Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2023 онд худалдан авсан ногоон автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх хянан шалгах түр хороо өнөөдөр /2024.04.01/ хаалттай хуралдаж байгаа юм. Тус хуралдаанаар шинжээчдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Тэгвэл УИХ-ын гишүүн, Түгжрэлийг бууруулах түр хорооны дарга асан Ж.Сүхбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Автобусны худалдан авах үйл ажиллагааг хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж шинжээчдээ томилж байгаа юм байна гэж ойлгосон. Миний бие тус хороонд байдаггүй учраас нарийн мэдээлэл байхгүй байна. Хянан шалгах шинжээч нь материалаа цуглуулж, сонголд хэн хэнийг дуудахаа шийддэг журамтай. Хуульд заасан журмын дагуу сонголд намайг дуудвал очно.
УИХ-ын хянан шалгалтын тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байсан. Хөгжлийн банкны хэргийг хянан шалгах түр хорооны даргаар ажиллаж байсан хүний хувьд хуульд заасны дагуу намайг сонсголд оролц гэвэл оролцоно. Энэ удаагийн сонсголын хүрээний хувьд их явцуу юм билээ. Ногоон автобусны худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудал одоогоор шүүхэд шилжчихсэн байна. Шүүгч хэрэгтэй танилцах ажиллагаа явагдаж байна. Анх гэрчээр дуудаж байсан бол одоо яллагдагчаар дуудаж мэдүүлэг авч байгаа. Ногоон автобуснууд хааччихсаныг хэлж мэдэхгүй. Эхний 20 автобусыг хүлээж авсан. Асуудал хэл ам үүссэн нь 80 автобус байхгүй юу. Тухайн 80 автобустай холбоотой хэл ам яагаад нийгэмд бий болсон гэхээр хотын дарга бид хоёр Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулсан. Тэдгээр автобусыг албан ёсоор хүлээж аваагүй байсан. Эдгээр 100 автобус хэрэгт татагдаад байгаа Г.Ганхуягийн мэдэлд байгаа гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.
Би өөрийгөө гэм буруутай гэж үзэхгүй байна. Би хууль бус зүйл хийгээгүй. Намайг буруутгаж байгаа шалтгаан нь анхны 20 автобусыг хүлээж авах үед хууль бусаар үүрэг даалгавар өгч нөлөөлсөн байна гэж үзсэн.
Энэ асуудлыг нотлох тодорхой баримт байхгүй байгаа. Заавал нэг гэм буруутай хүн тодруулах, тэр нь өндөр албан тушаалтан байх ёстой, тэр нь би болж таараад байна. Улстөрч хүний улс төрийн ажил амьдрал нь бүр мөсөн дууссан тэр цаг үеэс л эхэлдэг. Тиймээс өнөөдөр гэм буруугийнхаа асуудлыг шийдүүлээгүй байж улс төрийн үйл ажиллагаагаа дууссан гэж хэлж чадахгүй.
Хэн хэнийг ч ямар нэг байдлаар буруутгаж болно. Өнөөдөр улс төрд ял авчихсан хүмүүс ч байж байна. Янз бүрийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс ч байна. Миний хувьд хэрэг шүүхэд шилжээд, хэлэлцэгдээд явж байна. Би өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотолно. Анхны 20 автобусыг оруулж ирэхэд миний бие нөлөөлсөн бол сүүлд орж ирсэн 80 автобусыг яаж олон нийтэд нээлттэй танилцуулах юм бэ. Сайдын албан тушаал хашиж байхдаа ийм хэрэгт нэр холбогдоно гэж бодоогүй. Тиймээс ёс суртахууны хувьд энэ удаагийн сонгуульд нэр дэвших боломжүй. Хэрэв энэ асуудалд холбогдоогүй бол мэдээж нэр дэвших байсан” хэмээв.
Ж.Сүхбаатар: Сайдын албан тушаал хашиж байхдаа ийм хэрэгт нэр холбогдоно гэж бодоогүй |
|