Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"АВЛИГЫГ УСТГАХГҮЙ БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХГҮЙ"
7 жил өмнө   884

-Монголын банкуудын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдоод банкуудтай танилцсан гэсэн. Цаашид энэ холбоо хэрхэн ажиллахаар төлөвлөгөө гаргав?

 

-Монголын банкуудын холбооны үндсэн зорилго нь Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийг бататгах, банкуудын эдийн засагт оролцох үүргийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Мөн банкны сектортой холбоотой хууль тогтоомжийг сайжруулах, саналаа тусгах секторын эрх ашгийг хамгаалах байгууллага. Гэхдээ секторын эрх ашгийг хамгаалах нэрийдлээр иргэдэд ашиггүй, эдийн засагт хохиролтой зүйл хийнэ гэсэн үг биш. Иргэдийн ашиг орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч байж банкны ашиг нэмэгддэг учраас том утгаар нь эдийн засгаа харж, төлөвлөхөд холбоо анхаарлаа хандуулсан юм болов уу гэж би хувьдаа дүгнэж байна. Ажлаа авснаас хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа банкны захирлуудтай уулзалт хийж, санал хүсэлтийг нь сонссон. Банкны захирлууд эдийн засгийн өсөлтийн хурдыг хэрхэн түргэтгэх вэ, төрөөс гарч байгаа хууль тогтоомжийг олон улсын эдийн засгийн  нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн макро эдийн засагт хэрхэн нийцүүлэх вэ, активын чанарын үнэлгээний тухай банк тус бүрээр саналыг нь сонслоо. Зээлийн хүүг яаж хамтарч бууруулах зэрэг олон талын асуудлуудыг нэгтгэж, санал солилцсоноор ажлаа эхлүүллээ.

 

Монголын банкууд сүүлийн хэдэн жил зээлийн хүү өндөр байгааг ярьж, асуудал дэвшүүлж ирсэн. Жилийн тав, 20 хувийн хүүтэй зээл авсан хоёр хүний хэн нь зээлээ эргүүлж сайн төлөх вэ гэдэг асуудал яригдахад банк 100 төгрөгийн зээл олгосон бол тухайн мөнгөө буцааж аваад, түүн дээр хүүгээ нэмж авдаг. Өндөр хүүтэй зээл авсан  хүн зээлээ төлж чадахгүй эрсдэл үүсвэл банк эрсдэл хүлээнэ. Тиймээс банкны захирлуудын хувьд зээлийн хүүг бага байлгах сонирхолтой. Харин холбооны хүрээнд энэ асуудлыг эрдэмтэд, экпертүүдтэй ярьдаг байснаас олон нийтэд мэдээлдэггүй байсан байж магадгүй. Би энэ холбооны ерөнхийлөгчийн хувиар олон нийтийн санхүүгийн боловсролд онцгой анхаарч ажиллах тодорхой төлөвлөгөө гаргасан. Монголбанк, Хөрөнгийн бирж, Сангийн яам зэрэг байгууллагуудтай хамтарч ажиллана.

 

-Та зээлийн хүүг бууруулах санаачлагыг гаргасан хүн. Тиймээс олон нийтийн зүгээс банкны холбооны шинэ ерөнхийлөгч зээлийн хүүг бууруулах алхам хийх болов уу гэсэн хүлээлт их байгаа байх?

 

