Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
​​Д.Хаянхярваа: Намын дарга гишүүдийн үл ойлголцлыг дэвэргэх байр суурь илэрхийлсэн
6 жил өмнө   1257
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
 
-Энэ хаврын чуулган өнгөрсөн Баасан гаригт хаалтаа хийлээ. Та энэ удаагийн чуулганыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна вэ. Хэлэлцэхээр баталсан хуулиудаа баталж чадсан уу?
 
-Энэ чуулганаар хэлэлцэх хуулиудаа амжилттай хэлэлцэж баталсан. Ер нь төлөвлөсөн томоохон хуулиудаа баталсан. Мөн энэ хаврын чуулган түүхэн шийдвэр гаргаж Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах улс төрийн томоохон шийдвэр гаргаж чадлаа.  “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг баталсанаар бүтэн арван жил ярьж, талцаж маргаж, улстөржилтийн нэг сэдэв болсоор ирсэн энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл бүрэн утгаараа хэрэгжих боломж бүрдэж байгаа юм. Түүнийг дагасан авто зам, төмөр зам зэрэг дэд бүтцийн болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замыг УИХ энэ шийдвэрээрээ тодорхойлсон.
 
Нөгөө талаар их амаргүй чуулган байлаа. Улс төрийн хувьд ч, нийгмийн хүрээнд ч амаргүй байлаа. Гэхдээ энэ чуулганаар бие даасан 17 хууль баталж, 67 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хоёр зээлийн хэлэлцээрийг соёрхон баталж, таван хуулийг хүчингүй болгосон. Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Банкийг дахин хөрөнгөжүүлэх гэх мэт маш том хуулиудыг баталж чадсан.  Мөн Багшийн хөгжлийг дэмжих тухай  хуулийг ч баталлаа. Энэ хуулийн ач холбогдлыг товчхон дүгнэвэл "Багшийн хөгжлийн төв"-ийн үйл ажиллагаанд ЕБС, цэцэрлэг, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын нийт хувьсах зардлын 2 хүртэл хувийг буюу 11.6 тэрбум орчим төгрөг зарцуулдаг болно, багш нарт ажилласан жилээр нь бус ажлын амжилт, эцэг эх, хамт олны санал, сэтгэл ханамжид тулгуурлан мэргэжлийн зэргийг нэмэгдүүлнэ гэх мэт Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх шатны албан болон албан бус сургалтын байгууллагын 55 мянга гаруй багшид хамааралтай чухал хуультай болсон. 
 
-Та дээр хэллээ. Энэ хаврын чуулганы хамгийн чухал баталсан тогтоол бол Тавантолгойн бүлэг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоол. 10 жил гацсан асуудлыг шийдэж чадсан нь өөрөө түүхэн явдал. Гэхдээ эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, иргэдийн хувьцааг амь оруулж чадах нь цаг хугацааны асуудал. Та хувь гишүүнийхээ хувьд энэ тогтоолыг хэрхэн дүгнэж байгаа вэ?
 
-Энэ тогтоолыг баталснаар Тавантолгой жинхэнэ утгаараа олон улсын зах зээл дээр IPO гаргах, үр өгөөж нэмэгдэх, Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, иргэдийн хувьцаа амь орох үүдийг нээж өглөө. Одоо Засгийн газар энэ төсөл дээрээ ажиллах л үлдсэн. Засгийн газар IPO хэрхэн гаргах, бусад төсөл хөтөлбөрүүдээ хэрхэн хэрэгжүүлэх, гадна дотнынхонтой яаж хамтарч ажиллах, үр ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр Засгийн газар сайн ажиллах хэрэгтэй боллоо. Намар болоход энэ асуудлаар тодорхой шийдвэрүүд гарсан байна бизээ.
 
-Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийг УИХ хаалттай хэлэлцэн баталсан. Таван банкны өөрийн хөрөнгө бага байгаагаас төрөөс дахин хөрөнгөжүүлэх гэж байна гэсэн ойлголт нийгэмд гараад байгаа. Энэ хуулийн талаар та мэдээлэл өгөөч?
 
-Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуулийн талаар иргэдэд маш буруу мэдээлэл өгсөн. Банкуудыг дахин санхүүжүүлэх замаар мөнгө өгөх гэж байна, хуйвалдаан явж байна гэдэг ойлголтыг өгсөн. Үнэн хэрэг дээрээ хадгаламж эзэмшигчид, банкаар үйлчлүүлж байгаа иргэдийн эрсдэлийг хамгаалсан том хууль болсон. Банкны салбарын хариуцлагын хууль гэж хэлж болно. Банкууд энэ хуулийн хүрээнд хариуцлагатай ажиллаж чадахгүй бол банкинд төр өөрийн мэдлээ тогтоох юм. Тиймээс банкныхан өөрийн хөрөнгө, банкны чанарт анхаарч, хариуцлагатай ажиллах боломж бүрдэнэ. 
 
Энэ хаврын чуулганаар баталсан бас нэг чухал хууль бол УИХ-ын Дэгийн тухай хууль. УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах чухал хууль. Намрын чуулганаас эхлээд гишүүд хурууны хээгээрээ саналаа өгдөг болно. Одоо хүний кноп дарлаа гэдэг асуудалд цэг тавина.
 
-Дэгийн тухай хуулиар гишүүдийн хариуцлагын асуудлыг тусгасан байсан боловч тэр заалтуудыг нь хасч баталсан. Тухайлбал, хуралд суух ёстой цагийнхаа гуравны нэгээс дээш суугаагүй бол эгүүлэн татах хүртэл арга хэмжээ авна гэсэн заалтыг хассан шүү дээ?
 
-Гишүүд байнгын хорооноос  хасна гэсэн заалтад хойрго хандсан. Гэхдээ Дэгийн тухай хууль өмнөх хуулиасаа эрс сайжирсан. Гишүүдийн хариуцлага эрс нэмэгдэнэ. Мөн Дэгийн тухай хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах бүлэг орж ирсэн боловч бүхэлд нь хассан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа л явна.
 
-Захиргааны хэргийн хуулийг Засгийн газар оруулж ирж, эрх мэдлээ нэмэгдүүлэх, Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах гээд байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ хуулийн талаар та  ямар байр суурьтай байна вэ?
 
-Захиргааны хэргийн хуульд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төсөл олон хуулийг зөрчсөн. Үндсэн хуультай ч зөрчилдсөн. Өөрөөр хэлбэл, 2004 онд Захиргааны хэргийн тухай хуулийг баталж, Захиргааны хэргийн шүүхийг байгуулж байх үед төрийн байгууллагуудын гаргасан шийдвэрийг хянахад 250 гаруй хуулийн хэрэгжилт дунд нь орхигдоод байгаа учраас энэ хуулийг баталж байсан. Гэтэл Засгийн газраас оруулж ирсэн хуулийн төслөөр Засгийн газраас эхлээд төв орон нутгийн байгууллагын гаргасан бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянах боломжгүй болох юм билээ. Нэг хүнд, нэг байгууллагад онцгой  эрх олговол буруу гаргасан шийдвэрээс болж иргэн,  байгууллага хохирвол гомдлоо хэнд хандаж барагдуулах вэ гэх мэт маш олон зүйлтэй зөрчилдсөн. Энэ хуулийн төслийг хэлэлцэж байх явцад АН-ын бүлэг завсарлага авсан. Манай бүлэг дээр энэ хуулийн төслийг танилцуулаагүй, Засгийн газар шууд УИХ-д оруулж ирсэн. Бүлгийн гишүүдийн олонх энэ хуулийн төслийг дэмжихгүй байсан. Шүүх хяналтын байгууллага хариуцлагын тогтолцоогоо л сайжруулах хэрэгтэй. Тэнд улс төрийн нөлөөллөө байхгүй болгох хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсад хамгийн болохгүй байгаа зүйл бол хууль хяналтын байгууллагад өөрсдийн нөлөөллөө тогтоох гэсэн улстөрчдийн улайрал асар ихэсч байна. Тийм ч учраас хууль, хяналтын байгууллагынхан ажиллахад амаргүй байдаг юм шиг байгаа юм. Үнэн хэрэг дээрээ АТГ,  шүүх, прокурор гээд энэ бүгдэд бүх бурууг нялзааж чадахгүй. Учир нь энэ хүмүүсийг хуулийн хүрээнд ажил хийлгэхгүй байгаа хүмүүс нь өөрөө улстөрчид. Тэр дундаа өндөр төвшний улстөрчид. Тиймээс нам засаг, төр солигдох бүрт хууль, хяналтын байгууллагуудын удирдлагыг хугацаанаас нь өмнө сольдог асуудлаа л больчих хэрэгтэй. Цагдаагийн байгууллагын даргыг л гэхэд сүүлийн хоёр жилийн хугацаанд 4, 5 удаа солилоо. Ийм байхад хүмүүс яаж амар амгалан, хуулийн хүрээнд шударга ажиллах, яаж хүнд шаардлага тавих вэ. Бид болсон болоогүй хууль, шүүхээр асуудлаа шийдүүлдэг тогтолцоо руу орсон. Энэ тогтолцоогоо сайжруулах чиглэл рүү явах ёстой болохоос улс төрийн шоуны талбар болгоод байж болохгүй.
 
