Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Валютын нөөц төгрөгийн дархлааг сайжруулна
6 жил өмнө   619
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-гаас манай улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрээд байна. Хамгийн сүүлд буюу энэ сарын 3-нд монголбанкны дансанд 36.22 сая ам.доллар орж ирснээр улсын гадаад валют чамгүй хэмжээгээр нэмэгдлээ. Өнгөрсөн онд дээрх хөтөлбөрийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийгдсэн. Тэгвэл энэ онд "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" болон БНСУ, Япон, Энэтхэг зэрэг орны банк, санхүүгийн байгууллагуудаас нийт 836 сая ам.долларын санхүүжилт хүлээгдэж байна. Энэ нь төгрөгт ирэх ханшийн дарамт саарна гэсэн дохио. Тэрчлэн ам.долларын ханш тогтвортой байх “мессеж” өгч байна. Хөгжлийн банкны олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон 500 сая ам.долларыг залгаад ОУВС-гийн дээрх санхүүжилт орж ирсэн нь төгрөгийн ханш сулрах эрсдэлийг хумьж байгаа юм.
 
Тодруулбал, монголбанкны зарласан албан ханшид сүүлийн хагас сарын хугацаанд огцом өөрчлөлт ажиглагдсангүй. Валютын орох урсгал сайжрахтай зэрэгцээд төгрөгийн ханшийн төлөв эерэг болж эхэллээ. Үүн дээр жин нэмж, монголбанкны аравдугаар сарын алт тушаалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар өсөв. Ингэснээр төв банк энэ оны эхний арван сард нийт 17.7 тонн алт худалдан аваад байна. Энэ нь улсын гадаад валютын албан нөөцийг ойролцоогоор 610 орчим сая ам.доллараар зузаатгахаар буй. Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд 2019 онд гадаад валютын албан нөөцийг нэг жилийн импортын хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхээр хуульчилж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч валютын нөөцийг энэ хэмжээнд хүргэхээр хатуу болзол тавьсан. Тэгэхээр ирэх онд валютын нөөц одоо байгаагаас нэмэгдэнэ гэсэн үг.
 
“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС-гаас манай улсад олгосон санхүүжилтийн дүн 217.33 сая ам.долларт хүрээд байна.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 3-нд Монголбанкны дансанд 36.22 сая ам.доллар орж ирснээр улсын гадаад валют чамгүй хэмжээгээр нэмэгдлээ.
Ирэх онд гаднын зээл, тусламжаар 1.3 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр манай улсад хэрэгжинэ.
Өөрөөр хэлбэл, төв банк ам.долларт харам байж, зах зээлд үүсээд буй ханшийн огцом бус савлагааг намжаахад биш валютын нөөцөө илүү арвижуулахад мөнгөний бодлогоо чиглүүлэхээр байна. Энэ нь, бодлогын хүү ялимгүй нэмэгдэж, мөнгөний бодлого чангарахад хүргэж мэдэх юм. Америкийн холбооны нөөцийн банкны шийдвэр, ам.долларын түрэмгийлэл эс хүссэн ч мөнгөний бодлогоо эргэж харахад хөтөлж мэдэхээр байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засаг сэргэж, ажил эрхлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор холбооны нөөцийн банк 2008 оноос хойш хэрэгжүүлсэн мөнгөний хэт зөөлөн бодлогоо аажмаар чангаруулж эхэлсэн. Ам.долларын өгөөж нэмэгдэж байгаа энэ үед хөрөнгийн урсгал хөгжиж буй орнуудаас гадагшлах болов. Дэлхий нийтээр ам.долларын нийлүүлэлт багасч байгаа нь валютын нөөцийг улам үнэ цэнтэй болгож байна. Монгол улсын гадаад валютын албан нөөц гурван тэрбум ам.доллар мөргөөд буй.
 
Энэ нь импортын бараа, үйлчилгээний таван сарын хэрэгцээг хангах дүн. Үүнийг зургаан тэрбум ам.доллар болгож байж мөнгөний бодлогын зорилт биеллээ олох учиртай. Одоогийн байгаа валютын нөөц мөнгөний нийлүүлэлтийн 40 гаруй хувьтай, богино хугацаат гадаад өрийн 89.6 хувьтай тэнцэх аж. Гадаад валютын албан нөөцийн хэмжээ үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан хэмжээнээс 42 хувиар доогуур байна. Богино хугацаат гадаад өр төлбөрийг барагдуулахад ч дээрх нөөц хүрэлцэхгүй. Засгийн газар, төв банкны гадаад өрийн хэмжээ 9.4 тэрбум ам.доллар болсон. Үүний 20.4 хувь нь богино хугацаат өр юм. ОУВС-гаас манай улсын гадаад өрийн дарамт туйлын өндөр гэж “оношилсон”. ийм нөхцөлд валютын нөөцөө нэмэгдүүлж байж ам.долларын ханшийн өсөлтөд багахан өртөх учиртай. Тэрчлэн 2020 оноос золгох өндөр дүнтэй өрийн эргэн төлөлтийг санхүүжүүлэхэд, тэр үед үүсэх ханшийн эрсдэлийг давахад валютын нөөц гол үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Угаасаа жижиг, нээлттэй эдийн засгийн зовлон их.
 
Монголчуудын өргөн хэрэглээний барааны 40 орчим хувийг импортын бараа бүрдүүлж байгаа өнөө үед валютын нөөцөөс эдийн засгийн “тусгаар тогтнол” эхэлнэ. Төв банк энэ онд 22 тонн алт худалдан авахаар зорьж байгаа. Энэ нь валютын нөөцийг 800 орчим сая ам.доллараар зузаална. Валютын зохицуулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед ам.долларын ханш тогтворжиж, монгол төгрөгийн баталгаа болсон гадаад валютын албан нөөц нэмэгдэж байна. Үүнээс гадна ирэх онд гаднын зээл, тусламжаар 1.3 тэрбум ам.долларын төсөл, хөтөлбөр манай улсад хэрэгжинэ. Азийн хөгжлийн банк дээрх санхүүжилтийн 40 гаруй хувийг бүрдүүлэх бөгөөд дотоодын эдийн засагт энэ нь сайн нөлөө дагуулна гэж Сангийн сайд онцолсон. 1.3 тэрбум ам.доллар нь ажил, үйлчилгээ болж эдийн засагт шингэх төдийгүй цөөнгүй ажлын байр шинээр бий болгохоор байгаа. Гол нь валют дотоодын эдийн засагт орж ирж байгаа нь төгрөгийн ханш дахин сулрах эрсдэлийг бууруулах давуу талтай билээ.
 
Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН
Валютын нөөц төгрөгийн дархлааг сайжруулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0