-Зээлийн хүү өндөр байснаар банк өндөр ашиг олдог гэх ойлголт олон нийтийн дунд бий. Гэтэл бодит амьдрал дээр зээлийн хүү өндөр байснаар зээлийн чанар муудахад зээлдэгчид болон банкинд хортой. Олон нийтийн зүгээс зээлийн хүү өндөр болохоор банк ашиг олдог гэж ойлгодог. Банкны ашиг бол хүүгийн зөрүү буюу олон улсад маржинг гэж нэрлэгддэг зүйлээс олдог. Маржинг гэдэг нь хадгаламжийн хүү, зээлийн хүү хоёрын хоорондын зөрүүг хэлдэг. Монголд төгрөгийн хадгаламжийн хүү дунджаар 16 хувь байхад зээлийн хүү 19 хувь байна гэж тооцоход зөрүү нь гурван хувь. Энэ бол банкны ашиг. Монголын банкны маржингийг АНУ-ын банкны маржингтай харьцуулж судалж үзэхэд гурван хувь байсан. Тэгэхээр Монголын банк, АНУ-ын банк аль аль нь гурван хувийн маржингтай. АНУ-ын санхүүгийн зах зээл бол 2000 орчим банктай маш өрсөлдөөнтэй зах зээл. Тэгэхээр Монголын банкуудын өрсөлдөөн харьцангуй эрүүл байна гэж би хувьдаа дүгнэсэн. Банкны холбооны урдаа барих, ирэх жилүүдэд хийх гол ажил бол зээлийн хүүг зохистой байдлаар бууруулах асуудал. Яагаад гэвэл сүүлийн саруудад макро эдийн засгийн эсрэг байдлаар зээлийн хүүг бууруулах асуудал маш их хүчтэй яригдаж байна.  Буруу замаар явбал буцахдаа шорооно тээнэ гэж үг бий. ОХУ гэхэд 70 жил коммунист нийгэм, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай явж ирсэн. Энэ нь өөрөө макро эдийн засгийн зах зээлийн зарчимтай зөрчилдсөн, буруу зүйл гэдгийг 70 жилийн дараа ойлгож, эдийн засгийн тогтолцоо нь нуран унасан. Хэдийгээр Орос улс цэргийн хүчээр дэлхийд дээгүүр жагсах боловч эдийн засаг, ард түмний баян чинээлэг хэмжээгээр тааруухан үзүүлэлттэй явдаг. Монгол Улс ч гэсэн эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ 100-аас хойш жагсдаг. Яагаад гэвэл бид төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг гэж амьдралд хэрэгжих боломжгүй нийгмийг 70 жил байгуулах гэж оролдсон учраас дөнгөж 1990 оноос хөрөнгийн бирж, хувийн банкны тогтолцоотой болсон. Анхнаасаа чөлөөт зах зээлийн зарчим, ардчилсан нийгмийн зарчмаар явсан Англи, АНУ, Швейцарь зэрэг орнууд ямар түвшинд хөгжил нь хүрснийг бид нүдээрээ харж байна.

 

1960 онд чөлөөт зах зээлийн тогтолцоог сонгосон Өмнөд Солонгос, Сингапур яаж хөгжиж байгааг бид харж байгаа. Тэгэхээр улстөрчид, даатгал, бизнесмен, брокер, макро эдийн засгийн эрдэмтэд, банкууд бид хамтарч зээлийн хүүг бууруулах ёстой. Гэхдээ чөлөөт зах зээлийн зарчмаар макро эдийн засгийн хуулийн дагуу бууруулах бүрэн боломжтой шүү гэдгийг л хэлээд байгаа юм. Гэтэл энэ аргыг сонгохын оронд 1960, 1970 он шиг хүчээр хийх гэж оролдох юм бол энэ нь эргээд бидэнд маш том хохирол учруулна гэдгийг онцгойлон анхааруулж хэлмээр байна. Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг ч би өөрөө боловсруулсан.

 

-Зээлийн хүүг бууруулах стратегийн гол зарчим нь юу байх юм бэ?

 

