Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
6 жил өмнө   1506
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.24) хуралдаан 20 цаг 31 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Хуралдааны эхэнд Засгийн газраас 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав. Тухайлбал, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд  хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар тогтоож, төслийн 2 дахь зүйлийг хасах гэсэн Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Харин Улсын Их Хурлын гишүүн М.Билэгтийн “Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2019 он гэснийг 2020 он гэж өөрчилснийг 2019 он гэж хэвээр үлдээх” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй. 
 
Мөн Ажлын хэсгийн зүгээс “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах санал гаргалаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Мөнхбат асуулт асууж, хариулт авав. Гишүүдийн зүгээс Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх орлого төвлөрүүлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхэлж, тэтгэвэр олгох хугацааг 2020 оны 01 дүгээр сарын 01-н болгоход төсөвт хүндрэл үүсэхгүй гэж байлаа.
Харин Сангийн дэд сайд Х.Булгантуяа хариултдаа, Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нэмэгдүүлсэн арга хэмжээ авахгүй байхаар тохирсон гэдгийг анхааруулахын зэрэгцээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Нийгмийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-аар хэлэлцүүлэхдээ дээрх асуудлыг нэг мөр шийдэхээр ажиллаж байгаа гэдгийг онцлов.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Хуралдаан Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр үргэлжлэв. Аюулгүй байдал, гадаад бодлого, Эдийн засаг, Төрийн байгуулалт, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг хийсэн талаарх санал, дүгнэлтээ  Төсвийн байнгын хороонд хүргүүлжээ.
Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын Д.Оюунхорол танилцуулсан бөгөөд танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Иймд Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн талаар Ажлын хэсэг, Байнгын хороодоос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явууллаа.
Тухайлбал, Сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээлийн ашиглалт, санхүүжих зардлыг 122,219.9 сая төгрөгөөр, Агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээнд төсөвлөсөн санхүүжилтийг 80.0 тэрбум төгрөгөөр, Боловсролын зээлийн санд төсөвлөсөн санхүүжилтийг 42.0 тэрбум төгрөгөөр, Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт буюу хуулийн төслийн 2 дугаар хавсралтын YI дугаар бүлэг, Сангийн сайдын багцын YI.3-д Гаалийн ерөнхий газрын барилга, байгууламж, их засвар, тоног, төхөөрөмжийн зардалд тусгагдсан 101,274.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 77,315.2 сая төгрөгийн 2019 онд санхүүжих дүн бүхий Гаалийн шинэчлэл хийх ажилд төлөвлөсөн санхүүжилтийн 2019 онд санхүүжих дүнг 12,000.0 сая төгрөгөөр, Ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэх эх үүсвэрээс 15,000.0 сая төгрөгийг, нийт 271,219.9 сая төгрөгөөр зардал бууруулж, энэ дүнгээр бууруулсан эх үүсвэрийг 2019 онд 14  хөтөлбөр, төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Мөн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэрэнд өөрчлөлт оруулах зарчмын саналууд дэмжигдлээ. Тухайлбал, хуулийн төслийн 2 дугаар хавсралтын XI.1.1.65-д тусгагдсан “Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал” (Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар сургууль) гэсэн төсөл арга хэмжээний “320” гэснийг “640” гэж өөрчлөх, хуулийн төслийн XI.1.1.20-д тусгагдсан “Сургуулийн барилга худалдан авах, 960 суудал” (Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо) гэсэн төсөл, арга хэмжээний “960” гэснийг “480” гэж өөрчлөх, хуулийн төслийн 2 дугаар хавсралтын XI.1.1.129-д тусгагдсан “Цэцэрлэгийн барилга, 200 ор (Улаанбаатар Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Гандангийн дэнж) гэсэн төсөл, арга хэмжээний “барилга” гэснийг “барилга худалдан авах” гэж өөрчлөх гэсэн санал тус тус дэмжигдэв.
Харин Эдийн засгийн байнгын хорооноос дэмжээгүй, “Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлгийн 144.0 тэрбум төгрөгөөс 27.0 тэрбум төгрөгийн хасаж, Хүүхдийн мөнгийг 27.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн “Сонгогчийн бүртгэлийн зөөврийн компьютер авахад шаардагдах 7.0 тэрбум төгрөгийг нэмэх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын нийт урсгал зардлын нэмэгдлийг 7.0 тэрбум төгрөгөөр бууруулах” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос дэмжсэн “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багц дахь урсгал зардлыг 1.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбогдуулан мөн сайдын багц дахь мал, амьтныг эрүүлжүүлэх арга хэмжээний зардлаас мөн дүнгээр хасах”, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор аймгуудийн Мал эмнэлгийн газар болон сумдын Мал эмнэлгийн тасгийн урсгал зардлыг 8.7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор мөн сайдын багц дахь мал, амьтныг эрүүлжүүлэх арга хэмжээний зардлаас мөн дүнгээр хасах” гэсэн саналыг тус тус дэмжсэнгүй. Мөн  “Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор байгуулагдсан “Биокомбинат” улсын төсөвт үйлдвэрийн газрын урсгал зардлыг 6.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх, үүнтэй холбоотойгоор тус байгууллагын өөрийн орлогыг 6.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх” гэсэн  саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Түүнчлэн Ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтыг зөрчиж санал хураасан зарчмын зөрүүтэй зургаан саналаар Төсвийн байнгын хорооны хуралдаанд санал хураалгах боломжгүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлд Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвийг улсын төсвийн байгууллага хэвээр үлдээхтэй холбоотойгоор орон тоог буцаан нэмэгдүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 1.2-т тусгагдсан Төрийн өмчийн аж ахуйн тооцоот эмнэлгүүдэд олгох “22,266.1 сая” гэснийг хасч мөн зүйлийн 1.1-ийг Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудад олгох “244,554.0 сая төгрөг” гэж өөрчлөх, үүнтэй уялдуулан эмнэлгийн орон тоо, урсгал зардалтай холбоотой өөрчлөлтийг улсын төсөвт тусгах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн.
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёрдахь хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсон.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг  хийж, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Гишүүдийн зүгээс хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
А.ЦЭЛМЭН
Төсвийн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0