үрэлгэн явжээ. Яагаад хэт үрэлгэн байсан гэхээр хүүхдийн мөнгө, вакцины 50 мянган төгрөг гэх мэтээр бэлэн мөнгө их тараасан. Эдгээрийг хэрэгжүүлээгүй бол эдийн засаг ямар байх байсныг Тооцоолох ерөнхий тэнцвэрийн загвар ашиглан, орц гарцын хүснэгтээр симуляц хийсэн. Ингэхэд төсвийн зарлага ДНБ-ий 25 хувиас хэтрэхгүй байв. Өр тавих шаардлагагүй, өмнөх өрөө төлж, Засгийн газрын сахилга бат сайн, эдийн засаг дахь төрийн оролцоо бага байх байв. Бид 2017 оноос хадгаламжтай болох байжээ. Засгийн газрын өнөөдрийн үнэ цэнээр тооцсон өр 30 их наяд төгрөг болсон. Энэ өр бага байх байв. ДНБ-ий бодит өсөлт өнөөдрийнхөөс илүү байх байв. Учир нь Засгийн газар хадгаламжаа хөрөнгө оруулалтад зарцуулах байв. Өр тавьдаг биш 7.6 их наяд төгрөгийн хадгаламжтай Засгийн газартай байх байжээ. Ийм хэмжээний мөнгө эдийн засаг руу орох байв. Үүний зөвхөн хүүнээс жилд 900 тэрбум төгрөг олох боломжтой байсан. Энэ эх үүсвэрээ тэтгэврээ нэмэх гэх мэт зардлаа санхүүжүүлэх байв.  
 
Төрийн удирдлагаас бусад салбар тэр дундаа барилгын салбар ихээхэн хөгжих байв. Энэ бүхэн алдагдсан боломж.  
 
Сүүлийн арван жилд бид Төсвийн тогтвортой байдлын хуулиа мөрдөөгүй. Үүний уршгаар хувийн хэвшлийг эдийн засгаас шахан гаргав. Өрөөр эдийн засгаа санхүүжүүлсэн нь онцгүй. Энэ бол тогтворгүй эдийн засгийн загвар.
 
Засгийн газрын өр ханшийн нөлөөгөөр байнга өсдөг. Бид жилд 800 тэрбум төгрөгийг өрийн хүүнд төлж байна. Энэ бол маш их мөнгө" гэв. 

 

Б.Түвшинтөгс: Сүүлийн арван жилд бид Төсвийн тогтвортой байдлын хуулиа мөрдөөгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0