-Төгрөгийн ханш дандаа сулардаг учраас төгрөгийн хүүг зориуд өндөр тавихаас өөр аргагүй гэдгийг нь оношилсон. Чөлөөт зах зээлийн зарчмаа баримтлахад толгой өвтгөсөн, эдийн засгийн ном унших, сахилга бат, тэсвэр хатуужил, хамтын ажиллагаа шаардана. Энэ бүгдээс зайлсхийж амар хялбар аргаар шийдэхийг оролдоод байгааг нь буруутгаж байгаа. Өнгөрсөн 27 жил гаргасан бидний гол алдаа бол ардчилал, чөлөөт зах зээлийн ололт амжилт, оюун ухааныг ашиглахын оронд коммунист аргаараа хүчээр, товчлох гэсэн аргаар төрөөс хуваарилалт хийдэг байдлаар явж ирсэн учраас монголчууд эдийн засгийн үзүүлэлтээрээ 100-аас хойш дугаарт бичигдсээр ирсэн. Одоо бид сургамж авч, макро эдийн засгийн хуулийн дагуу эдийн засгаа удирдаж, толгойгоо дайчлах хэрэгтэй байна. Гараа хөдөлгөхгүй, хөлсөө гаргахгүйгээр хөгжилд хүрсэн улс орон гэж байхгүй. Зузаан эдийн засгийн ном уншихаас битгий залхуур  л гэж хэлмээр байна.

 

-Зээлийн хүүг бууруулах зохистой арга хэрэглэж чадвал хэдэн хувь хүртэл буурах боломжтой вэ?

 

-Зээлийн хүүг бууруулах стратегид 2020 онд зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулья гэсэн. Гэтэл өнөөдөр бид огт буруу газраас юм хайгаад л яваад байна. УИХ дээр энэ асуудлаар ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Банкны холбооноос хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээлийг хөгжүүлье гэдэгт санал нэгдэж, төр засгаа дэмжиж ажиллахгүй бол болохгүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн.

 

Улс орны эдийн засгийг хөрөнгийн зах зээл, даатгал, банкны сектор гэсэн гурван багана тус бүр 30 хувиар тулдаг. Энэ гурван багана байж эдийн засгийн ачаалал жигд хуваарилагддаг. Гэтэл өнгөрсөн хугацаанд даатгал, хөрөнгийн зах зээл хоёрыг хөгжүүлж чадаагүй учраас 30 хувийн ачаалал авах ёстой банкны салбар нь 95 хувийн ачааллыг авч байгаа учраас зээлийн хүү өнөөдөр өндөр байгаа юм. Даатгал, санхүүгийн зах зээл хоёроо жигд хөгжүүлж, ачааллыг тэнцүүлэх юм бол зээлийн хүү буурах суурь нөхцөлүүд бүрдэнэ.

 

28 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ СЕКТОРЫГ 500 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ

СТАНДАРТААР ШАЛГАСАН

 

-ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Нийт дүнгээрээ сайн боловч банкууд өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх ёстой гэдэг шаардлага тавьж байгаа гэдгээ Монголбанк мэдэгдсэн. Активын чанарын үнэлгээнд банкууд болон холбоо ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Активын чанарын үнэлгээнд бүх банкны удирдлага сэтгэл хангалуун байгаа. Үр дүн маш сайн гарсан. Сүүлийн жилүүдэд банкны салбарыг харлуулах, байр суурийг нь ганхуулах, доош нь хийх үзэгдэл маш их явсан. Олон улсын түвшинд ч Монголын банкууд “өвчтэй” байгаа гэх ойлголтыг төрүүлэх гэж оролдож ирсэн. Үүнд би маш их харамсч байсан.

 

Энэ удаагийн активын чанарын үнэлгээг Европын төв банкны стандартаар хийсэн. Улс төрийн байдал нь ороо бусгаа, засаг төр нь шийдвэрээ байнга өөрчилдөг,  төрийн бодлого нь банкны салбартаа сөргөөр нөлөөлдөг 28 жилийн түүхтэй салбарыг арилжааны банк үүсээд 1000 болж байгаа секторын стандартаар шалгалт хийсэн. Өөрийн хөрөнгийн дутагдал гэдэг нь Европын стандартаар гаргасан дүн. Монголын хууль тогтоомж, дүрэм журмаа банкууд биелүүлээд явж ирсэн. Энэ ондоо багтааж банкны өсөлтөөр хөрөнгийн дутагдал нь арилна гэж би бодож байна.

