МҮЭ-ийн холбооны удирдлагууд ОУВС-ийн төлөөллүүдтэй уулзав. Тус уулзалтад МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МБШУ-ны ҮЭ-ийн холбооны дарга Ж.Батзориг, МААХҮЭ-ийн холбооны дарга М.Алтанцэцэг, МЭМА-ны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, МҮЭ-ийн холбооны ажлын албаны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер болон Монголд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн тав дахь үнэлгээний ажлын хэсгийн ахлагч, Ази номхон далайн бүсийн хэлтсийн орлогч дарга Жеоф Колтейбээр ахлуулсан төлөөлөгчид оролцов.
Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Монгол Улсын Засгийн газар сүүлийн дөрвөн жил төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрээр хүлээсэн амлалтаа биелүүлэлгүй өдий хүрсэн. Энд улс орны нөхцөл байдал хүнд байсныг сайн олгож байна.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2013-2014 оны улсын хэлэлцээрээс эхлээд 2017-2018 оны улсын хэлэлцээр хүртэл амлалтаа биелүүлэхгүй аргацааж ирсэн. 2017 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх хэлэлцээр байгуулсан, харамсалтай нь Засгийн газар, ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр байгуулснаар тус хэлэлцээрийн хэд хэдэн заалт хэрэгжихгүйд хүрсэн.
МҮЭ-ийн холбооноос Улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаарх Нэмэлт хэлэлцээг хийсэн. Хэлэлцээний явцад МҮЭ-ийн холбооноос гаргасан “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 50-иас доошгүй хувиар энэ оны II улиралд багтаан нэмэгдүүлэх” саналд талууд санал нэгдээгүй буюу саналын зөрүү гарсан.
Нийгмийн зөвшлийн талууд цалинг нэмэгдүүлэх асуудалд санал нэгдээгүй хэвээр байгаа тул МҮЭ-ийн холбооны зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу хөдөлмөрийн маргаан үүсгэсэн бөгөөд Хөдөлмөрийн хамтын маргааны явцад ажил хаях эрх хуулийн хүрээнд үүссэн тул төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын хэмжээнд 2018 оны 09 сараас ажил хаялт зохион байгуулахаар болсон.
ОУВС-гаас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын Засгийн газартай хийж байгаа энэ удаагийн яриа хэлэлцээ төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэх, төсвийг оновчтой зарцуулах, үргүй зардыг багасгах, төвсийн тодотгол хийх замаар үр дүнтэй шийдэл гаргана гэдэгт итгэж байна" гэж хэлжээ.
Энэ үеэр мөн уулзалтад оролцсон салбарын ҮЭ-ийн холбоодын дарга нар эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын ажилтны цалинг нэмэгдүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн байна.
ОУВС-ийн Монголд хэрэгжүүлж байгаа тав дахь хөтөлбөрийн ажлын хэсгийн ахлагч, Ази номхон далайн бүсийн хэлтсийн орлогч дарга Жеоф Колтейб хэлэхдээ “Таны хэлсэн хоёр зүйл дээр санал нэг байна. Нэгдүгээрт, цалин хөлс нэмэгдүүлэх эх үүсвэр олох бусад үр ашиггүй зардлаа хасах ёстой. Хоёрдугаар асуудал нь, Засгийн газрын өр төлбөр маш өндөр төвшинд очсон ч төрийн албан хаагчдын цалин, хөлс маш бага байна.
Яагаад ийм байдалд хүрсэн бэ гэхээр өнгөрсөн олон жилийн турш үе үеийн Засгийн газрын гаргаж байсан шийдвэрийн үр дагавар гэж харагдаж байна. Тэгэхээр хамгийн том сорил нь, төрийн албан хаагчдын цалин хөлс бага байгаа байдлыг ойлгоод, тэр асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар эх үүсвэрээр санхүүжүүлэх вэ гэдэг энэ асуудлыг шийдвэрлэх нь МҮЭ-ийн холбоо болон Засгийн газар манай ажлын хэсгийн хамтран хэлэлцэх асуудал юм.
МҮЭ-ийн холбоо бол төсвийн зардлыг хянах, татварыг нэмэгдүүлэхгүй байх, цалин орлогыг нэмэгдүүлэх асуудлаар маш хүчтэй ажилладаг Монгол Улсын ганц байгууллага юм. Тэгэхээр татвар нэмэгдүүлэхгүйгээр үр ашиггүй зарлагыг танахгүйгээр цалин, хөлсийг нэмгэдүүлнэ гэдэг нь хэцүү.
Бүх зүйл аливаа зүйлийн хоёр талын аль нэгийг сонгох сонголт дээр тулгуурладаг. Цалин хөлсийг нэмэгдүүлэхдээ найдвартай эх үүсвэрээр нэмэгдүүлсэн байх шаардлагатай. Энэ эх үүсвэр нь урт хугацаандаа найдвартай эх үүсвэр байх ёстой. Одоо Монгол Улсын хувьд Засгийн газрын өрийн хэмжээ маш их болсон. Төсвийн үр ашиггүй зардлаа бууруулах арга замаа олоогүй энэ үед нэг жилийн дотор цалин, хөлсийг их хэмжээгээр нэмэгдүүлэх боломж нь хаанаас гарч ирэх вэ.
МҮЭ-ийн холбооноос цалин, хөлс маш бага байна. Авах ёстой цалингаа авч чадахгүй байна гэж хэлж байгаа ч энэ асуудлыг урт хугацаандаа Засгийн газрын өр төлбөрийг нэмэгдүүлэхгүйгээр шийдвэрлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. ОУВС-гаас Төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байгаа юм биш. Харин эдгээр төрийн албан хаагчдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх арга замыг төсвийн алдагдалд хүргэхгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Өнөөдөр та бүхний байр суурь нөхцөл байдлын талаар мэдээлэл авсандаа баяртай байна. Бидний өнөөдрийн уулзалт МҮЭ-ийн холбооны байр суурийг таньж ойлгож мэдэхэд маш их тусаллаа. Иймээс Засгийн газарт та бүхний өгсөн мэдээллийг үндэслэн зөвлөмж хүргүүлэх болно.
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар төсвийн тодотголын хүрээнд төсвийн орлогоо нэмэгдүүлэх бололцоо, төсвийн оновчтой, үр ашигтай зарцуулалт хийх нь аливаа улс орон бүрт нээлттэй байдаг. Энэ бололцоогоо Монгол Улсын Засгийн газар авч үзэх шаардлагатай гэж МҮЭ-ийн холбооноос үзэж байна.
Өнгөрсөн дөрвөн жилийн турш төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлээгүй ирснийг эрс шүүмжилж ирсэн. Энэ цаг үед иргэд хөдөлмөрчдийн хүлээлт туйлдаа хүрч МҮЭ-ийн холбооноос ирэх 9 дүгээр сард ажил хаялт хийхээр тогтсон байгаа гэдгээ албан ёсоор дахин хэлмээр байна” гэжээ.
Ц.ОРГИЛ
МҮЭ-ийн холбоо ОУВС-ийнханд ирэх 9 сард ажил хаялт зарлана гэдгээ мэдэгдлээ |