Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөгдөх инновацийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа
6 жил өмнө   626

Гарааны компаниудын инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмжийн жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталжээ.

Энэхүү тогтоол батлагдсанаар гарааны компани байгуулах журмын дагуу байгуулагдаж, бүртгэгдсэн аж ахуйн нэгжүүд инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангагдаж, ажлын байр шинээр бий болох, импортыг орлох, экспортод чиглэсэн, зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжин, татварын суурь бэхжиж, улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

Тогтоолын төсөлд 2 тэрбум 589.9 сая төгрөгийн өртөг бүхий 113 нэр төрлийн тоног төхөөрөмж хамрагдсан ба эдгээр тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 401.4 сая төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж, төрөөс инновацийн үйл ажиллагаа эрхлэгчдэд үзүүлэх бодит дэмжлэг болно гэж үзэж байна.

Уг татварын чөлөөлөлтөд Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 дүгээр тогтоолоор баталсан “Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ын дагуу байгуулагдсан 11 гарааны компани хамрагдах ажээ.

Гарааны компаниудаас ирүүлсэн хүсэлт болон инновацийн төслийн санал,  ажлын төлөвлөгөө, үр ашигт үндэслэсэн тооцоогоор эдгээр компаниуд 3 жилд 74 тэрбум 131 сая төгрөгийн борлуулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүнээс 7 гарааны компани 7 тэрбум 552 сая төгрөгийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр байна.

2012 оны тавдугаар сарын 22-ны өдөр батлагдсан Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор БСШУС-ын сайдын тушаалын дагуу 2015, 2016 онуудад шинжээч нар томилогдон инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг гаргасан юм.

 

Ц.ОРГИЛ

НӨАТ болон гаалийн татвараас чөлөөлөгдөх инновацийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0