Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Сайд Ц.Нямдорж шүүхийг татан буулгана гэв
6 жил өмнө   1418
УИХ-д өргөн бариад буй Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газрын (мөн түүний харьяа байгууллагуудын) шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргах хуулийн төслөө сайд Ц.Нямдорж ингэж тайлбарлажээ. Тэр “Шүүх улс төрийн захиалгаар шийдвэр гаргаж, Засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулж байна” гэв. Мөн нэгэн цагт Захиргааны шүүхийг байгуулсан би вээр одоо буцаагаад татан буулгасан ч чадна шүү хэмээн шүүхийнхнийг сүрдүүлэв.
 
Монголд Ц.Нямдорж шиг “аатай” хүн алга аа. Уг хуулийн төслийг Хууль зүйн яамны сайтад тавьснаас хойш хуульчдын дунд өрнөсөн онолын мэтгэлцээн, санал шүүмжлэлүүд Ц.Нямдорж сайдын энэ аархлын хажууд юу ч биш юм байна. Шүүх байх, байхгүйн ганц шалгуур нь шүүхийн шийдвэр түүний талд гарч байх ёстой. Хэрвээ тэгэхгүй бол шууд “улс төрийн захиалга гүйцэтгэгч” болж хувирна. Ийм энгийн зүйлийг ойлгохгүй хаа хамаагүй шинжлэх ухаан, онол номлол ярьж хий дэмий цаг, нервээ барсан хуульчдын армийг өрөвдөх ч шиг.
 
Онолын хувьд Засгийн газрын шийдвэрийг улс төрийн буюу бодлогын, захиргааны гэж хоёр ангилаад байгаа юм. Улс төрийн гэдэг нь Засгийн газрын УИХ-аар батлуулж буй шийдвэрүүдийг хэлж байна. Нөгөө хүүхдийн мөнгө, Насны хишиг, Тавантолгойн хувьчлал, цахилгаан станц байгуулах гэх мэт. Сонгуулиар эрх авсан нам мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө хийж хэрэгжүүлж байгаа алхмуудыг хэлж байна.
 
Энэ төрлийн шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй. Энэ тухай Захиргааны ерөнхий хуулийн “Хуулийн үйлчлэх хүрээ” хэсэгт тусгайлан заагаад өгчихсөн. Манай Засгийн газрууд нефть боловсруулах үйлдвэрийн шавыг зургаа дахиа, Сайншандад аж үйлдвэр паркийн шавыг хоёр дахиа (өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд өөрийн биеэр яваад ирсэн) тавьж чадаж байгаагийн шалтгаан энэ. Улс төрийн буюу бодлогын шийдвэр учраас хэн ч хэдэн ч удаа баталж, бас хэдэн ч удаа буцаж болдог. “Яагаад энэ шийдвэр чинь хэрэгжихгүй байна аа?” гэж аль ч шатны шүүх асуухгүй.
 
Харин захиргааны шийдвэр гэдэг нь Засгийн газраас (мөн түүний байгууллагуудаас) хууль хэрэгжүүлэх эрхийнхээ хүрээнд гаргаж буй хувь хүн, хуулийн этгээд рүү чиглэсэн, эрх үүсгэж, үүрэг оногдуулсан, үйлчлэл үр дагавар хувь хүн, хуулийн этгээдэд шууд тусдаг шийдвэрүүдийг хэлж байгаа юм. Концесс батлах, тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, эсхүл ажилд томилох, чөлөөлөх гэх мэт. Үүнийг нь “захиргааны акт” гэж нэрлээд, эдгээр нь Монгол Улсын хуулийг зөрчсөн тохиолдолд захиргааны хэргийн шүүх хянаж үзэхээр хуульчилсан байна. 2015 онд баталсан, одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Захиргааны ерөнхий хууль ийм.   
 
Харин Ц.Нямдорж сайдын өргөн барьсан хуулийн төсөлд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй” гээд биччихсэн байгаа. Нөгөө дээр хэлсэн улс төрийн шийдвэр болоод захиргааны актуудыг бүгдийг хамруулаад нийтэд нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлээс хасаад хаячихсан. Төсөл хөтөлбөр баталсан ч, тусгай зөвшөөрөл цуцалсан ч, хэн нэгнийг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан, чөлөөлсөн ч шүүх түүнийг нь авч хэлэлцэхгүй гэсэн үг.
 
Захиргааны хэргийн шүүх бол захиргааны байгууллагын үйл ажиллагаа хуульд нийцэж буй эсэхийг хянадаг байгууллага. Захиргааны байгууллагын хууль зөрчсөн шийдвэр, үйл ажиллгаанаас хэн нэгэнд хохирол учирвал шүүх уг шийдвэрийг цуцалж, хохирсон иргэн, аж ахуйн нэгжийн эрхийг сэргээдэг. Бусад төрөлжсөн шүүхтэй яг адил. Хэрвээ захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа шүүхээр хянагддаггүй болчихвол Захиргааны хэргийн шүүх гэж байх нь ч утгагүй болно. Тиймээс мань хүн “Шүүхийг татан буулгасан ч миний дур” гэж аархаж байгаа хэрэг.
 
Ингэхэд нэгхэн хүний дур зоргоос шалтгаалж, шүүх байх байхгүй нь шийдэгддэг байж болох уу? Тэр тусмаа “Шүүх миний талд шийдвэр гаргасангүй” гээд шүүхийг татан буулгах нь хуулийн засаглалтай, ардчилсан улсад байж болох үйлдэл үү? Тэгээд энэ тухай өөр хэн ч биш, Хууль зүйн сайд нь өөрөө ярьж явж болох уу?
 
А.ЦЭЛМЭН
Сайд Ц.Нямдорж шүүхийг татан буулгана гэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0