Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
ЖДҮХС-гийн Хөгжлийн банкин дахь зээлийн үлдэгдэл 23 тэрбум төгрөг болж буурчээ
5 жил өмнө   1922
Хөгжлийн банкны 2018 оны санхүүгийн тайлан, дүн мэдээг тус банкны удирдлагууд сэтгүүлчдэд танилцуулсан юм. Энэ үеэр тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, дэд захирлууд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
 
-Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкинд ээлжит шалгалт оруулахаар болж, ажлын хэсгийг баталсан талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хоёрдугаар сард мэдээлсэн. Энэ шалгалт дууссан уу?
 
-Засгийн газрын шалгалтын ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан, хоёрдугаар сарын 20-ноос энэ сарын 19-ний хооронд ажилласан. Шалгалтын дүнг ажлын 15 хоногийн дотор танилцуулах ёстой.  Одоогоор бид тайлан хүлээн авч танилцаагүй байна.
Манай санхүүгийн тайланд хагас жил болон жил тутам аудитын шалгалт хийлгэдэг. PWC, Deloit компаниудаар үйл ажиллагааны аудит мөн хийлгэсэн. Мөн Үндэсний аудитын газар 2018 оноос эхэлсэн бүтэн жилийн шалгалтаа хоёрдугаар сард дуусгаад байна. АТГ 2018 онд хоёр сарын турш шалгалт явуулсан. НДЕГ, Татварын ерөнхий газраас мөн шалгасан. Үүний сацуу Монголбанк сар, улирал тутам газар дээрх хяналт шалгалтыг хийдэг. Өмнөх шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлсэн байдлыг 83 хувьтай гэж дүгнэсэн байсан.
 
 
ЖДҮХС-ГИЙН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ 23 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА
 
-2016 онд Хөгжлийн банк ханшийн эрсдэлээ удирдаж чадаагүй учраас 157 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Одоо алдагдал хэд болж буурсан бэ?  
 
-Самурай бонд болон 30 орчим сая иений бондын ханш өөрчлөгдсөний улмаас их хэмжээний алдагдал хүлээсэн. 2016 оны эцсээр 157 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Иенийн зөрүүний улмаас л гэхэд 120 тэрбум төгрөгийн алдагдал бий болсон. Харин санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашигласнаар 2018 оны эцсээр дээрх үзүүлэлтүүд эерэгжин, 21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.      
 
-Капитал банк дампуурахад тэнд төрийн 340 тэрбум төгрөг байсан нь ил боллоо. та бүхэн чөлөөт мөнгөн үлдэгдлээ хаана хадгалдаг вэ?
 
-Монголбанкны үнэт цаас, Засгийн газрын үнэт цаас, гаднын хөрөнгө оруулагчдын бонд, арилжааны банкуудад чөлөөт мөнгөн үлдэгдлээ байршуулж байна. Сүүлийн жилүүдэд бид бодлогын хүүнээс 0.5-3 хувиар өндөр хүүтэй байршуулах болсон нь ашигт ажиллагаанд эерэгээр нөлөөлж байна.
 
-100 тэрбум төгрөгөөс дээш зээл авсан ААН-үүдийг танилцуулахгүй юу?  
 
-ТОСК 270 тэрбум, ХХБ 176 тэрбум, МАК цемент 166 тэрбум, “Эрдэнэс Монгол” 166 тэрбум, QSC 161 тэрбум, Хөтөл 161 тэрбум, Цэцэн майнс энд энержи 160,  ТЭЦ 4 105 тэрбум, Бэрэн 101 тэрбум төгрөгийн зээл тус тус авсан.
 
-ЖДҮХС-д та бүхэн гурван удаа санхүүжилт олгожээ. 2011 онд 290 тэрбум, 2013 онд 48.9 тэрбум, 2015 онд 70 тэрбум төгрөг нэмж олгосон. Эдгээр санхүүжилтийг эргүүлэн төлсөн үү. Ер нь Хөгжлийн банкнаас Засгийн газрын бусад тусгай санд зээл өгсөн үү?
 
-ЖДҮХС-гийн зээлийн үлдэгдэл одоо 23 тэрбум төгрөг байна. Бид дэргэдээ хоёр охин компанитай. Нэг нь тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. ОХУ, Беларусь, ХБНГУ гэх мэт 5 улсаас 700 орчим хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж оруулж ирэн, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан компаниудад олгосон. Нийт 55 тэрбум төгрөгийн зээлийг энэ сангаар олгосноос одоо 44 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. 
 
-Капитал банк дампуурсан нь танай үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
 
-Бид энэ банканд үүссэн хүндрэлийг 2016 оноос хойш мэдэж байсан тул Эрсдэлийн сангаа үе шаттай нэмэгдүүлэн, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 50 хувиар зузаатган, 342 тэрбум төгрөг хуримтлуулсан. Мөн шүүхэд хандах гэх мэт арга хэмжээг авч байна. Энэ онд бид чанаргүй зээлээ нэг оронтой тоонд барина (одоо 10.4 хувь байгаа), ашигтай ажиллана гэсэн зорилт тавьсан.
 
