Шатахууны үнийн өсөлтийн талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хийлээ. Тэд хэвлэлийн хурлынхаа эхэнд " Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн нь Манай Монгол Улс дах бензин шатахууны үнэд нөлөөлж, ханшийн зөрүү нилээн их гарч байгаа. Газрын тосны үнэ өссөн нь ОПЕК, ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжүүлсэнтэй шууд холбоотой. Мөн АНУ болон Сирийн улс төрийн хурцадмал байдлаас болж газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу 80 ам.долларт хүрсэн. Энэ өсөлттэй холбоотойгоор ОХУ-ын “Роснефть” компани энэ оны аравдугаар сард шатахууны хилийн үнийг тонн тутамд 45-85 ам.доллараар нэмсэн учир, Аи92 бензин 766 ам.доллар, дизелийн түлш 758 ам.долларын үнэтэй болсон. Өөрөөр хэлбэл энэ үнээр манай улсад шатахуун нийлүүлэгдэж буй гэсэн үг. Дээр нь ам.долларын үнийн өсөлтөөс үүдэж, өдөр тутмын хэрэглээ болсон шатахууны үнэ нэмэгдсэн" гэсэн юм.
Мөн "Манай улсын шатахууны хэрэглээ 100 хувь гадаад улсаас хамааралтай учир дэлхийн газрын тосны үнэ, ОХУ-ын “Роснефть" компаниас нийлүүлж буй хилийн үнийн хэлбэлзэл нь болон ам долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд нөлөөлж байна" гэдгийг онцлов.
Хэвлэлийн хурлын үеэр АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас цаашид ямар арга хэмжээ авах талаар тодруулахад, “Шатахууны үнийн асуудал гурван хүчин зүйлээс шалтгаалдаг. 100 хувь гаднаас импортоор шатахуунаа авдаг. Ойрын үед газрын тосны боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Өнгөрсөн долдугаар сард үнийн асуудал хөндөгдөж орж ирэхэд томоохон импортлогч аж ахуйн нэгжүүдэд манайхаас мэдэгдэл хүргүүлж байсан. Гадаад зах зээлийн ханш ам.доллар өсч байгаа бол мөн ханш буурч байгаа тохиолдолд тухайн бүтээгдэхүүний үнийг буулгаж байхыг мэдэгдсэн. Тус компаниудаас гадаад зах зээлийн ханш буурахад жижиглэнгийн үнийг буулгана гэсэн хариу өгч байсан” гэлээ.
Дашрамд сонирхуулахад, энэ сарын 2-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дундажаар ердийн хэрэглээний 37 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 98, Аи-92 автобензин 34, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 31 хоногийн нөөцтэй байгаа аж.
Харин шатахууны үнийн өсөлтийн тухайд гэвэл, Өнөөдрийн байдлаар бензиний үнэ 60-80 төгрөгөөр, дизель түлшний үнэ 90-100 төгрөгөөр нэмэгдээд байгаа юм.
Ц.ОРГИЛ
Ам.долларын ханш шатахууны үнэ өсөхөд нөлөөлсөн гэв |
|