Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна
2 жил өмнө   404
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулж УИХ-ын чуулганд үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
 
 
Эрхэм монголчууд аа,
 
УИХ-ын дарга, эрхэм гишүүд ээ,
 
Монголчууд бид ардчилсан Үндсэн хуулиа баталж, зах зээлийн эдийн засагт шилжиж хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлоон хөгжүүлэх эрхэм зорилтыг тунхагласнаас хойш 30 жилийн хугацаа өнгөрлөө. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” хэмээн заасан байдаг. Ард түмэн энэхүү эрхээ бодитоор эдэлж байна уу? Ард түмний төлөөлөл иргэдийг үнэхээр төлөөлж байна уу? Хүмүүнлэг, иргэн төвтэй нийгэм цогцлоох чиг хандлага зөв явж байна уу? Эдийн засгийн өсөлт иргэдэд хүртээмжтэй байна уу? гэсэн асуултуудыг 30 жилийн заагт иргэд асууж байна. Эдгээр асуултын хариулт болсон суурь өөрчлөлтүүдийг цаг алдалгүй хийж чадахгүй бол ард түмэн ардчилсан парламентын засаглалд итгэл алдрах эрсдэл байна.
 
 
 
Тэгш бус байдал, баян ядуугийн ялгаа, авлига хээл хахууль, мөнгөнөөс хэт хамааралтай сонгууль, тогтворгүй засаглал, аливаа асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, бодит үнэнээс зугтаж ирсэн улс төрийн соёл зэрэг нь төлөөлдөггүй төлөөлөл хэмээх ойлголтыг гүнзгийрүүлж, сонгосон төлөөллөөс өөр төлөөлөл нийгмийг удирдан чиглүүлэх шинэ үзэгдэл үүсэж болзошгүй байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал хүчин зүйлс ч улс орнуудын, тэр дундаа хөгжиж буй улс орнуудын засаглал, хөгжлийн чиг хандлага, аюулгүй байдалд томоохон сорилтыг учруулж байна.  
 
 
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үндэслэл, гадаад дотоод нөхцөл байдлын талаар гурван зүйлийг товч дурдъя.
 
 
 
Нэгдүгээрт. Геополитикийн өөрчлөлт буюу олон туйлт дэлхий
 
Эх дэлхийн нөөц хомсдож, хүн төрөлхтөнд хүнсний хомсдол, байгаль цаг уурын дулаарал, цар тахал, байгалийн гамшигт үзэгдлийн олон сорилт тулгарсаар байна. Судлаачид дэлхий ертөнц цар тахлын өмнөх үедээ улс төр, нийгэм, соёл, амьдралын хэв маягийн хувьд дахин очих боломжгүйг онцолж байна.
 
Дэлхийн улс орнууд үнэт зүйлийн хувьд хуваагдаж, дайн үүсэх бодитой эрсдэл бий боллоо. Дэлхий дахин зэрэгцсэн өөр өөр үнэт зүйл, хүчний харьцаанд хуваагдаж, олон туйлт шинэ дэг журам үйлчлэх сорилттой нүүр тулж байна. Геополитикийн энэхүү нөхцөл байдал багадаа 10-15 жил, цаашлаад 50 болон түүнээс олон жил үргэлжлэх төлөвтэй байна.
 
Далайн шуурга дэгдэхэд далай, хад хоёр мөргөлдөж байна гэж харагддаг боловч шуурга намдахад аль аль нь хэвээр байдаг. Харин далайн амьтад л хад мөргөж эрсэдсэн байдаг. Их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнд хөгжиж буй улс орнууд л хамгийн их хохирол амсдаг хэмээн хэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн үгийг бид сайтар тунгаах учиртай. Дэлхийн хоёр том гүрний дунд оршдог, ардчилсан парламентын засаглалтай манай улсын хувьд тусгаар тогтнол, ардчилал, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хэрхэн хамгаалж, хөрвөх чадвартайгаар хөгжиж чадах эсэх нь энэ цаг үеийн Та биднээс ихээхэн ур ухаан, улс төрийн манлайлал шаардаж байна. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэгчлэн Улсын Их Хурлын төлөөллийн чадамжийг сайжруулж, нийгэм, улс орны тулгамдсан асуудлыг илүү олуулаа хэлэлцэн шийдвэрлэх нь үндэсний аюулгүй байдалд туйлын чухал алхам болно хэмээн үзэж байна.
 
