БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Баясгалантай ярилцлаа.
-Цахим аялал жуулчлалыг Монголд бий болгохоор ажиллаж эхэллээ. Энэ талаар яриагаа эхэлье.
-Өнгөрсөн 21, 22-ны өдрүүдэд манай улс Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, “Их Түмэн гол санаачилга” төсөл, БОАЖЯ хамтраад аялал жуулчлалын Олон Улсын маркетинг гэсэн семинарыг хоёр өдөр зохион байгуулсан. Энэ семинарын гол онцлог нь бид өнөөдөр ямар маркетингийн арга хэрэгсэл, хэлбэрүүдийг түлхүү ашиглаж байгаа, олон улсад ямар маркетингийн хэлбэрүүд үр дүнтэй, өгөөжтэй байгаад харилцан анализ хийн, мөн Монгол Улсыг гадаадад сурталчлах чиг үүргийг аль аль байгууллагууд ямар хэмжээнд гүйцэтгэж байгаа, ямар төсөвтэй явж ирэв, цаашид яахав гэдэгт ярилцсан.
Энэ үеэр Монгол Улсад бидний нэвтрүүлэх гэж байгаа цахим аялал жуулчлал буюу аялал жуулчлалын нэгдсэн цахим платформ, цахим технологиудыг цахим аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэхэд олон улсын байгууллагуудтай хэрхэн хамтрах ажлын талаар яригдсан юм. Үүнд аялал жуулчлалын нэгдсэн цахим платформ гэдэгт дэлхийд энэ чиглэлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаж ирсэн “Chameleon Strategies” компанитай хамтарч ажиллахаар болсон. Өмнө нь улс орнууд зөвхөн вэбсайт дээрээ улсынхаа гадаад сурталчилгааны зургууд болон контент, мэдээ мэдээллийг байршуулдаг байсан бол хиймэл оюун ухааныг ашигласнаар илүү дэвшилтэт болж буй юм. Тодруулбал, гадаадын иргэн ямар нэгэн байдлаар Монгол Улсад аялаад аяллынхаа талаар эерэг сэтгэгдэл нийгмийн сүлжээнд үлдээсэн тохиолдолд тухайн сэтгэгдлүүдийг аваад үндсэн платформ дээрээ татах жуулчин дамжсан сурталчилгааг хийх боломжтой болж байгаа гэсэн үг. Нөгөөтээгүүр энэ сурталчилгааг аль зах зээлд яаж хийх, зөвхөн Монгол гэдэг платформоос гадна олон улсын нэгдсэн төсөл буюу “Торгоны зам”, “Цайны зам”, “Их Түмэн гол санаачилга”, Төв Азийн орнууд гэх утгаараа Монгол Улс илүү олон чиглэлээр сурталчилгаагаа хийх боломжийг бүрдүүлсэн ухаалаг онлайн платформыг бий болгохоор дээрх компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гаригт БОАЖ-ын сайд хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Уг гэрээг байгуулсны үндсэн дээр бид өнөөдрөөс ажлаа эхлээд 2019 оны гуравдугаар сарын 30-ны өдөр гэхэд бүх цахимжуулах ажлаа эхлүүлэн Монгол Улсын нэгдсэн цахим платформыг албан ёсоор нээхээр ажиллаж байна.
-Тэгвэл цахим аялал жуулчлалыг нэвтрүүлснээр манай улсын аялал жуулчлалын салбарт ямар давуу тал бий болно гэж үзэж байгаа вэ?
-Давуу тал нь зөвхөн Монгол Улс гэж гадагшаа сурталчлах биш Монгол Улсын нэгдсэн вэбсайт, платформ дотор хувийн хэвшлүүд түлхүү өөрсдийнхөө мэдээлэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах замаар ашгаа нэмэгдүүлэх боломж нээгдэнэ. Мөн бид дээрх компанитай яагаад хамтарч ажиллахыг сонгосон гэхээр энэ төрлийн шинэ инновацийн бүтээгдэхүүнийг дэлхийн аялал жуулчлалын салбарт бий болгосон компани. Дээр нь Ази Номнон далайн бүсүүдийн хамгийн гол зорчдог Зүүн Өмнөд Азийн орнууд буюу Микон голын бүсийн зургаан орон болох Камбож, Мьянмар, Лаос, Вьетнам, Тайланд гэсэн өндөр аялал жуулчлал хөгжсөн зургаан улсын нэгдсэн платформыг хийгээд амжилтад хүрсэн туршлагатай юм. Манай улс өнөөдөр нэгдсэн платформ хийх ажлыг эхлүүлж байгаа боловч цаашид “Торгоны зам”, “Цайны зам”, “Их Түмэн гол” гээд өргөжөөд явна. Тухайлбал, аялал жуулчлал эсвэл зочид буудал эрхэлдэг компанитай бол манай улсын үндсэн цахим вэб хуудсанд таны мэдээлэл орохоос гадна сурталчилгааны мэдээлэл үнэ төлбөргүй явагдана гэсэн үг.
