Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ.
Тэрээр " Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа олон жил тулгамдсан суурь реформын асуудалд анхаарал хандуулсаар ирлээ. Суурь асуудал шийдэгдэхгүй бол түүнээс улбаалсан зовлон хэзээ ч арилахгүй нь тодорхой юм.
Энэ удаа Монгол Улсын Засгийн газраас хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “20 минутын хот” концепцийг хэрэгжүүлэх эрхзүйн цогц реформыг Улсын Их Хуралд өргөн барьж байна.
Энэ эрхзүйн реформд хот тосгоны эрхзүйн байдал, нутаг дэвсгэрийн нэгж, зарим шинэ хотуудын эрхзүйн орчин, УИХ-аас гаргах санхүүгийн эх үүсвэрийн зарим тогтоол багтсан болно.
Монгол улс нийслэл Улаанбаатар хотын засаг захиргааны бүтцэд 1960 оны долдугаар сарын 06-нд дөрвөн районтойгоор, түүнээс 32 жилийн дараа 1992 оны нэгдүгээр сарын 13-нд, есөн дүүрэгтэйгээр өөрчлөн зохион байгуулсан бол тэр цагаас хойш өнөөдөр мөн 32 жил өнгөрчээ.
Энэ нь нийслэл Улаанбаатар хотод эрс, мөн цогц реформ хийх цаг хугацаа болсныг харуулж байна.
Нийслэл Улаанбаатар хот Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувь ч нийт хүн амын 50 гаруй хувь нь төвлөрөн амьдарч байна. Нийслэлд дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь үйлдвэрлэгдэж, худалдаа үйлчилгээний 84.0 хувь, аж ахуйн нэгжүүдийн 70.0 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, бүртгэлтэй авто машины 84 хувь нь төвлөрч байна. Нийслэлийн 35,206 га эдэлбэр газрын ердөө 700 га газар буюу Их тойрууд төрийн 140 байгууллага, Төрийн ордны байрлах хэсгийн 86-хан га талбайд Монгол Улсын хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын эрх мэдэл бүхэлдээ төвлөрсөн байна.
Засаглал бүхэн харилцан хяналт тэнцэлтэй байхын тулд эрх мэдлийн байршил салангид байх учиртай. Ингэж байж сайн засаглал бүрдэх, эрхзүйт төр төлөвших суурь зарчим хангагдахаас гадна, аюулгүй байдал, мөн хэт төвлөрлийн асуудал бүрэн шийдвэрлэгдэх болно. Товчхондоо Ерөнхий сайдын хувьд нийслэлийн хэт түгжрэл бол эрх мэдлийн хэт төвлөрөл гэдэг улс төрийн дүгнэлт хийж байна.
Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд асуудлын илэрч буй шинж тэмдэгт төвлөрөх бус асуудлыг үүсгэгч шалтгаанд төвлөрөх нь хамгийн чухал байна. Нийслэлийн асуудал шийдэгдэхгүйгээр улсын асуудал шийдэгдэхгүй ээ. 11-11 төвд ирж байгаа гомдлын 70 гаруй хувь нийслэлтэй холбоотой асуудал байсаар байна. Нийслэлийн асуудал Улсын Их Хурал, Засгийн газрын асуудал биш гэж галаас зугтсаар байвал Та бид асуудлаа бүр л илүү хуримтлуулна. Нийслэлд асуудлаа бие даан шийдвэрлэх эрх мэдэл ч, төсөв ч байхгүй байсныг бид хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Нийслэлийг харах ойлголтоо өөрчлөхгүйгээр бид асуудлын шийдлийг бүтэн олж харахгүй. Нийслэлчүүд, иргэдийн маань хувьд ч асуудлыг харахаас илүү асуудлын уг үндэс дээр нийгмийн мэтгэлцээнийг өрнүүлмээр байна.
Үүнд дөрөв дэх засаглал болсон хэвлэл мэдээллийн байгууллагууд ч онцгой анхаарал хандуулахыг хүсье. Энэ дашрамд, нийт хэвлэл мэдээллийнхэндээ дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэнд дэвшүүлье.Нутаг дэвсгэрийнхээ 0.3-хан хувийг хот, бусдыг нь хөдөө гэж нэрлэчихээр нийслэлийн иргэн байх гэсэн энгийн өрсөлдөөн ч иргэдийн дунд байсаар ирсэн нь нууц биш ээ. Тиймээс бид ойлголт болон хандлагын түгжрэлээ мөн тайлах шаардлагатай болж байна.
Засгийн газраас өнөөдөр өргөн барьж буй 20 минутын хот эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно.
Нэг. Нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндий буюу Шинэ зуун мод хот, Шинэ Хархорум, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх, цаашид бүс бүхэн, боомт бүр улсын зэрэглэлтэй хоттой болох эрхзүйн боломж нээх юм.
Хоёр. Нийслэл Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ. Үүнд:
-Хан-Уул хот
-Яармаг хот
-Буянт-Ухаа хот
-Сонгинохайрхан хот
-Толгойт хот
-Баянхошуу хот
-Өнөр хот
-Баянгол хот
-Чингэлтэй хот
-Сэлбэ хот
-Сүхбаатар хот
-Дарь-Эх хот
-Баянзүрх хот
-Амгалан хот,
Эдгээр хотод иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минут дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим төлөвлөлт бүхий нэгдсэн стандарт тогтоох юм.
Гурав. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн хотын статустай томсгох, ингэснээр манай хороодын удирдлагууд шууд төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй болно. Нэг үгээр хэлбэл, дамжуулагчийн үүргийг эцсийн шийдвэр гаргадаг нэгж болгоно.
Эрүүл мэнд, боловсрол, онцгой, цагдаа, нийтийн тээвэр, нийгмийн хөгжил, соёлын цогц үйлчилгээнд явган, дугуйн зам, усан бассейн, фитнесс клубээс эхлээд амьдралын чанарын бүх үйлчилгээ 20 минутын дотор очих байдлаар шинэчлэн зохион байгуулах, шаардлагатай хөрөнгийг улсын төсвөөс шийдвэрлэх, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн эрхзүйн орчныг хангаж өгөхөд чиглэнэ.
Дөрөв. Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн.
Бага тойруугаас-Хөшигийн хөндийг Дүүжин гүүр болон туннелээр шууд холбож 20 минутийн дотор Төрийн ордны Чингисийн хөшөөнөөс Чингис хаан нисэх онгоцны буудалд шууд очдог байх юм.
Энэхүү холбоос гүүрийг “GoMongolia” буюу Өөдлөн тэмүүлэх Монгол гэж нэрлэнэ. Энэ хуулийн хүрээнд энэхүү гүүрэн байгууламжид Засгийн газрын баталгаа гаргах асуудал хамт орж байгаа гэдгийг хэлье.
Тав. Аймгийн төвүүдийг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустай бие даан хөгжүүлэх асуудал энэ хуулийн хүрээнд мөн туссан болно.
Энэхүү хууль батлагдсанаар:
- Дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалт, татварын таатай орчныг бий болгоно.
- Тээвэр логистикийн нэгдсэн төвийг байгуулж, хөгжүүлснээр орон нутаг, бүс, олон улсын логистикийг сайжруулна.
- Орон сууцжуулах төсөл хэрэгжүүлж, нийслэлээс иргэд шилжин суурьших, төрийн байгууллага, их, дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нүүлгэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байна" гэлээ.
Л.Оюун-эрдэнэ: Улаанбаатар хотод эрс, мөн цогц реформ хийх цаг хугацаа болсныг харуулж байна. |
|