Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Д.Тогтохсүрэн: Муу ирцтэй парламент гэж хэлж болохгүй
6 сар өмнө   136
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2024.06.03/ отгон хуралдаанаа хийлээ. УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд буюу дөрвөн жилийн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 126 удаа хуралдаж, 320 гаруй асуудлыг хэлэлцсэн бол 2000 орчим хууль, тогтоолын шийдвэр хэлэлцсэн байна.  Энэ асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Гол ачааллыг манай бүлэг авч ажилласан. УИХ өнгөрсөн хугацаанд 2000 гаруй хууль, тогтоолын төслийг хэлэлцэж, шийдвэрлэсэн байна. Үүнд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, Боловсролын багц хууль, Сонгуулийн тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль, Баялгийн сангийн тухай зэрэг олон чухал хуулийг баталлаа. Бид эв нэгдэлтэй, хариуцлагатай байснаар тодорхой үр дүнд хүрсэн. Өнгөрсөн хугацаанд хурууны хээний технологийг нэвтрүүлснээс хойш УИХ-ын чуулганы хуралдаан, бүлгийн болон бусад хуралдаанууд цагтаа эхэлж хуралдсан. Бүлгийн зарим гишүүн цаашид бүлгийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой саналуудыг ч хэллээ” гэв.
 
Дараа нь сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
 
-Хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг баталж чадах уу. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэхчлэн иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой хуулиуд дараагийн парламент руу шилжих боллоо?
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
 
-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, УИХ-ын гишүүдээс өргөн барьсан маш олон хуулийг баталсан. Баялгийн сангийн тухай хуулиас эхлээд Хөдөө аж ахуйн салбартай холбоотой маш олон хуулийг баталсан.
 
Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульддээр аэжлын хэсэг ажиллаж байна. Хүний эрхтэй холбоотой хуулиудад ажлын хэсэг ажиллаж байна. Хуулийн төсөл дээр ажлын хэсэг гарч ажиллахдаа төрийн байгууллагын оролцоог хангах ёстой. Энэ шалгуур хангасан тохиолдолд хуулийн төсөл УИХ руу орж ирдэг. Эл оролцоо хангагдаагүй учраас эдгээр төслүүд дараагийн парламент руу шилжиж байна. Бүх юм уламжлагддаг учраас дутуу асуудлыг гүйцээгээд дараагийн парламент хэлэлцээд явна. Лхагва гаригт УИХ-ын чуулганыг өндөрлүүлнэ, 50 гаруй хуулийн төслийг эцэслэж батлахаар хүлээж байна.
 
-Өнөөгийн парламентыг түүхэндээ хамийн муу ирцтэй парламент гэж шүүмжилж байна?  
 
-Муу ирцтэй парламент гэж хэлж болохгүй л дээ. Харин ч хамгийн сайн ирцтэй байсан парламент гэж хэлнэ. Статистик тоон мэдэлэл харахаар цагтаа хуралддаг парламент байгаа. Өнгөрсөн дөрвөн сард гишүүд тойрогт ажилласантай холбоотойгоор ганц нэг Байнгын хороо хойшилсон тохиолдол бий.
 
Нэг том ололт бол энэ парламент хурууны давтагдахгүй өгөгдлөөр ирцийг бүртгэдэг болсон учраас ирцэн дээр асуудал гараагүй. Манай бүлгийн гишүүд дунд ирц тааруу гишүүд байсныг үгүйсгэхгүй. Бид сар тутамд ирцээ ярьдаг байсан. Хэн хуралд оролцсон оролцоогүй гээд бүлэг дотроо дотоод асуудлаа ярьдаг, энэ зарчмаар яваад ирсэн.
 
-УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Б.Энхбаяр, М.Оюунчимэг нарын гурван гишүүн ганц заалттай төсөл санаачлаад УИХ-аар хэлэлцүүлж чадалгүй гурван жил болж байна. Эрүүгийн хуулийн 13.14-т тайлбар оруулах.  Энэ нь улс төрд нөлөө бүхий этгээд өөрийг нь шүүмжилсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтныг цагдаад өгөхийг хориглоно. Зөвхөн Иргэний шүүхээр явна гэдэг заалт оруулсан. Тэр хуулийн төсөл Ардын намын бүлгээр дэмжигдсэн үү. Энэ удаагийн УИХ-ыг хэвлэлд маш хаалттай парламент гэж тодорхойлж байгаа?
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
 
-Бүлгээр хэлэлцээд, дэмжигдээд УИХ-ын даргад хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Шүгэл үлээгчийн байдлын тухай хууль оруулаад ирэнгүүт хамт хэлэлцээд салбарын яамаар хэлэлцүүлэх хэрэгтэй байна гээд, ажлын хэсгийг н.Мөнхцэцэг гишүүн ахлаад явж байгаа. Зайлшгүй батлах ёстой хууль байгаа, бид шахаад л байгаа.
 
-Олон улсын байгууллагаас судалгаа гаргахад Монгол Улсад Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль сул байгаа. Мөн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс өнгөрсөн хугацаанд 20 гаруй байраар ухарлаа. Гэтэл парламент мал аж ахуйн салбарт гол анхаарлаа хандуулчихлаа. Ардчиллын гол үзүүлэлт болсон хэвлэлийн эрх чөлөөний индексийг сайжруулахын тулд цаашид ямар хуулийн төслүүдийг батлуулах шаардлагатай гэж үзэж байна вэ?
 
-Энэ бол үнэхээр бодит үнэн. УИХ-ын нэр бүхий гишүүд хөндөж тавиад, холбогдох хүмүүст асуулга тавьж, асууя гэсэн санал хүртгэл гарагсан. Б.Жаргалмаа гишүүн бид нар санал гаргаад хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байсан. Нөгөө талаасаа энэ УИХ Хэвлэлийн зөвлөлийн мэдээллийг анх удаагаа Төрийн байгуулалтын байнгын хороогоор сонссон. Цаашдаа энэ мэдээллийг сонсдог байя, хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг хангая, хүний нөөцийг бэлтгэе, зарим тал дээр дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахгүй бол хэвлэл мэдээллийн салбар, олон нийтийн сүлжээ хоёрыг ялгахаа байлаа. Редакцтай байх, сэтгүүлч хүн эх сурвалжаа нуудаг хамгаалдаг байх эрхийг олгох ёстой гээд хамтарч хуулийн төсөл боловсруулъя гээд Хэвлэлийн зөвлөл дээр яриад хамтарч ажиллах тохиролцоонд хүрээд явж байгаа.
 
-Энэ парламентын үед хамгийн олон буюу 20 гаруй сэтгүүлч хуулийн байгууллагад шалгагдаж байна. Засч залруулах тал дээр ямар өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна вэ. Хуучин байсан Зөрчлийн хууль руу Эрүүгийн хуулийн 13, 14 дүгээр зүйлийг оруулах боломж байгаа юу?
 
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
 
-Одоо би тайлбар хэлж болохгүй байна. Хэвлэлийн эрх чөлөөг цаашид яаж хангах вэ, олон нийтийн мэдэх эрхийг хэрхэн хагах вэ гэдэг асуудлаар мөрийн хөтөлбөртөө тодорхой дэд бүлэг болгоод оруулсан.  Зургадугаар сарын 10-наас өмнө мөрийн хөтөлбөр тайлбарлах эрхгүй, 10-наас хойш энэ чиглэлээр ярих боломжтой. Тийм учраас та бүхэн зөвөөр ойлгоорой.
 
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
 
-Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад дэмжигдээд эцсийн хэлэлцүүлэгт ирсэн. Шүүх хурлыг нээлттэй явуулна гэдэг заалт оруулсан байгаа. Хэрэгжих хугацаа нь арай болоогүй байна, иймэрхүү зүйл дээр ажиллаад л байна.
 
Д.Тогтохсүрэн: Муу ирцтэй парламент гэж хэлж болохгүй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0