Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Р.Эмүжин: Соёлын нэрээр сордог дээдсийн дээлийг тайлаад өг!
2 долоо хоног өмнө   181
За одоо шулуухан ярьж авна аа. Монголын нэрийг дэлхийд гаргаж яваа The Hu хамтлаг гэж бий, энэ хамтлаг Соёлын яамны сураг ч байхгүй байхад буюу 2016 онд байгуулагдаж, олон улс оронд тоглолтоо хийж эхэлсэн. Эл хамтлагийн улс, хот болгонд хийсэн тоглолтын хажуугаар Монголын гэх бүхнийг багтаасан арьсан эдлэл, зураг, энгэрийн зүүлт зэрэг бүтээгдэхүүнийг өөрсдөө урлан борлуулдаг манай хувийн жижиг компаниуд бий болсон. Бор зүрхээрээ өндийж, богтосоо элэгдтэл зүтгэдэг залуус байдаг, заримынх нь бүтээгдэхүүн дээрээ бичих товч үгийг зохиож өгч байлаа.
 
Соёлын яамтай, яамгүй, Номинтой Номингүй урагшилсаар, улс орноо сурталчилсаар  бүтээгдэхүүнээ урлан борлуулсаар ирсэн хөдөлмөрч залуус л даа. Соёлын яамтай болж, Номин сайд нь болсны дараа одоогийн байдлаар хоёр улсад тоглосон жүжиг бол Хэро Баатарын найруулсан "Тамгагүй төр". Энэ жүжгийн араас комикс ном, цамц, алчуур, бүс, зүүлт гэхчлэн "Монгол хаан" нэртэй бүтээгдэхүүн гарч эхэлсэн. Энэ бүтээгдэхүүнүүдийн санхүүжилтийг шийдэх зорилгоор Номин хаваржин уйлан гүйж байгаад Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль гээчийг төрөөс санхүүжүүлэх талаар хагас дутуу баримт бичиг батлуулсан.
 
Энэ хуультай хуульгүй дэлхийн хаа нэгтээ болж байгаа Монголын өдөрлөгүүдээр манай үндэсний үйлдвэрлэгчид дээл хувцас, эсгий урлал, арьс, сур, авдар саваа ачаад, зардлаа өөрсдөө төлөөд, чадлаараа зүтгэж, чансаагаа шалган зориод очдог, боломжийн борлуулалт хийдэг болсон. Тэд төрөөс ганц төгрөг авч байгаагүй, ганц удаа тусгай эрх эдэлж байгаагүй. Тэдэнд хэн ч санаа тавиагүй, санхүүгээр туслаагүй.  Одоо ч гай болно уу гэхээс гар сарвайдаггүй. Тэгсэн гэнэт л Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хууль гээчийг батлуулаад, эл үйлдвэрлэлд зориулж 2025 оны төсөвт хэдэн тэрбумыг тавьсан, дээр нь соёлын ваучер нэрээр дахиад 18.3 тэрбумыг хавчуулаад авсан.
 
За тэгэхээр соёлын нэрээр сороод байгаа мөнгө хаашаа яваад байгаа нь тодорхой болж байна уу? Mongol Khan жүжгийг дагасан урлал уран сайханд зориулагдах тусгай хангамжийн мөнгө мөн үү? Дээр нь соёлын ваучераар хүүхдүүдэд үзвэр үзүүлнэ гэнгүүтээ Аса паласт хоногийн 50 саяын түрээс төлөөд тоглолт хийгээд эхэлбэл гайхах юмгүй. Соёлын яамны төсөв энэ мэтээр хэдхэн гэр бүл, тэдний найз нөхдийн хүрээлэлд шингэж алга болчихоод байгаа дээдсийн зардал учраас ард түмэн үнэрээр нь үргээд, сургаар нь бухимдаад байгаа юм. Сангийн сайд Жавхлан энэ мэтийн зардлуудыг нь төсөвөөс хасахын тулд нөгөө Номингийн уйлан дуугараад, Тэрэлжсүйхдээ гишүүдийг төрийн мөнгөөр архидуулан байж батлуулсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийг нь өөрчлүүлэх гээд өргөн барьчихаад байгаа юм байна. Зөв. Дээдсийн дээлийг тайлаад өг. Монголын соёл урлаг ямар дээдсийн дээжилж хүртдэг тансаг идээ, хоослоод шиддэг хэтэвч байна уу?
 
Ер нь бол Ерөнхий сайдын хундагачин хийдэг энэ Номингоо огцрууллаа гээд Монголын соёл урлаг хохирохгүй, хэдэн бор  жүжигчин дуучин нь хийдгээ хийгээд урагшилна. Соёлын нэрээр сороод суудаг дээдсийн дээрэм л зогсох юм. Тэгснээ "Намайг төлбөртэй шүүмжлээд байдаг" гэчихсэн ТВ-д яриа өгөөд гүйчихнэ. Эсвэл аав нь хэн нэгнээс төлбөр аваад морьтой залууг машинаараа хөөж дайраад, Номин өөрөө бас төлбөрийг нь авчихаад, Монголыг муухай харагдуулах зорилгоор төрийн түшээгийн биш, төрлийн луйварчны араншин гаргаад явдаг юм уу, төлбөртэй ажилладаг хүн шүүмжийг ч бас төлбөртэй гэж л харна, битгий донгос гээд хэлчихье. Тиймээс Жавхланг дэмжинэ, хулгайн хуулийг нь өөрчилж байгаад, хулгайн төсвийг нь хасаад танаад өг дөө. Соёл урлагийн салбар ямар цаддаггүй өлөн хулгайчдын цар тавагтай идээ байна уу, яр хатиг шиг шавчихаад салдаггүй ядаргаатай тэрбумтан бээ...
Р.Эмүжин: Соёлын нэрээр сордог дээдсийн дээлийг тайлаад өг!
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0