Монголбанкны зээлийн мэдээллийн санд арилжааны банкуудаас зээл авсан бүх иргэн, ААН-үүдийн дэлгэрэнгүй мэдээлэл бий. Тэдгээр харилцагч дахин зээл авах бол банк хамгийн түрүүнд зээлийн мэдээллийн нэгдсэн санг шүүдэг. Хэрэв иргэн өмнөх зээлээ хугацаанд нь төлөөгүй бол бидний ярьдгаар “хар жагсаалт”-д багтдаг. Иймд банкуудаас дахин зээл авах боломжгүй болж, ББСБ гэх мэт илүү өндөр хүүтэй санхүүгийн байгууллагаар үйлчлүүлэхэд хүрдэг юм.
Харин бизнес эрхлэгчид болон иргэдээс Монгол банканд хандан хар жагсаалтад багтсан зарим иргэн, ААН-ийг хасах хүсэлт удаа дараа тавьдаг. Иймд мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлжээ. Тодруулбал,
Өнгөрсөн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан,
Чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй,
Үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацааны хэтрэлттэй бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд таны мэдээллийг тусгахгүй.
Нийт 41085 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангажээ. Лавлагаанд тусгахгүй гэдэг нь мэдээллийн сангаас муу зээлийн тухай мэдээллийг устгана гэсэн үг биш. Гагцхүү тэр мэдээлэлд хүрэх банкуудын боломжийг хязгаарлана.
Монголбанк өнгөрсөн жил 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан. Энэ зохицуулалтад
Анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй буюу зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан,
Мөн хугацаанд олгосон зээл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй,
Зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө бүрэн төлсөн зээлийн мэдээлэл хамрагдсан юм.
Дээрх шийдвэрийг харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой. Банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж байгаа нэг удаагийн бодлогын арга хэмжээ юм байна.
Нэг удаагийн чанаргүй зээлийн түүхтэй, 41 мянган иргэнд боломж олголоо |
|