Цахим аялал жуулчлал нь өөрөө том ойлголт юм. Монгол Улсад цахим дээр суурилж хийгдэж байгаа бүх гадаад, дотоодын захиалга, хайлтуудыг үндэслээд аль зах зээлээс Монгол Улсыг илүү сонирхож байгаад бид маркетингаа чиглүүлье, аль зах зээл багасч байгаад нэмэх бодлого баримталъя, юуг хайж байгаа түүнд нь таарсан үйлчилгээ, бүтээгдэхүүнийг бий болгоё гэдэг дээр технологийн дэвшлийг ашиглан анализ хийж, датанд суурилсан төлөвлөлт хийх ажлыг эхлүүлэхээр дэлхийд аялал жуулчлалаар тэргүүлэгч “Amadeus” компанитай хамтарч ажиллах санамж бичиг байгуулсан. Мөн жуулчин Монгол улсад аялах гэж байгаа тохиолдолд аялах нөхцөлийг нь хөнгөвчлөх, нөгөөтээгүүр аялал жуулчлалын компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ жуулчдад зарахыг оролдож байгаа тохиолдолд тус бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг жуулчдад шууд хүргэх, захиалга авах нөхцөлийг сайжруулахад чиглэсэн дижитал технологиудыг аялал жуулчлалд нэвтрүүлэх асуудлаар энэ компанитай хамтарч ажиллахаар болсон. Энэ хүрээнд 2019 оны эхний хагаст гэхэд тус компаниас анализ хийгээд бидэнд цахим аялал жуулчлалд зөвлөгөө өгч ажиллах юм.
-Ер нь энэ онд яамнаас ямар бодлого барьж ажилласан бэ. Ямар үр дүнтэй ажиллав?
-БОАЖЯ-аас баримталдаг гол хүчин зүйл нь нэгдүгээрт, гадаадын жуулчдын тоог нэмэх, ингэснээр дотоодын эдийн засагт аялал жуулчлалаас орж ирж байгаа эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулахад үйл ажиллагаанууд чиглэгдэж байгаа. Монгол Улсад ирж байгаа жуулчдад бид сэтгэл ханамжийн түвшинд нь хүрсэн үйлчилгээг үзүүлснээр дахин ирэх, эерэг сэтгэгдлээр дамжуулж Монгол Улсад ирэх жуулчдын тоог илүү нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой. Үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын хууль эрх зүйн орчинг болгох шаардлагатай.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд юу байна?
-Хамгийн гол тулгамдаж байгаа асуудал нь дэд бүтэц байгаа. БОАЖЯ-аас энэ жил “Аялал жуулчлалын гол чиглэл” гэдэг бодлогыг Засгийн газраар батлуулсан. Учир нь Монгол Улс өргөн уудам газар нутагтай орон. Жуулчин ганц, хоёр чиглэл рүү явдаггүй. Тэгэхээр тэр бүх газруудын дэд бүтцийг хөгжүүлнэ гэдэг бол асар хүндрэлтэй. Тиймээс аль болох дийлэнх жуулчин явж байгаа газруудаа тогтоогоод тухайн газруудад нэн тэргүүнд энэ бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлье, дэд бүтцийг нь бий болгоё гэх зорилтын хүрээнд энэ бодлогын баримт бичгийг баталсан байгаа. Тухайн бодлогын баримт бичгийг баталсны дараа Зам, тээврийн хөгжлийн яам, БОАЖЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газартай хамтарсан ажлын хэсэг байгуулаад гол чиглэл дагуу аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэхэд юу хийх шаардлагатай, тухайн ажлыг хийхэд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай гэдэгт тооцоо хийж, төлөвлөгөө боловсруулсан. Тухайлбал, Монгол улсын хөндлөн тэнхлэгийн дагуу төмөр замын дэд бүтцийн хөгжил хэрэгтэй. Мөн Монгол Улсын агаарын тээврээр ихээхэн үр ашиг өндөртэй жуулчин орж ирдэг. Гэтэл зөвхөн Улаанбаатар гэдэг ганцхан агаарын тээврийн орцтой. Тэгэхээр бид үүнийг Дорнод, Хөвсгөл, Өмнөговь, Ховд, Увс, Өвөрхангай гэсэн зургаан орцтой болгоё гэсэн. Жуулчин Улаанбаатарт өндөр үнээр ирчихээд дахин цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж аялах энэ нөхцөлийг бууруулснаар тухайн орон нутагт орох эдийн засгийн үр өгөөж болон тоог нэмэгдүүлэх юм.
-Жуулчдын тоо өмнөх жилээс нэмэгдэв үү?
-Энэ оны эхний 10 сарын байдлаар 10 гаруй хувийн өсөлттэй гарсан. Мөн дотоодын эдийн засагт эхний есөн сарын байдлаар Монгол Улсын эдийн засагт аялал жуулчлалын салбараас 400 орчим сая ам.долларыг бүрдүүлсэн. Энэ нь цаашид үргэлжилнэ. Харин ирэх онд илүү бодит алхмуудыг хийснээр жуулчдын тоог жилд 30 орчим хувиар өсгөнө гэсэн хүлээлттэй байгаа.
