Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
МАН-ын бүлэг энэ парламентын отгон хуралдаанаа хийлээ.
6 сар өмнө   232
МАН-ын бүлэг энэ парламентын отгон хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийын дарга Д.Тогтохсүрэн "Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацааны ажлаа дүгнэж отгон хуралдаанаа хийлээ. Бүлэг өнгөрсөн хугацаанд 126 удаа хуралдсан. Үүнээс давхардсан тоогоор 300 гаруй хуулийн төсөл хэлэлцүүлжээ. УИХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 2000 орчим хуулийн төсөл хэлэлцүүлсэн. Үүний гол ачааг манай нам үүрсэн.
 
      Энэ хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль, Боловсролын багц хууль, Баялагийн сангийн хууль, Мэдээлэл технологийн багц хуулиуд зэрэг чухал хуулиудыг хэлэлцлээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай нам эв нэгдэлтэй, хариуцлагатай сайн ажилласан" гэлээ. Энэ үеэр сэтгүүлчид асуулт асууж хариулт авлаа.
 
    -Хаврын чуулганыг энэ лхагва гарагт хуралдуулж, завсарлуулах юм байна. Энэ парламентын хугацаанд хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдээ дараагийн парламент руу шилжүүллээ. Хүний эрхийн асуудалтай холбоотой гол хуулиудаа хэлэлцэхгүй байгаа нь ямар учиртай вэ?
 
     -Хэлэлцэхээр шийдсэн хуулиудаа бараг дуусгасан. Энэ хаврын чуулганаар Баялагийн сангаас эхлээд хөдөө аж ахуйн хуулиудаа баталсан. Харин Үндсэн хуулийн цэцийн болон Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Жагсаал цуглаан зохион байгуулахтай холбоотой хуулийн төслүүд дээр ажлын хэсгүүд ажиллаж байна. Ажлын хэсгүүд санал дүгнэлтээ нэгтгээгүй учраас хэлэлцэж амжихгүй юм байна. Энэ баасан гарагт 50-60 хууль батлахаар бэлтгэж байгаа.
 
     -УИХ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бүрэн хугацаандаа хоёр ч удаа Засгийн газарт төсөвтэй холбоотой бүрэн эрхээ шилжүүлэх арга хэмжээ авсан. Хэдийгээр хамтарч ажиллах онцгой нөхцөл байгаа ч УИХ Засгийн газарт хяналт тавьж ажиллаж чадсан уу?
 
    -Түргэн шийдэх асуудлууд байсан. Цар тахлын үед хүний нөөцийн зарим асуудалд эрх шилжүүлэх асуудал үүссэн. Мөн малчдын зээлийг хөнгөлөхтэй холбоотой эрх шилжүүлэх ганцхан зохицуулалт хийх эрх олгосон.  Энэ бол 30-50 орчим тэрбум төгрөгийн асуудал байсан. Түүнээс Их хурал бүрэн эрхээ шилжүүлсэн асуудал байхгүй. УИХ, Засгийн газрын хяналт тэнцэл хангагдаж чадахгүй байна гэдэг агуулгаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмсэн.
 
    -Гишүүдийн ирц ямар байгаа вэ?
 
    -Муу ирцтэй парламент байгаагүй. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гишүүд тойрогтой ажиллахтай холбоотой ганц нэг Байнгын хороодын хуралдааны тов хойшлох асуудал байсан. Бид хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх технологи нэвтрүүлсэн. Тиймээс ирц дээр асуудал гараагүй. Бүлгийн ирц дээр таагүй оролцоотой гишүүд байсан. Үүнийгээ сард нэг удаа дотоод асуудлаа ярьж байсан.
МАН-ын бүлэг энэ парламентын отгон хуралдаанаа хийлээ.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0