 

-Төв банкнаас банкны салбарыг эрүүлжүүлэх, дэлхийн стандартад нийцүүлэхийн тулд цогц хуулийн төслүүдийг боловсруулж байгаа. Оны өмнө хоёр ч хуулийн төслийг батлуулсан. Банкны холбоо салбарынхаа хууль тогтоомжид саналаа тусгаж чадаж байна уу?

 

-ОУВС-ийн зүгээс Европын стандарттай болгох чиглэлэ өгсөн. Үүний дагуу ажиллаж байгаа. Банкны холбоо банкууд ч гэсэн дэмжиж байгаа. Гэхдээ зайлшгүй анхааруулах зүйлс байна. Тухайлбал, бид Европ биш, 28 жилийн түүхтэй. 500 жилийн түүхтэй стандартыг 28 жилийн түүхтэй секторт нааж болох ч эдийн засагт хохиролтой. Хөгжиж байгаа улсын онцлог, улс төрийн бодлого нь тогтворгүй байдаг зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг бодох хэрэгтэй. Банкны салбарын чанаргүй зээлийн тодорхой хэсэг нь төрийн бодлогын залгамж халаа алдагдсан, нэг сайд, нэг дарга гарч ирээд өмнөх бодлогоо үгүйсгэдэг зэрэг асуудлаас үүсдэг. Монголын банкууд маш хүнд нөхцөлд ажилладаг, эдийн засгийн хувьд хоёр хөршөөс хамааралтай улсад ажиллаж байгаа банкны секторт маш уян хатан стандарттай байх ёстой. Тэгж явсаар ирсэн учраас Европын стандартаар шаардлага тавьж үнэлгээ хийхэд сайн дүнтэй гарсан. Хууль тогтоомж, олон улсын стандартыг Монголд нутагшуулахдаа анхаарах зүйлүүд байгаа шүү гэдгээ харах ёстой.

 

Банкууд өөрийн хөрөнгийг нэмснээр зээлийн хүүн дээр нэмэгддэг өртөг илүү их нэмэгдэнэ. Монголын банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ гэж бий. 100 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй банкны хэдэн хувь нь эзний оруулсан хөрөнгө байх ёстой вэ. Томоохон банкууд 14 хувь байгааг 16 хувь болгох асуудлыг ярьж байгаа. Гэтэл олон улсад энэ нь долоон хувь байдаг. Олон улсаас нэг дахин өндөр байж дахин нэмэх асуудлыг ярьж байгаа нь эдийн засагтаа ямар өртөг нэмэх вэ гэдгийг  анхаарах ёстой. Үүн дээр нэмээд Төв банкинд 10 хувийг нь заавал байршуулах хөрөнгөтэй байх ёстой гэдэг зарчим үйлчилдэг. Энэ мэтчилэн Монголын банкны салбар дэлхий дээр байхгүй өндөр шалгуур, шаардлагыг хангаж ажиллаж байхад дахин чангатгана гэдэг нь эдийн засагт орох мөнгөний урсгалыг багасгах эрсдэл үүснэ. Энэ мэтчилэн саналууд бий, түүнийгээ явцын дунд илэрхийлнэ. Бид макро эдийн засагт банкны систем зөв үйлчлээсэй гэдэг л байр суурьтай.

 

БАНКНЫ ХОЛБОО ГАДНЫ БАНК ОРЖ ИРЭХИЙГ ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ,

ГЭХДЭЭ...

 

-Банкны холбоо бол мэргэжлийн холбоо. Өнгөрсөн хугацаанд гадны банк Монголд орж ирэхийг хамгийн их эсэргүүцдэг нь холбоо нь гэж зарим эдийн засагчид, улстөрчид тайлбарладаг. Та холбооны ерөнхийлөгчийн хувьд гадны банкны асуудалд ямар байр сууринаас хандах вэ?