Капитал банкийг татан буулгасан нь гэнэтийн үйл явдал байсан ч бидэнд богино хугацаанд л нөлөөлнө. Дунд, урт хугацаанд дарамт ирэхгүй.
 
Аль нэг зээлдэгч хүнд байдалд ороход зээлийн эрсдэлээ удирдах чадвар бидэнд байх ёстой. Капитал банкийг татан буулгасан нь гэнэтийн үйл явдал байсан ч бидэнд богино хугацаанд л нөлөөлнө. Дунд, урт хугацаанд дарамт ирэхгүй.
 
-Тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг хувийн хэвшлүүд үзүүлдэг. Та нар дэргэдээ заавал охин компани байгуулж, ижил төрлийн үйлчилгээ үзүүлэх шаардлага байна уу?
 
-Хэдий олон компани ийм үйлчилгээ үзүүлдэг ч тэдний эх үүсвэрийн хугацаа богино, хүү нь өндөр. Бид бусад улсуудын Хөгжлийн банктай хамтран харьцангуй урт хугацаатай, бага хүүтэй эх үүсвэр татдаг. Уул уурхай, хөдөө аж ахуй, нийтийн тээврийн том автобусны тоног төхөөрөмжийг л түрээсэлж байна. Бусад ААН-тэй давхцан, тэднийг шахах биш, харин байхгүй байгаа үйлчилгээг үзүүлэхэд анхаарч, 250 гаруй компанид үйлчилгээгээ хүргэсэн.  
 
-Зээлээ хугацаанд нь төлөөгүй ААН-үүдийг харахаар Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлсэн төслүүдийн санхүүжилт байна. Ирэх онд сонгууль болох гэж байна. Одоогийн Засгийн газар нэг шийдвэр гаргаад найдваргүй зээл олго гэвэл та нар яах вэ?
 
-Манай Зээлийн удирдлагын хороо арван хүний, ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй. Банкны дүрмээр эдгээрийн аль альных нь нийт гишүүдийн 2/3 нь тухайн төслийг дэмжих ёстой. Үүний тулд хараат бус гишүүдийн дэмжлэгийг заавал авах шаардлагатай гэсэн үг.    
 
-2020-2024 оныг хүртэл Засгийн газар олон тэрбум америк долларын зээл эргүүлэн төлнө. Үүнд бэлэн үү?
 
-Бид дөрвөн төрлийн эх үүсвэртэй. ОУВС-гийн хөтөлбөр 2020 оны тавдугаар сар  хүртэл хэрэгжих тул шинээр санхүүжилт татах боломжийг хязгаарласан. Гэсэн ч 2023 он хүртэл хүндрэл үүсэхгүй. Өмнөх зээлүүдийг дахин санхүүжүүлэх, бүтцийг нь өөрчлөх гэх мэт санхүүгийн менежментийн олон арга хэрэгсэл бий. Валютын ханш, хүүний хугацаагаа л сайн тооцох ёстой. 
 
ЦААШДАА АЛТНЫ САЛБАР РУУ ГҮНЗГИЙ ОРОХГҮЙ
 
-Ноолуур, Алт-2 хөтөлбөрүүдийг танай банк санхүүжүүлсэн. Арилжааны банкууд нэгдэн, ТОС хэмээх хөтөлбөр хэрэгжүүлж байна. Ингэснээр байгаль орчинд ээлгүй төсөлд санхүүжилт өгөхгүй гэдэг нэгдсэн ойлголтод хүрлээ. ЕСБХБ, АХБ энэ тал дээр илүү өндөр шаардлага тавьдаг. Хөгжлийн банк байгаль орчны ямар бодлого баримталдаг вэ?
 
Алтны компаниуд байгаль орчинд ээлтэй ажиллахгүй байна. Нөхөн сэргээлтээ хугацаандаа хийж чаддаггүйг газар дээр нь тогтоосон жишээ бий. 
 
-Бид бүх төслийн Байгаль орчны ерөнхий үнэлгээг судалдаг. Энэ нь бүх төсөлд тавьдаг шаардлага юм. Барилга, дэд бүтцийн төслүүдээс байгаль орчны нарийвчилсан үнэлгээ шаарддаггүй. Хөгжлийн банкны тухай хуульд 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулж, шаардлагаа өндөрсгөсөн.
 