Хоёрдугаарт. Нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах
 
1992 онд Ардын Их Хурлаар шинэ Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүний тоо 75-200 хүртэл олон хувилбар яригдаж, эрх мэдлийн төвлөрөл, төлөөлөх чадамжийн тухай ярилцаж байсан түүхэн баримтууд үлджээ. Нэг үгээр хэлбэл, иргэдийг төлөөлөх парламентын тооны мэтгэлцээн бол шинэ зүйл биш юм. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахдаа Улсын Их Хурлын гишүүдийн тоог тухайн үеийн нийт хүн амын тоонд үндэслэж, нэг гишүүн дунджаар 27 мянган иргэнийг төлөөлөхөөр тооцож, 76 гишүүнтэй байхаар хуульчилсан билээ. Өнөөдөр хүн амын тоо 1992 оноос нэг саяар нэмэгдэж, Улсын Их Хурлын нэг гишүүн дунджаар 45 мянга орчим иргэнийг төлөөлж байна.
 
УИХ-ын гишүүд нутаг дэвсгэрийн нэгжээс сонгогдож ирснээр улсын төсвийг тойргийн эрх ашигтаа нийцүүлэн батлуулах, сонгуулийн ажилд нь дэмжлэг үзүүлсэн боловсон хүчнийг төрийн албанд байршуулах, нутгархах үзэл хавтгайрах, сонгуульд мөнгөний хүчин зүйл нөлөөлөх, намын хатуу гишүүнчлэл нэмэгдэх үзэгдлүүд давамгайлсаар ирснийг өөрчлөхийн тулд энэхүү төслийн хувилбарт нутаг дэвсгэрийн болон нийгмийн төлөөллийг тэгш хангах зарчмыг тусгалаа.
 
Эргэх ертөнц арга билигт оршдог, эрэгтэй, эмэгтэй хүйс тэгш байж нийгмийн тэнцвэр хангагддаг шиг Нутаг дэвсгэрийн төлөөлөл, Нийгмийн сонирхлын төлөөлөл тэнцвэртэй байж төрийн бодлого зөв бөгөөд бодитоор тодорхойлогдоно.
 
Улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын хувьд бусад улс төрийн намуудыг төрийн бодлогод оролцуулах боломжийг нээж байгаа нь олон намын тогтолцоо бүхий ардчилсан парламентын засаглалын хөгжилд оруулж буй эрхэм үүрэг хэмээн үзэж байна. Бид ганцаар хурдан явахаас илүүтэйгээр олуулаа хол явахыг, дотоод өрсөлдөөнөөс илүү дэлхийн бусад улсуудтай хөгжлөөр өрсөлдөхийг илүүд үзнэ.
 
Гуравдугаарт. Эдийн засгийн их үсрэлт
 
Өнгөрсөн хугацаанд бид эхлүүлсэн төсөл олон ч дуусгаж чадсан нь цөөн. Дэлхийн их гүрнүүд их өгөгдөлд тулгуурласан хиймэл оюун ухааны бодолтоор хөгжлийн бодлого, загвараа урт хугацаанд тодорхойлж байна. Бид шатрын их мастеруудтай, пионер мадын нүүдлээр өрсөлдөж чадахгүй нь ойлгомжтой. Тойрог бүрд гишүүн бүхэн төлөвлөлт хийх гэж хичээж, Техник, эдийн засгийн үндэслэл, ажлын зургийн оронд сонгуулийн амлалт, сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, гоёмсог танилцуулгаар бие биеэ хуурсаар 30 жилийг үдлээ.
 
Нийслэл хотод 2016 оноос өнөөдрийг хүртэл Улаанбаатар хотыг хоёр бүтэн тойрох хэмжээний урттай 225 км зам баригдсан боловч, дүүрэг дүүрэгт тавигдсан хоорондоо холбогдоогүй мухар зам бий болжээ. Тойрог тойргийн эрх ашиг улсын хөгжилд хэрхэн сөргөөр нөлөөлдгийн энгийн жишээ энэ юм. 
 
Монгол Улсын иргэдийн амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, цалин, тэтгэврийн нэгдсэн бодлого болон боомт, тээвэр логистик, аж үйлдвэржилт, эрчим хүч, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэр зэрэг эдийн засгийн томоохон төслүүдийн хэрэгжилтэд хязгаарлах хүчин зүйл болсныг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.
 
Хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид бодлого нь тодорхойгүй, залгамж чанаргүй, нэгдсэн төлөвлөлтгүй төрийн бодлогоос шалтгаалж, хэчнээн хэмжээний боломж алдсаныг, ямар хэмжээний сорилттой тулгарч ирснийг тоочоод баршгүй.
 
Өнөөдөр миний бие өнгөрснийг шүүхийг хүсэхгүй байна. Харин өчигдрөөс илүү маргаашийн төлөө энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийх нь зүйтэй хэмээн үзэж байна. “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжиж, уул уурхайн далд эдийн засаг ил болж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт цар тахлын оргил үед -4.6 хувь хүртэл агшсан бол 2023 оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцооллоор 7.6 хувийн өсөлтөд хүрч, экспортын орлого 9.2 тэрбумаас 12.5 тэрбум ам.долларт хүрч, Дотоодын нийт бүтээгдэхүүн 43.5 их наядаас 52.9 их наяд төгрөгт хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрлээ.
 