 

-Би мэргэжлийн хүний хувьд гадаадын банк орж ирэхийг хоёр гараа өргөөд дэмжинэ. Гадаадын өрсөлдөөн орж ирэхэд холбоо эсэргүүцсэн гэж бодохгүй байна. Харин үндэсний аюулгүй байдлын түвшинд энэ асуудлыг анхаарч үзэх ёстой гэдэг асуудлыг тавьж ирсэн. Өнөөдөр ч гэсэн банкны холбоо надтай санал нэг байна. Гадаадын банк оруулж ирэхийг эсэргүүцэхгүй ч үндэсний эрх ашгийн хувьд, аюулгүй байдлын хувьд яаж авч үзэх вэ гэдэгт болгоомжтой хандах ёстой гэдэг зохицуулалт хийх ёстой гэдэг байр суурийг хадгална.

 

Ер нь бол Монголд гадаадын банк бий. Жишээлбэл, банкны системийн 90 хувийн топ таван банкны эзэлж байгаагийн хоёр нь эзэмшлийн 51-ээс дээш хувийг гадаадууд бүрдүүлдэг банк бий. Гадаадын банкны салбар орж ирээд өрсөлдөөнийг нь Монголын банкны сектор дийлэхгүй унаад зөвхөн гадны банк үлдлээ гэж бодвол ирээдүйд Монголын эдийн засгийн хамгийн гол салбар болох банкийг хэн удирдах вэ гэдэг асуудал яригдана. Банкны аливаа шийдвэрийг төв банкны захирал гаргадаг. Монголд гадаад банк салбараа нээх, банк байгуулах хоёр тусдаа асуудал. Өнгөрсөн хугацаанд гадны банк орж ирэх нь буруу, зөв гэж ярьснаас гадаадын банк салбар нээх, төв оффистой байх эсэх асуудлыг хөндсөнгүй. Монгол Улсын банкны салбарт үйлчилгээ үзүүлэх гэж байгаа бол шийдвэр гаргагч буюу гүйцэтгэх захирал нь Монголд оффислодог байх ёстой. Түүнээс аль нэг банкны салбарын захирал ирээд үйл ажиллагаа явуулах нь буруу. Ганцхан жишээ хэлэхэд, орон нутагт салбартай банкны захирал орон нутгийн сайн сайханд нөлөөлөх шийдвэр гаргах уу эсвэл төвөөс өгсөн банкны бодлогыг хэрэгжүүлэх үү. Монгол Улсын хувьд стратегийн, геополитикийн шийдвэр гаргах гэж байгаа бол банкны салбар оруулж ирэх үү, шийдвэр гаргадаг гүйцэтгэх захиралтай, сэтгэл зүрх нь энд байх банк сонгох уу гэдэг асуудлыг л ярих ёстой.

 

-Зарим эдийн засагчид банкууд иргэдэд зээл өгөх биш үйл ажиллагаагаа өргөжүүлэх ёстой гэдгийг хэлдэг. Цаашид банкны салбарт ямар сорилтууд байгаа бэ?

 

-Чөлөөт зах зээл дээр олон банк үйл ажиллагаа явуулж байгаа өрсөлдөөний журмаараа л явах ёстой. Ер нь бол банк гурван үндсэн үүрэгтэй. Нэгд, төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг. Бид өнөөдөр банк хоорондын гүйлгээг секундын дотор хийж байна. Банкны хүртээмжийн судалгаа хийхэд нэг хүнд ногдох салбар, АТМ, карт, хос машины тоогоороо бид дэлхийд тэргүүлэх хэмжээнд яваа. Өнөөдөр АНУ-д гэхэд банк хоорондын гүйлгээ хийхэд гурав хоног зарцуулдаг. Хоёрт, хадгаламжийн үүрэг. Эдийн засагт хүмүүсийн мөнгийг хуримтлал хэлбэрээр төвлөрүүлж, дахин хуваарилах бололцоог бий болгодог. Эцсийн үүрэг нь зээлдүүлэгчийн үүрэг. Зээлдүүлэгчийн үүргийг банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард ч олгож болно.

 

-Арилжааны банкны гол үйлчлүүлэгч нь иргэд, аж ахуй нэгж.  Банк хоорондын шимтгэл өндөр, барьцаа нь хэт өндөр гэх мэт шүүмжлэлийг иргэд, аж ахуй нэгжүүд хэлдэг. Ер нь иргэдэд илүү их хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр яаж ажиллах вэ?

