Либетари Намыг Улсын Дээд Шүүх(УДШ) бүртгээгүй тул Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан Нам(АН)-тай хамтарч оролцохоор болсон.
Ингэхдээ Либертари Намын дарга Д.Амартүвшинг Сүхбаатар, Чингэлтэйн тойрогт нэр дэвшүүлж, мөн тус намын хоёр гишүүнийг АН-ын жагсаалтад багтаах тохиролцоо хийсэн байжээ. Гэвч үүндээ хүрээгүй тул нэрээ татацгааж байгаагаа өнөөдөр мэдэгдлээ.
Либертари Намын дарга Д.Амартүвшин "Тойрог дээр хүмүүстэйгээ уулзаад яагаад чөлөөт зах зээл байх ёстой вэ, яагаад татвар ийм өндөр байна вэ, яагаад бид данхар төртэй байна вэ, энэ нь эргээд бидний эдийн засгийг, амьдралыг боомилж байна шүү гэдгийг нүүр нүүрээ хараад ярилцах нь чухал байлаа.
Сүхбаатар дүүрэгт ЖДҮ авсан, цүнх барьдаг, эрх чөлөөнд халтай хүмүүс нэр дэвшиж байгаа тул байх ёстой газар нь тавьж, хүчийг үзье гэж бодож байсан. Гэтэл нэг дэх өдрийн шийдвэрээр боломжгүй боллоо. Бид листэнд орох сонирхолгүй байна. "Угжны хурга" биш, тойрог дээр очоод нөгөө хүмүүстэй өрсөлдье гэсэн ч болсонгүй. Бид листнээс нэрээ татаж байна. Ямартай ч боломж олгосон хүмүүст баярлалаа" гэв.
Мөн тэрбээр "Монголд үзэл санааны манлайлал хийх маш том орон зай байгааг ойлголоо. Үзэл санаа, чөлөөт зах зээл, хувь хүний эрх чөлөө ярьдаг тэр орон зай атаршсан байна. Энэ талбар руу явж, манлайлж, улс төр хийх чин хүсэл эрмэлзэлтэй болсон. Маш олон зүйлийг ойлгож авлаа" хэмээлээ.
Түүнээс АН-ын дарга Л.Гантөмөрт хандаж хэлэх үг бий юу гэхэд "Монгол хүний За бол андгай байх ёстой гэдэг. За бол за л байх ёстой. Түүндээ хүрч чадсангүй. Иймд бид нэрээ татаж байна" гэсэн юм.
Д.Амартүвшин: "Угжны хурга" биш тул АН-ын жагсаалтаас нэрээ татаж байна |
|