Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгалаа
4 жил өмнө   490
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаатай холбоотой Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгасан бөгөөд орон нутгийн үнэ өнөө оройдоо багтаад өөрчлөгдөнө гэж АМГТГ-аас өнөөдөр мэдээллээ.
 
Улсын хэмжээнд 1300, Улаанбаатар хотод 250 ШТС байгаа бөгөөд бүгдийнх нь нөөц балансыг тулгаж байж үнийг эцсийн байдлаар өөрчилдөг. Бүх ШТС үнийн самбарыг механикаар өөрчилдөг учир энэ ажилд 2-3 хоног шаарддаг байна.
Жижиглэнгийн үнийн хувьд Хангайн бүсийн Орхон, Сэлэнгэ аймгууд дахь А-80 автобензин 250-270 төгрөг, Аи-92 280-310 төгрөг, Аи-95  130 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурсан бол Төвийн бүсийн Улаанбаатар хот дахь А-80 270 төгрөг, Аи-92  250 төгрөг Аи-95 180 төгрөг, дизелийн түлш 190 төгрөгөөр буурсан, Зүүн бүсийн Дорнод аймаг дахь А-80 болон Аи-92 тус бүр 300 төгрөг, Аи-95 150 төгрөг, дизелийн түлш 300 төгрөгөөр тус тус буурчээ.
 
Бөөний үнийн хувьд "Магнай Трейд ХХК" -ийн А-80 болон АИ-92 автобензин тус бүр 270 төгрөг, дизелийн түлш 380 төгрөг , "Шунхлай" ХХК-ийн А-80 70 төгрөг, АИ-92 100 төгрөг, дизелийн түлш 150 төгрөг, "Сод Монгол" ХХК-ийн А-80 болон АИ-92, дизелийн түлш тус бүр 150 төгрөгөөр, "Ай Си Ай Си" ХХК-ийн дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан байна.
Өнөөдрийн байдлаар манай улс шатахууны ердийн хэрэглээний 37 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 86, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 36, ТС-1 онгоцны түлш 13 хоногийн нөөцтэй байна.
АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр: "Дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ цар тахалтай холбоотойгоор буурсан. Цаашид ямар байх нь ОПЕК-ийн орнуудын олборлолтоо бууруулах эсэх шийдвэрээс хамаарна. Урьдчилсан байдлаар баррель нефтийг 9.5 сая тонноор бууруулахаар ярьж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байна. Ерөнхийдөө он гарснаас хойш борлуулалт 30-40 хувь буурсан. Одоогийн хямдарсан үнэ тавдугаар сард хадгалагдана гэж харж байна. Цаашид Сингапурын бирж дээр ажиллах байдлаар үнийг он дуустал тогтвортой байлгахаар ажиллаж байна" гэв.
 
Энэ сарын 7-14-ний өдрүүдэд ОХУ-аас Сүхбаатар боомтоор АИ-80 автобензин 120 тн, Аи-92 8460 тн, Аи-95 112 тн, дизелийн түлш 9815 тн нийт 18,752 тн, Эрээнцав боомтоор Аи-92 автобензин 508 тн. Боршоо боомтоор 402 тн, дизелийн түлш 151 тн нийт 553 тн, Замын-Үүд боомтоор Аи-92 3140 тн буюу нийт 22,953 тн газрын тосны бүтээгдэхүүн импортоор орж ирээд байна.
 
Б.Сайханзаяа
 
Улаанбаатар хотын бүх ШТС үнээ буулгалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0