Валютын нөөц хүндэрсэн тул Засгийн газраас Алт-2 хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Бид нэг нь үндсэн, бусад нь шороон нийт 10 төсөлд санхүүжилт олгосон. Цаашдаа бид алтны салбар руу гүнзгий орохгүй. Энэ хөтөлбөрөөс хэд хэдэн сургамж авлаа. Урт хугацаандаа энэ хөтөлбөр эдийн засгийг солонгоруулахад нөлөө багатай. Мөн алтны компаниуд байгаль орчинд ээлтэй ажиллахгүй байна. Нөхөн сэргээлтээ хугацаандаа хийж чаддаггүйг газар дээр нь тогтоосон жишээ бий. Иймд манайхаас зээл авсан алтны компаниудыг хуулийн байгууллагад шилжүүлсэн. Хугацаанаас нь өмнө зээлийг нь төлүүлэхээр ажиллаж байна. Бид өөрсдөө гаднаас санхүүжилт татахад ч байгаль орчны өндөр шаардлага тавьдаг.   
 
Ноолуурын тухайд манай экспортын хамгийн чухал эхний таван бүтээгдэхүүнд багтдаг. Хөдөө аж ахуйн салбарт бүтцийн томоохон өөрчлөлт гарч, ноолуурын тоонд биш чанарт илүү анхаарна гэвэл бид дэмжинэ. Одоо манай улсаас жилд 9.6-10 тонн угаасан ноолуур экспортолдог. Иймд богино хугацаанд нэмүү өртгийг тултал нь өсгөх бодлого баримталж байна. Ноолуурыг эцсийн бүтээгдэхүүн болгох дамжлагуудыг санхүүжүүлнэ. Энэ хэмжээгээр валютын орлого өсөх тул энэ хөтөлбөрийг дэмжсэн. Бид өөрсдөө шууд болон банкуудаар дамжуулан 20 ААН-д 200 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө олгоод байна.    
 
Хөгжлийн банк Банкны холбооны гишүүн тул ТОС (Тогтвортой хөгжлийн санхүүжүүлэгч) хөтөлбөрийг ч хэрэгжүүлдэг. Байгаль орчны ногоон хөгжлийн сан гэж бий. АХБ-тай хамтран энэ онд 80 хүртэл сая америк долларын санхүүжилт авахаар хэлэлцээ хийж байна. Ногоон төслүүдийг санхүүжүүлэх зорилготой юм. Ингэснээр бид эрсдэлээ хуваах зарчмаар бусад байгууллагатай хамтарна. Дараагийн удаад ногоон бонд гаргахаар төлөвлөж, ногоон төслүүдийг хамтран санхүүжүүлэгч байгууллага болно.
 
-2012 оноос хойш уул уурхайн салбарт нийт 232 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Салбараар нь харвал нийт багцад 8 хувь эзэлж байна. Гэтэл эрх баригчид уул уурхайгаас хэт хамааралтай болсон эдийн засгаа солонгоруулна гэж их ярьдаг. Энэ бодлоготой танай үйл ажиллагаа харшилдахгүй юу?
 
-Манай зээлийн багцыг харвал
 
Үйлдвэрлэлд 1 их наяд 139 тэрбум,
Барилгын салбарт 688 тэрбум,
Арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл 483 тэрбум,
Уул уурхайд 232 тэрбум,
Эрчим хүчний салбарт 138 тэрбум,
Агаарын тээвэрт 42 тэрбум,
ХАА-д 1 тэрбум,
Бусад салбарт 39 тэрбумын зээлийг олгосон.
Уул уурхайн салбарт олгосон зээлийн эргэн төлөлт харьцангуй сайн. Учир нь боловсруулах үйлдвэр гэх мэт бусад төслүүд илүү урт хугацаа шаарддаг.    
 
-Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр БНХАУ-ын Sinosure байгууллагаас 400 сая америк долларын санхүүжилт татах хэлэлцээнд гарын үсэг зуржээ. Энэ талаар мэдээлэл өгөөч.
 
-Бид БНХАУ-ын санхүүгийн дөрвөн байгууллагатай хамтран ажилладаг. Тус улсаас Монголд олгох зээлүүдэд Экспортын даатгалын корпорацаас даатгагдсан байхыг шаарддаг. Энэ корпорац сүүлийн гурван жилд алдагдалтай ажилласан банктай хамтран ажиллахгүй гэсэн журамтай. Хөгжлийн банк 2016 онд ханшийн эрсдэлийн улмаас алдагдал хүлээсэн. Иймд эх үүсвэр татахад хүндрэл учирсан юм. Харин одоо манай нээлттэй позиц сайжирсан тул олон удаагийн уулзалтын дараа манайд олгох зээлийн даатгалыг 400 сая америк доллараар нэмсэн. Бид хэчнээн хөнгөлөлттэй зээл авах болдог ч даатгалгүй тул гацчихдаг. Энэ гацаа арилж байна. Урд хөршөөс авах зээл 400 сая америк доллараар өслөө. 
 
Цаашид бид ТЭЦ2, ТЭЦ3, Чойбалсангийн цахилгаан станцыг өргөтгөхөд Хятадын талтай хамтран ажиллах сонирхолтой. 
ЖДҮХС-гийн Хөгжлийн банкин дахь зээлийн үлдэгдэл 23 тэрбум төгрөг болж буурчээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0