ОХУ ирэх аравдугаар сараас Аи-92 шатахууны үнийг тонн тутамдаа 41 ам.доллар, дизель түлш тонн тутамдаа 91 ам.доллараар тус тус нэмнэ гэж тус улсын Сангийн яамны сайтад мэдээлжээ.
Энэ сарын байдлаар Орост Аи-92 шатахууны дээрх хилийн үнэ 1 тонн нь 721 ам.доллар, дизель түлш 1 тонн нь 673 ам.долларын үнэтэй байгаа юм. Монгол Улсын хувьд есдүгээр сард ийм үнээр тус улсаас шатахуунаа худалдан авч буй гэсэн үг.
Тэгвэл ирэх сараас Аи-92 шатахууныг 1 тонныг нь 762 ам.доллараар (1,878,330 төгрөг), дизель түлшийг 1 тонныг нь 764 ам.доллараар (1,883,260 төгрөг) худалдаж авч эхлэх нь тодорхой болов. Тиймээс Монгол Улсад шатахууны үнэ нэмэгдэх гэж ойлгож болно. Дизель түлшнээс л гэхэд манай улс тонн тутамд 280,000 төгрөгийн татвар авдаг, мөн НӨАТ-ын 10%, гаалийн 5%-ийн татвар гээд зөвхөн улсын авдаг татваруудын хэмжээг тооцож үзэхэд тонн тутмын үнэ нь 2,400,000 төгрөгөөс давчихаж байгаа юм.
Хойд хөршийн хувьд зөвхөн ирэх сард бус 11, 12 саруудад ч дээрх үнийг өсгөх хандлагатай байгаа аж.
Шинжээчдийн үзэж буйгаар ОХУ-ын Засгийн газар нефть, байгалийн хийн олборлолтын онцгой албан татварыг цаашид ч нэмэхээр төлөвлөжээ. Эндээс бүрдүүлэх татварын хувь хэмжээг нэмэгдүүлснээр Ерөнхийлөгч Владимир Путины залуу гэр бүлд зориулсан орон сууцны хөтөлбөрүүд гэх мэт нийгмийн халамжийг сайжруулахад чиглэгдэх юм.
А.ЦЭЛМЭН
ОХУ шатахуун нийлүүлэх үнээ нэмэгдүүлнэ |
|