 

-Монголын банкны систем дэлхийд тэргүүлэх технологийн дэвшил үйлчилгээг иргэдэд санал болгодог. Банкууд иргэдэд барьцаагүй, хүүгүй зээл олгодог. Харин аж ахуй нэгжээс барьцаа хөрөнгө шаарддаг нь үнэн. Гэхдээ барьцаанаас илүү бизнес төлөвлөгөөнд үндэслэж зээл өгдөг систем рүү бид явна. Ийм систем рүү явахын тулд төр, засаг нь бодлогоо тодорхой болгох ёстой. Яагаад банк барьцаа шаардаж байна гэхээр эрсдэлтэй учраас. Эрсдэл хаанаас бий болж байна вэ гэхээр эдийн засаг, нийгэм, улс төрийн бодлого тогтворгүй байгаагаас үүсч байна.

 

Нэг аж ахуй нэгжид зээл олгохоор хэн нэгэн хүн тухайн бизнесийн үйл ажиллагааг зогсоох, тусгай эрхийг нь цуцлах, татварыг нь нэмэх вий гэсэн болгоомжлол байгаа учраас банк эрсдэлээ тооцож барьцаа хөрөнгө шаарддаг. Би түрүүн хэлсэнчлэн зээлийн хүүг бууруулахын тулд толгойгоо өвтгөж, хамтарч ажиллаж, макро эдийн засгийн зузаан ном унших ёстой гэж хэлсэн нь бизнесийг тодорхойгүй, тогтворгүй, эрсдэлтэй болгоод байгаа бүх зүйлээ арилгана гэсэн үг. Авлигыг устгахгүй бол зээлийн хүү буурахгүй. Яагаад гэвэл авлига өртөгт нь шингээд бизнесийг дампууруулах хүчин зүйл болж байна. Өнөөдөр улстөрчид 28 жил хийгээгүй зүйлээ хийх ёстой.

 

-Даатгал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ямар боломж байна вэ. Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж маш их ярьсан ч өнөөдөр тодорхойгүй байсаар байна?

 

-Хөгжүүлэх боломж өнгөрсөн 28 жилийн турш байсан. Ганцхан сэтгэл дутсан. Даатгал, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх юм бол банкны зээлийн хүү буурч, хувьцаа гаргаж, хүмүүс нь даатгалтай болно гэж бодохын оронд хоол авчирсан банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард руу доромжилж болохгүй. Бид хамтраад улс орны эдийн засгаа хөгжүүлэх ёстой. Хамтарч ажиллахын тулд олон улсын макро эдийн засгийн стандартаар хөгжих ёстой. Бид энд шинэ зүйл зохиогоод, зээлийн хүүг хүчээр тогтоох хэрэггүй. Хүчээр оролдоод улс орны эдийн засаг, тусгаар тогтнолоо алдах эрсдэлүүд бий болдог гэдгийг олон жишээнээс харж болно.

 

-Дэлхийн улс орнуудад ипотекийн зээлийн журам иргэндээ ачаалал багатайгаар боловсруулсан. Гадны орны жишгийг Монголд нутагшуулах боломж хэр байдаг юм бэ?

 

-Чех улсад ипотекийн зээлийн хүү жилийн хоёр хувь байдаг. Энэ улс 1990 онд коммунист системээс бидэнтэй адил чөлөөт зах зээлд шилжсэн. Тэд яагаад чадав. Энэ улсын даатгал, хөрөнгийн зах зээл нь биднээс хэдэн хувь илүү хөгжсөн. Ипотекийн зээл жилийн хоёр, гурван хувь хүртэл буурах ёстой. Түүний тулд бид хамтдаа зүтгэж,  сахилга батаа сайжруулж, бие биенийгээ муулахгүйгээр хамтраад урагшаа явах бүрэн боломжтой.

 

"АВЛИГЫГ УСТГАХГҮЙ БОЛ ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРАХГҮЙ"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0