Монголбанкнаас санаачлан өнөөдөр /2018.02.12/ “Улаанбаатарын зөвшилцөл” хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн зорилго нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг тогтвортой хангаж ажиллахад цаашид юу хийх шаардлагатай вэ гэдэгт төвлөрч байна.
Эдийн засгийн хямралыг даван гарахын тулд Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлж буй. Хөтөлбөр гурван жилийн хугацаатай хэрэгжих юм. ОУВС-гийн төлөөлөгчид өнгөрсөн өдрүүдэд ажиллаж, гурав дахь шатны үнэлгээг хийсэн.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд эдийн засагт олон нааштай үр дүн гарсны нэг илрэл нь төсвийн алдагдал буурч, гадаад валютын нөөц нэмэгдсэн. Дэлхийн зах зээлд өнгөрсөн онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өсөлттэй, ханшаа хэвээр хадгалсан нь Монголын эдийн засагт эерэгээр нөлөөлсөн гэж дүгнэсэн юм. Ингэхдээ энэ онд Монголын эдийн засгийн өсөлт 5 хувь, ирэх жил 6 хувьд хүрэх өөдрөг төсөөлөл гаргаад буй.
Хэлэлцүүлэгт оролцсон Монгол дахь Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакер эдийн засгийн өсөлтийг хангахад юуг анхаарах шаардлага байна вэ гэдэг дээр дараах зөвлөгөө өглөө. Үүнд:
Макро эдийн засгийн тогтвортой байдал нь эдийн засгийн өсөлтийг хангах хамгийн гол суурь нөхцөл нь болно. Монголын эдийн засаг савлагаа өндөртэй, хувирамтгай байдаг нь таваараас ихээхэн хамаардагт оршино.
Гадаад хүчин зүйлийн нөлөөнөөс дотоод бүтээгдэхүүний өсөлт ч савлагаатай байдаг. Тийм учраас санхүүгийн бодлого чанартай байх нь маш чухал.
Таваарын ханшийн өсөлт, уналттай зэрэгцээд эдийн засагт гарах өсөлт, бууралт шууд хамаарч байдаг. Таатай жилүүдэд Засгийн газар хуримтлал бий болгосноор хүнд үе ирэхэд өрийн дарамтад оролгүй цааш үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс хуримтлалтай болох нь чухал, мөн энэхүү мөчлөгийг сөрсөн бодлого хэрэгжүүлдэг байх ёстой. Өрийн хяналтыг сайжруулах нь маш чухал.
Мөнгөний бодлого талаасаа Монгол шиг эдийн засагтай орны хувьд хүүгийн төвшинг нэмэх бодлого барих нь зохистой. Банкны хяналт сайн байх ёстой. Эдийн засаг таатай он жилүүдэд банкны салбарт хяналт сайн байснаар хуримтлал бий болно. Хүнд үед түүнийгээ ашигладаг байх нь чухал байна. Орлогын илүүдлийг хянах нь бас чухал.
Валютын ханшийн хөдөлгөөнийг хянаж байх ёстой. Тогтвортой байх нь зах зээлд шок үүсэхээс сэргийлж чадна.Таваарын ханш унах үед валютын ханш хөдөлдөг. Тогтвортой валютын ханштай байвал эдийн засагт савлагаа бага үүсгэнэ. Валютын уян хатан ханш маш чухал.
Орлого багтай иргэдийг хамгаалах бодлого хэрэгжүүлж байх ёстой. ОУВС-гийн зөвлөмжид үүнийг бас онцолсон байгаа.
Миний бодлоор эдгээр бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх.
Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд олон тулгууртай болгох. Уул уурхайн салбар гэлтгүй өөр салбарыг хөгжүүлэх нь чухал байна. Нэг ёсны уул уурхайн бус салбарт дэмжлэг үзүүлсэн бодлого хэрэгтэй.
Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр үр дүнгээ өгч байгаа. Макро эдийн засгийн бодлогуудыг харвал төсвийн алдагдал буурсан, эдийн засгийн итгэл сэргэж байна. Тэр дундаа банкны салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа нь харагдах болсон гэлээ.
Мөн хэлэлцүүлэгт оролцогсод “ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжсэнээр 2017, 2018 онуудад эргэн төлөгдөх хугацаатай байсан гадаад бондуудыг амжилттай дахин санхүүжүүлсэн, гадаад валютын нөөцийг 1.8 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн, Засгийн газрын өр огцом багассан зэрэг нааштай үр дүн гарч, валютын ханш тогтворжсон ч сайн боловч цаашид анхаарах эрсдэл байна гэдгийг санууллаа.
Тухайлбал, түүхий эдийн гадаад эрэлт буурах, газрын тосны үнэ нэмэгдэх зэрэг төлөв ажиглагдах эрсдэлтэй аж. Иймээс эдгээр эрсдэлүүд болон эрсдэлээс хамгаалах хөрөнгө нөөц хангалттай бүрдүүлэх шаардлагатай юм байна.
НЭЙЛ САКЕР: БАНКНЫ САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ НЭМЭГДЭЖ БАЙНА |
|