-Аяллын хөтчүүдийг хэрхэн бэлтгэж байна вэ?
-Хөтчүүдийг хувийн хэвшлийн байгууллагынхан бэлддэг. Хөтчүүд тусгайлсан сургалтдаа суугаад эрхээ авдаг юм. Гэвч хөтчүүдийн өмнө нь бэлдэж байсан систем дээр асуудал гарч байна. Тухайлбал, Гадаад хэлтэй хүмүүс сайн дураараа хөтөч хийхэд сургалтад суугүй учир асуудал гарсан тохиолдолд яаж шийдвэрлэх талаар мэдээ мэдээлэлгүй, хөдөө орон нутагт байгаа түүх соёлын мэдээллийг дутуу хүргэх, мөн буруу мэдээлэл хүргэх зүйл гараад байгаа. Тиймээс ирэх онд Засгийн газраас аялал жуулчлалын салбарт өмнө нь байгаагүй тодорхой хэмжээний төсвийг баталж өгсөн. Энэ хүрээнд 2019 оны нэгдүгээр сараас эхлэн тавдугаар сар хүртэл аялал жуулчлалын салбарын ажилчдыг сургалтад хамруулах төлөвлөгөө гаргасан байгаа. Энэ сургалтыг Улаанбаатар болон таван бүсэд зохион байгуулна. Уг сургалт нь нэг стандарт, нэг хөтөлбөрийн дагуу, тогтсон эрх бүхий сургагч багш нараар сургалтыг явуулахаар зорьж байгаа юм.
-Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Өвлийн аялал жуулчлал гэхээс илүү аялал жуулчлалын хугацааг уртасгах асуудал бидэнд гарч байгаа. Яагаад гэхээр Монгол Улсад ирж байгаа жуулчдын 40 орчим хувь нь зуны гурван сард ирдэг. Хэдийгээр 40 орчим хувь гэдэг нь өндөр биш боловч зуны гурван сард ачаалал ихэссэнээс шалтгаалан агаарын тээврийн суудал олдохгүй байх, үнэ өсөх зэрэг асуудал гарч байна. Зуны гурван сар улирлын хувьд хамгийн тохиромжтой улирал. Жуулчид ирдгээрээ ирнэ. Харин энэ үед даацаа нэмэх шаардлага байна. Агаарын тээврээр жилд 300 орчим мянган жуулчин үйлчлүүлэх боломжтой байдаг. 300 орчим мянган зорчигдын хагас нь дотоодын иргэд гадагшаа зорчиж байлаа гэж бодоход бид агаарын тээврээс хамгийн дээд тал нь 200 мянган гадны жуулчин авах боломжтой байдаг. Тэгэхээр бид агаарын тээврийн даацаа нэмэхгүй бол жуулчдын тоог нэмэх ямар ч боломж байхгүй. Хэчнээн сурталчилгаа хүргэлээ ч наашаа ирэх онгоцны суудал олдохгүй, жуулчин байгаа ойр хавиас нислэг ирэхгүй л бол боломжгүй болж байгаа юм.
Тэгэхээр агаарын тээврийн бодлого, чиглэл 2013 оноос хойш агаарын тээврийн гол хоёр орж ирж байгаа урсгал буюу Бээжин, Солонгосын урсгал дээр хязгаарлалттай байсан учир жуулчдын тоо нэмэгдэх боломжгүй байсан. Одоо агаарын тээврийн хэлцэлд шинэчлэлт хийгдээд ирэхээр магадгүй хоёрдогч тээвэрлэгч орж ирэн үнэ нь буурахаас гадна зорчигчдын урсгал нэмэгдэх боломж гарна. Нөгөөтээгүүр шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад орохоор зорчигч урсгалыг нэмэх боломж гарч ирнэ. Хамгийн гол нь зорчигч урсгал нэмэхээс гадна мөн улирлын хамаарлыг бууруулах гол асуудал байна. Улирлын хамаарлыг бууруулахын тулд бидэнд юу шаардлагатай гэхээр үнийн уян хатан нөхцөлөөр үйлчлэх, нөгөөтээгүүр нэгдсэн үнийн бодлоготой болох ёстой. Мөн хавар, намар ирэх жуулчдын сэдлийг нэмэгдүүлэх асуудлууд байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд нүүдэлчин ахуй соёл дээр суурилсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Зохион байгуулалттай арга хэмжээнүүдээс бусад өвөл ирсэн юм уу, хавар, намар ирсэн жуулчдад зун ирснээсээ илүү ямар давуу тал үүсэх боломжтой юм гэдэг дээр бид нэгдсэн бодлого гаргаж ажиллах ёстой. Аялал жуулчлал өмнө нь зургадугаар сараас эхлээд есдүгээр сард дуусдаг байсан бол аялал жуулчлалын компаниудын захиалга дөрөвдүгээр сарын сүүлээс эхлэн аравдугаар сарын сүүл хүртэл үргэлжилдэг болсон. Энэ хугацааг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм.
Б.Лхам
С.БАЯСГАЛАН: Аялал жуулчлалын салбарын төсөв өссөн |
|