Улс орнуудын эрчимтэй хөгжлийн гараа нь нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн 10.000 ам.долларт хүрснээр эхэлж, иргэдийн амьдралын чанар бодитоор сайжирч, ардчиллын үнэт зүйл жинхэнэ утгаар бэхждэгийг “Азийн бар” улсууд болон бусад хөгжсөн улс орнуудын түүх нотолдог. Энэ өөрчлөлт эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн гараа байх боломжтой. Улсын төсвийг тэгшитгэн хувааж, асуудлыг гал унтраах байдлаар аргацааж, сонгуулиас сонгууль дамжсан амлалтад тамирдсан тойрогт шүтсэн тогтолцоог халж, улс орны хөгжлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой эдийн засгийн томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлэх нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.
 
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
 
Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хурлын 76 гишүүнийг тойргоос, 76 гишүүнийг хувь тэнцүүлж сонгох Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж байна. Энэхүү төслийг боловсруулахдаа,
  •  2000, 2011, 2015, 2017 онуудад өргөн барьсан Үндсэн хуульд өөрчлөлт хийх саналуудад тусгасан хүн амын өсөлтөд нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүний тоог тэнцүүлэх төсөл,
  • Монгол Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс зохион байгуулсан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэг,
  • Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангах тухай Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01, 02 дугаар тогтоол,
  • “Улсын Их Хурлын гишүүдийн тоог шинэчлэн тодорхойлох, Улсын Их Хурлын сонгуулийн дэвшилтэт тогтолцооны зарчмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөөр оруулах төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”-ийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан Улсын Их Хурлын 2022 оны 54 дүгээр тогтоол,
  • “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн саналыг судлах сэдвийн хүрээ”-г тодорхойлж, үүнд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгасан Улсын Их Хурлын 2022 оны 34 дүгээр тогтоол,
  • Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолоор зохион байгуулсан “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулга,
  • Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хүрээнд “сонгуулийн холимог систем бүхий олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих”, “сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмж, Улсын Их Хурлын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгах” тухай улс төрийн 21 намын хамтарсан уриалга, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын зөвшилцөлд тулгуурласныг онцлон тэмдэглэж байна. 
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл батлагдсанаар:
 
  • Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүнд ногдох эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна.
  • Нутгархах, тойрогжих хандлага хоёр дахин буурч, улсын төсвийн хөрөнгө оруулалт нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэхэд илүүтэй төвлөрөх болно.
  • Сонгодог парламентын мэтгэлцээний соёлд шилжиж, хууль хэлэлцэн батлагдах чанар хоёр дахин сайжирна.
  • Парламентын дархлаа хоёр дахин нэмэгдэж, аливаа нөлөөлөлд өртөх эрсдэл хоёр дахин буурна.
  • Улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийн чиг хандлага өөрчлөгдөж, бодлогын нам болж төлөвших эхлэл тавигдана.
  • Нийгмийн бүлгүүдийн дуу хоолой хоёр дахин нэмэгдэж, хилийн чанадад ажиллаж амьдарч буй монголчуудын сонгуульд санал өгөх эрх нээгдэнэ.
  • Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын хяналт тэнцлийн зарчим хангагдана.
  • Жендэрийн тэгш байдлын төлөөлөл, нийгмийн сонирхлын бүлгүүд, багш, эмч, инженер, техникийн ажилтнууд, сэхээтнүүд, малчин, тариаланчид, оюутан залуучууд, ахмад, дунд үеийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, үйлдвэрчний эвлэл болон ажилчдын төлөөлөл, нийгмийн цөөнхийн төлөөлөл төрийн бодлого тодорхойлоход оролцох чадамж хоёр дахин нэмэгдэнэ.
 
 
УИХ-ын эрхэм гишүүд ээ,
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан хувилбараар батлагдвал өмнөх 30 жилийн алдаа оноог залруулж, ирэх 30 жилийг шинээр эхлүүлэх түүхэн реформ болно гэдэгт итгэлтэй байна.
 
Монгол Улсын Засгийн газар улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын зөвшилцөл, судлаач эрдэмтдийн олон жилийн зөвлөмжид нийцүүлж, түүхэн цаг хугацааны өмнө эс үйлдэл хийхийг хүсээгүй учраас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг өргөн барьж байна. Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэж, эцэслэн батлах эрх гагцхүү УИХ-д байгаа тул түмнээ төлөөлсөн төрийн эрхэм түшээд Та бүхний ирээдүйг харсан мэргэн ухаанд найдаж байна.
 
Л.Оюун-Эрдэнэ: Иргэдийн төлөөлөх эрх хоёр дахин нэмэгдэж, УИХ-ын гишүүний эрх мэдлийн төвлөрөл хоёр дахин багасна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0