 
-УИХ-ын нэр бүхий 19 гишүүн “60 тэрбум”-ын хэргээр нээлттэй сонсгол явуулах хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлсэн боловч нээлттэй сонсгол хийх боломжгүй гэсэн хариуг Хууль зүйн байнгын хороон дарга өгсөн?
 
-Хуулийн хүрээнд боломж байгаа бол нээлттэй сонсгол хийхэд татгалзаад байх юу ч байхгүй. Хууль зүйн  хувьд хуульчид болно, болохгүй гэсэн янз бүрийн л тайлбартай байгаа юм билээ. Хууль зүйн байнгын хороон дарга хуулийн хувьд боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Ер нь “60 тэрбум”-ын хэргийг шүүх, хууль хяналтын байгууллага шалгаад хэрэгсэхгүй болгосон. Хуулийн байгууллага шалгаад шийдчихсэн асуудлыг дахин сөхөж худлаа шийдсэн, хүн нөлөөлсөн, луйвардсан гэдэг. Шийдсэн бүх асуудлыг УИХ дээр авчирч яриад байвал бид шүүхтэй байх шаардлага байхгүй. Үнэхээр шүүгч хэн нэгний нөлөөнд ороод шийдвэр гаргаад байгаа бол тэр хүмүүстэйгээ л хариуцлагаа ярих ёстой. Хуулиар шийдсэн асуудлыг парламент руу оруулж ирж ярьдаг буруу жишиг тогтчихвол ямар л асуудал гарна парламент руу оруулж дахин хэлэлцүүлж, шийдүүлнэ, хуулийн шийдвэрийг хянана гэсэн буруу жишиг рүү орно.
 
-Нээлттэй сонсгол хийгээд асуудлыг нэг талдаа гаргах хэрэгтэй. Дараа дараагийн сонгуулиудад дахиад л нөгөө 60 тэрбумын асуудлыг сөхнө гэж үзэх гишүүд ч байгаа шүү дээ?
 
-Энэ асуудлаар нээлттэй сонсгол хийсэн ч, дахин шүүх хяналтын байгууллагаар явсан ч энэ сэдэв сонгуулийн үед яригддагаараа л яригдана. Дараа дараагийн аль ч сонгуулиар МАН-ын эсрэг сөрөг пи-ар болоод л явна. Яригдсан яригдаагүй л гэдэг л асуудал болохоос биш бодит амьдрал дээр хэрэгжээд, хээл хахууль аваад хэн нэгнийг ажилд томилсон зүйл нэг ч байхгүй. Хэрвээ хахууль өгөөд ажилд томилогдсон хүн байгаа бол мөнгө өгсөн хүмүүсээ нэрлэх хэрэгтэй.
 
-Хахууль өгсөн хүн хуулийн хариуцлага хүлээх учраас хүмүүс энэ талаарх мэдээллийг өгөхгүй байна. Тиймээс ирэх намрын чуулганаар хахууль өгсөн хүн хуулийн хариуцлага хүлээдэггүй байх хуулийн төслийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн өргөн барина гэсэн мэдээллийг өгсөн?
 
-Л.Оюун-Эрдэнэ гишүүний бодож байгаа бодлыг мэдэхгүй юм. Бид адилхан л ард түмнээсээ сонгогдсон бүрэн эрхтэй гишүүд. Тэр хүн гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд юу хийх нь Л.Оюун-Эрдэнэ гишүүний асуудал.
 
