Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Эрдэнэт үйлдвэр, Австрали улстай технологи, программ хангамж, сургалтын чиглэлээр хамтран ажиллана
4 жил өмнө   684
Австрали улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Дэйв Воусэн өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочилж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцлаа. Элчин сайд Дэйв Воусэнийг үйлдвэрийн удирдлагууд хүлээн авч, үйлдвэрлэлийн үндсэн цехүүд, шинээр баригдаж буй өргөтгөлийн явц зэргийг үзүүлэхийн зэрэгцээ гадаад хамтын ажиллагааны бодлого, зорилтын талаар санал бодлоо солилцов. Эрдэнэт үйлдвэр өмнө нь, Австрали улстай үйлдвэрлэл, технологийн чиглэлээр хамтран ажилласан хэд хэдэн төслүүд бий. Тухайлбал, тус улсын “Titeline Resources Mongolia”  компани нь Жорк стандартын өрөмдлөгийн ажил гүйцэтгэж, Ил уурхайд уулын ажлын явц, техник тоног төхөөрөмжийн удирдлагын хяналтын “Питрам” систем нэвтрүүлсэн нь  үр өгөөжөө  өгч байна. Тэгвэл энэ удаа Элчин сайд Дэйв Воусэн, Эрдэнэт үйлдвэртэй мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав. Тэрээр, өнөөдрийн айлчлалын үр дүнг тодорхойлохдоо, “Эрдэнэт хотод анх удаа ирж байна. Их сайхан өдөр, их сайхан хүндэтгэлтэй хүлээж авсанд баяртай байна. Миний бие Австрали улсаас Монгол Улсад суух элчин сайдаар томилогдсон цаг үеэс л Орхон аймаг, Эрдэнэт хотод ирэхийг их хүсэж байсан. Өнөөдөр тэр хүсэл минь биелж, Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа. Миний төсөөлж байснаас ч илүү том үйлдвэр байна. Ялангуяа, Монгол улсын эдийн засагт олон жилийн турш том хувь нэмэр оруулж, хөгжлийн гол тулгуур болж буй том үйлдвэрийг үзэж танилцсандаа сэтгэл туйлын өндөр байна. Анх байгуулагдахдаа суурилуулсан тоног төхөөрөмжөөр өнөөг хүртэл амжилттай ажиллахын зэрэгцээ техникийн шинэчлэлийн бодлогоо давхар хэрэгжүүлээд явж буйг нүдээр харахад таатай байлаа. Австрали улсын хувьд уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлээ хөгжүүлж байгаагаараа Монгол улстай ижил төстэй боловч Монголчуудад зөвлөж, заах зүйл дээр бид илүү биш. Харин орчин үеийн дэвшилтэт технологи, программ хангамжийг нийлүүлэх, ялангуяа сургалтын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж байна гэдгийг олж харлаа” хэмээн онцолсон юм.
 
     Үйлдвэрийн газрын гадаад бодлого, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, орчин үеийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн ажиллах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.   Гадаад харилцааны бодлогын газрын орлогч дарга Б.Бүрэн, “Гадаад харилцааны газар байгуулагдсанаар үйлдвэрийн хэмжээний гадаад бодлогыг нэг урсгал буюу нэг цонхны зарчмаар хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна. Цаашид, Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой хөгжлийн цогц бодлоготой уялдуулан гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлогыг хэрхэн тогтвортой авч явах, зорилго, зорилт, чиглэлийг бас тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэр дэлхийн 15 улсын аж ахуйн нэгж, байгууллагатай байнгын харилцаатай ажиллаж туршлага судлан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн жилээс манай гадаад харилцаа илүү өргөжиж байгаа гэж хэлж болно. Гадаадын дипломат төлөөлөгчид Эрдэнэт үйлдвэртэй танилцахаар хүрэлцэн ирж байна. Бид гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа үйлдвэрлэлийн техник, технологиос гадна боловсрол, хүний нөөцийн мэргэжилтэн бэлтгэх чиглэл рүү мөн анхаарч ажиллаж байна. Энэ чиглэлээр Австрали улстай олон боломж байгааг өнөөдөр ярилцлаа. Цаашид тус улстай Засвар механикийн заводын өргөтгөл шинэчлэл дээр хамтрах боломжийн талаар санал солилцлоо. Тус заводод үйлдвэрлэгддэг нийт бүтээгдэхүүний 99 хувийг үйлдвэр авч ашигладаг ба цаашид Монгол Улсад төдийгүй дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийлүүлдэг болох хэрэгтэй. Энэ тухай ч Австрали улсын элчин сайдтай саналаа солилцлоо” гэж уулзалтын ач холбогдлыг тодотгов.
Эрдэнэт үйлдвэр, Австрали улстай технологи, программ хангамж, сургалтын чиглэлээр хамтран ажиллана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0