Олон улсын хөрөнгө оруулалтын банк Монгол Улсын Хөгжлийн банк хооронд эх үүсвэрийн гэрээг үзэглэв.
Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг болон шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны комиссын 21-р хуралдаан хоёрдугаар сарын 28-нд Москва хотноо эхэлсэн.
ОХУ-ын Байгалийн баялаг, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга С.Е.Донской болон Монгол Улсын шадар сайд, тус комиссын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин нар хуралдааныг даргалан явуулав. Комиссын хоёр талын гишүүд, шинжээчид оролцсон энэ удаагийн хуралдаанд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгчид оролцлоо.
Долоон жил хүртэлх хугацаагаар 30 сая еврогийн эх үүсвэрийг олгоно
Хуралдааны хүрээнд Олон улсын хөрөнгө оруулалтын банк болон Монгол Улсын Хөгжлийн банкны хооронд дахин санхүүжилт олгох тухай хэлэлцээр байгуулсан юм. Уг хэлэлцээрт Монгол Улсын Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат болон Олон улсын хөрөнгө оруулалтын банкны орлогч захирал Владимир Ливенцев нар гарын үсэг зурав.
Хэлэлцээрийн дагуу Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдолтой төслүүдийг дахин санхүүжүүлэхэд зориулж тус улсын Хөгжлийн банкинд 7 жил хүртэлх хугацаагаар 30 сая еврогийн эх үүсвэрийг олгоно.
Монгол Улс болон ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын гишүүд Олон улсын хөрөнгө оруулалтын банкны зүгээс Орос болон Монголд хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, хоёр банкны хооронд хэлэлцээр байгуулсанд баяр хүргэв.
Олон улсын хөрөнгө оруулалтын банк нь Монгол Улсад чиглэсэн зээл-хөрөнгө оруулалтын үйл ажиллагаагаа тууштай өргөжүүлж ирсэн бөгөөд 2012 оноос хойш Монгол Улсын эдийн засагт нийт 650 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.
Олон улсын хөрөнгө оруулалтын банкнаас 30 сая еврогийн зээл авлаа |