-МАН-ын бүлэг Пүрэв гаригийн орой хуралдсан ч ойлголцож чадаагүй гэсэн мэдээлэл гараад байгаа. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 19 гишүүний гарын үсэг цуглуулсан нь засаг огцрох асуудлын эхлэл болж байна гэсэн ч мэдээлэл гараад байгаа. Бүлгийн хурлаар яг ямар асуудал хэлэлцсэн бэ. Бүлгийн гишүүд, тэр дундаа намын удирдлагууд ойлголцож чадаагүй гэдэг нь үнэн үү?
 
-Засгийн газрыг огцруулах Д.Оюунхорол гишүүний бланкан дээр хэсэг гишүүд гарын үсэг зурчихлаа л гэсэн. Намайг Ерөнхий сайд болгоод л тавьчихсан байсан. Дараа нь Н.Номтойбаярын бланкан дээр зурчихлаа л гэсэн. Энэ байдаг л яриа, байдаг л хов. Үүнийг л Засгийн газрынханд ойлгуулах гэж бүлэг хуралдсан. Мөн 19 гишүүний гарын үсэг зурсан асуудлыг ч, нам дотор болохгүй, бүтэхгүй байгаа асуудлаа ч ярьсан. Засгийн газар унах тухай яриа худлаа гэдгийг ч ярилцсан. Сайн ч ярилцсан, овоо ч сайн маргаан мэтгэлцээн болсон. Тэр дундаас бүлгийн гишүүд намынхан нэгийг бодож, хоёрыг тунгаасан гэж бодож байна. Ер нь бүлгийн гишүүд хуралдааны үеэр намын удирдлагын төвшиндээ ойлголцон болж бүтэхгүй байгаа зүйлээ сайн ярилцах хэрэгтэй байна гэдэг асуудлыг хангалттай тавьж байсан. Ялангуяа залуу гишүүд маань ханарч бутраад яваад байх буруу гэдгийг хэлж байсан. Гэвч энэ боломжийг намын дарга ашиглаж чадаагүй. Харин ч үл ойлголцолыг дэвэргэх тал руугаа өөрийн байр сууриа илэрхийлсэн. 
 
-МАН-ын бүлэг 33:32 гэж хуваагдаад удаж байна. Та бүлгийн даргын хувьд бүлгээ эв, түнжинтэй байлгах талаар хэрхэн ажиллаж байна вэ. Нэг асуудал ороод ирэхэд эхлээд 33:32-ын бүлгээрээ хэлэлцээд дараа нь нэгдсэн бүлгээр хэлэлцэж байгаа нь ч ил цагаан болоод байгаа шүү дээ?
 
