Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өчигдөр болов.
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын удирдсан тус хуралд Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албаны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмыг хэрхэн бүрдүүлж буй талаар авч хэлэлцжээ.
Хурлаар Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Гашуунсухайт боомтод үүсээд байгаад нөхцөл байдалтай холбоотой Монголын талд хийж буй PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь үндэслэл муутай байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэх талаар ГХЯ-аас БНХАУ-ын ГХЯ-д ноот бичиг хүргүүлсэн, хариу хүлээж байгаа” гэв.
АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга С.Мөнх-Эрдэнэ “Гашуунсухайт боомтоор 238 тээврийн хэрэгсэл гарснаас 123 тээврийн хэрэгслийг хүлээн авсан, 4,158 жолоочид шинжилгээ хийснээс бүгд сөрөг гарсан” гэдгийг хэллээ.
"Эрээнд ажиллах 32 жолоочийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа"
Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал “Хятадын талаас Ханги боомтоор тээвэр хийж буй жолооч нараас шинжилгээ авах талаар мэдэгдсэн, Эрээнд ажиллах 32 жолоочийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж, тусгаарлаад байгаа” гэдгийг хэлэв.
Үргэлжлүүлэн АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан “Замын-Үүдэд хил гарахаар 120 орчим машин хүлээж байна. Эдгээр жолооч нарын аж ахуйн нэгжүүдтэй холбогдож, жолооч нарыг хоол хүнс, шатахуунаар хангах талаар мэдэгдсэн” гэсэн товч мэдээлэл хийлээ.
Хурлын төгсгөлд шуурхай бүлгийн ахлагч, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах үүрэг даалгаврыг өгөв.
-
БНХАУ-ын талаас хариу ирмэгц Эрээнд байрлаж ажиллах 32 жолоочийн PCR шинжилгээг авч, Улаанбаатар хот руу ирүүлэх
-
Тавантолгой түлшийн бэхжүүлэгчийг саадгүй нэвтрүүлэхэд Дорнговь аймгийн Засаг дарга, Замын-Үүд сумын автотээврийн төв онцгой анхаарч ажиллах,
-
Хятадын талаас манай шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээ өгсөн болон шинжилгээ өгөөгүй жолооч нарыг хоёр тусад нь боомтоор нэвтрүүлэх, жолооч нарыг зохион байгуулалттайгаар гаргаж, шинжилгээ өгүүлэх асуудлыг судалж, бэлтгэлийг хангах
-
Экспортын, дотоодын /уртын, богинын/ тээврийн жолооч нарыг хооронд нь холилдуулахгүй байх тусгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэд анхаарах зэрэг чиглэл өгөв.
Эх сурвалж: ЗТХЯ
"Монголд хийж буй PCR шинжилгээг Хятадын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ГХЯ-наас ноот бичиг хүргүүлсэн" |
|