Яг одоо Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд "Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2018” чуулга уулзалт болж байна. Найм дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад 15 орны 600 орчим төлөөлөгч оролцож буй ажээ.
Энэ удаагийн чуулга уулзалтыг Монголын нүүрс ассоциаци БНХАУ-ын нүүрсний зах зээлийн судалгааны “Fenwei Energy Information Services” компанитай хамтран зохион байгуулж буй юм. Хятадын нэр хүнд бүхий тус компанитай хамтарснаар Монголоос нүүрс худалдан авах сонирхолтой Хятадын тээвэр ложистик, худалдааны компаниуд болон хөрөнгө оруулагчдын тоо эрс нэмэгдэж буйг зохион байгуулагчид онцолж байна.
“Coal Mongolia 2018” чуулга уулзалтаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспортын нэвтрүүлэх чадварыг сайжруулах зэрэг асуудлыг хөндөхөөс гадна зургаан сэдвээр илтгэл тавигдаж, хэлэлцүүлэх ажээ.
"Фэнвэй Энержи информэйшн сервисез" компанийн Дэд ерөнхийлөгч Сара Лиу “Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт, нийлүүлэлт, үнэ, өрсөлдөөн”, Ази-Номхон далайн уул уурхай, металлын суурь шинжилгээний төв болох "Вүүд Маккензи групп"-ийн ахлах шинжээч Пралаб Бхаргавагийн "Шилжилтийг чиглүүлэх нь", "S&P Global Platts" компанийн Азийн бүс хариуцсан захирал Жьюлиэн Халлын "Хятадын коксжих нүүрсний импортын чиг хандлага" сэдвээр тус тус илтгэл тавих юм байна.
Ц.ОРГИЛ
“Coal Mongolia” чуулга уулзалтад 15 орны 600 орчим төлөөлөгч оролцож байна |
|