-33:32-ын бүлэг тус тусдаа хуралдаад дараа нь нэгдсэн бүлэг хуралддаг гэсэн асуудал байхгүй. Сонин хэвлэл дээр гараад байгаа шиг манай бүлгийн гишүүд хоёр талд гарч суучихаад урд урдаасаа үзэлцээд байгаа зүйл ч байхгүй. Яах вэ ерөнхий уур амьсгал дунд тийм зүйл байгаа нь үнэн. Нуугаад байх зүйл байхгүй. Хоорондоо үл ойлголцол, үл итгэлцэл байна. Энэ л асуудлаар пүрэв гаригийн бүлгийн хуралдаанаар ярилцсан. Үүн дээр харамсалтай нь намын дарга буруу ойлголттой байналээ. Би бүлгийг ямар нэгэн байдлаар 33:32-ыг хооронд нь эвлэрүүлье ч гэдэг юм уу үйл ажиллагаа явуулдаггүй. Учир нь 33:32-ын бүлэг гэдэг зүйл байхгүй учраас надад тийм зүйл явуулах шаардлага байхгүй. Би бүлгийн даргын хувьд ерөнхий ноён нуруу л болж ажилладаг. Ямар нэгэн байдлаар хүмүүсийн дунд хов зөөх, талцуулж, хэрэлдүүлэх үйл ажиллагаа явуулдаггүй. Харин хүний гаргасан саналд хүндэтгэлтэй ханддаг. Ялангуяа УИХ-ын гишүүн хэн нэгэн хүнээр заалгаад байх төвшний хүн биш гэж би боддог. Ард түмний итгэлийг аваад сонгогдоод ирсэн хүн өөрийнхөө хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгээ хянаж, юу хийж байна вэ гэдгээ мэдэрдэг байх ёстой. Тэгж байж үг, үйлдлээ гаргадаг байх ёстой. Л.Оюун-Эрдэнэ гишүүн 60 тэрбумын талаар сонсъё гэж байгаа бол тэр хүний л эрхийн асуудал. Би тэр хүнийг боль гэж ерөөсөө хэлэхгүй. Засгийн газрыг огцруулна гээд хүмүүс гарын үсэг зурж байгаа бол үүнийг болохгүй гэдэг талаас нь нийтэд нь хэлнэ. Түүнээс нэг нэгээр нь дуудаад болохгүй, одоо боль гэж ярихгүй. УИХ-ын гишүүн улс орны эрх ашгаа нэгдүгээрт тавьж, намынхаа эрх ашгийг нь дараа нь тавьж асуудалд хандаж ажиллаж сурсан байх ёстой. МАН-ын бүлэг дотор 33:32 гэж талцаад хэрэлдээд байгаа зүйл гишүүдийн дунд байхгүй гэдгийг дахин хэлье. Цөөн хэдэн хүмүүсийн дунд тийм ойлголт байдаг байх. Би бүлгийн гишүүдэд “хар дэвтэр бий” гэж хэлдэг. Бүлгийн гаргасан улс төрийн шийдвэр дээр хэдэн удаа хэн эсрэг байсан бэ гэдгийг улс төрийн дэмжлэг үзүүлэх үед ярих шаардлага гарна гэдгийг  хэлдэг. Үүнийг нуугаад байх юм байхгүй. Энэ бол улс төрийн дэмжлэг авах үед нэг шалгуур болох ёстой гэж бодож байгаа. Д.Гантулга гишүүний хувьд бүлэг дээр нэгдсэн шийдвэр гаргаагүй. Уг нь нэгдсэн шийдвэр гаргая гээд бүлэг дээрээ ярилцсан. Намын даргыг урьж бүлгийн хуралдаанд оролцуулсан. Намын даргаас ямар шийдвэр гаргах вэ гэдгийг бүлгийн хурал дээр ил тод асуусан. Харин намын дарга шийдвэр гарга гээгүй, задгай орох байр суурь илэрхийлсэн. Тиймээс бид задгай ороод өөр өөрсдийнхөө өнцгөөс хандсан. Энэ бол ямар нэгэн байдлаар Д.Гантулга гишүүнийг явуулъя, авч үлдье гэдэг асуудлаар маргаагүй.
 
-Энэ хаврын чуулгаар МАН-ын бүлэг залуу гишүүнээ өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөөд явуулчихлаа. Та ер нь энэ хэрэг дээр, залуу гишүүний тухайд ямар байр суурьтай байна вэ?
 
-Ер нь бол чөлөөлөгдөх хүсэлтээ Д.Гантулга гишүүн өөрөө өгсөн. Чөлөөлөгдсөний дараа Д.Гантулга гишүүнтэй уулзаж, хэлэх ёстой зөвлөгөөгөө өгсөн. Би бол  хувьдаа гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулаад ороод ирвэл хэрэгтэй гэж бодож, түдгэлзүүлэх ёстой гэсэн байр суурийг бүлгийн хурал дээр илэрхийлж байсан. Ер нь энэ парламентын нэр хүндийг унагаах асуудлын нэг нь яах аргагүй Д.Гантулга гишүүний холбогдсон хэрэг. Парламентын гишүүн хүн ёс зүйтэй байх хэрэгтэй. Хэрвээ ямар нэгэн асуудалд орвол шалгуулчихдаг, гэм буруутай, эсэхээ тогтоолгочихдог болвол парламентын нэр хүндэд хэрэгтэй.
 
-Хэнтий аймагт нөхөн сонгуульд болно. МАН-ын нам нэр дэвшигчээ ямар байдлаар тодруулах вэ. Намын даргыг нэр дэвшинэ гэсэн мэдээлэл ч гараад байгаа?
 
-Аравдугаар сарын 7-нд нөхөн сонгуулийн товыг зарласан. Энэ асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурал хуралдаад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг асуудлаа шийднэ. Одоохондоо бол бид тэрийг, энийг нэр дэвшүүлнэ гэж ярьсан зүйл алга.
 
 
ЭХ СУРВАЛЖ: Л.ОДОНЧИМЭГ          /ITOIM.MN/
​​Д.Хаянхярваа: Намын дарга гишүүдийн үл ойлголцлыг дэвэргэх байр суурь илэрхийлсэн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0