Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Оюу толгойн далд уурхайн гэрээг цуцлах шаардлагатай байна гэжээ
3 жил өмнө   867
2015 онд Оюу толгойн хувьцаа эзэмшигчид болох Монгол Улсын Засгийн газар, "Рио Тинто" болон "Туркойз хилл ресурс" компани далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн. 
 
Монгол Улсын Засгийн газраас өчигдөр орой Оюу толгойгоос хүртэх үр ашгийг нэмэгдүүлэхгүй бол үйл ажиллагааг зогсоох болно гэдгийг "Рио Тинто" компани болон бусад хөрөнгө оруулагчдад мэдэгдсэн байна.
 
Тодруулбал, "Рио Тинто" болон Канадын "Туркойз хилл ресурс" компанид холбогдох гэрээнүүдийг засаж сайжруулахгүй бол Монголын Засгийн газар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд гэрээг цуцлах болно хэмээн анхааруулжээ.
 
“Оюу толгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, төслийн үр ашиг буурсанд сэтгэл зовниж байгаа манай  Засгийн газраас мэдэгдсэн байна гэж Financial Review мэдээлэв.
 
Рио Тинто компани Оюу толгойн гүний уурхайн өргөтгөлийн нийт өртгийг 6,75 тэрбум доллар хэмээн тооцоолсон нь Монголын Засгийн газар  сэтгэл дундуур байгаа аж. Учир нь энэ тооцоолол өмнөх дүнгээс 1,5 тэрбумаар өндөр байгаа бөгөөд зардлыг өсгөснөөр эдийн засгийн үр ашиг буурна гэж үзэж байгаа юм. 
 
Дээрх мэдээлэл гарсны дараа Оюу толгойн 66 хувийг эзэмшдэг "Туркойз хилл ресурс"-ийн хувьцааны ханш Нью-Йоркт 21,4 хувиар унаж 11,38 доллар болсон бол Торонтод 24 хувиар унаж, 13,88 канад долларт хүрсэн байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 2,33 тэрбум долларт хүрчээ.
 
 
Өнгөрсөн сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. 
 
Харин “Оюутолгой” компанийн зүгээс өчигдөр дараах мэдээг цахим хуудсандаа нийтэлсэн юм.
 
“Оюу толгой” ХХК Монгол Улсын шилдэг татвар төлөгчөөр жил дараалан шалгарч ирсэн, 2010 оноос хойш нийт 5.8 их наяд гаруй төгрөг (ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар)-ийг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамж хэлбэрээр Монгол Улсын Засгийн газарт төлсөн.
 
“Оюу толгой” ХХК Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулагч бөгөөд 2010 оноос хойш нийт 11.3 тэрбум гаруй ам.долларыг дотоодод зарцуулсан байна. Монгол Улсын томоохон ажил олгогчийн хувьд одоогоор тус төсөлд 12,300 гаруй хүн ажиллаж байгаагаас 94 хувь нь Монголчууд байна.
 
Тус компани 2020 онд ойролцоогоор 290 сая ам.долларын татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бусад төлбөр хураамж төлсөн. Монгол Улсын Засгийн газрын КОВИД-19 цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжих үүднээс ашигт малтмалын нөөц ашигласны зарим төлбөрийг хуулийн хугацаанаас өмнө шилжүүлсэн.
 
“Оюу толгой” ХХК өнгөрсөн сарын 22-ны өдөр Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (ойролцоогоор 228 сая ам.доллар)-ийн нөхөн ногдуулалтын акт хүлээн авсан. Энэхүү акт нь “Оюу толгой” ХХК-ийн 2016-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн татварын хяналт шалгалттай холбоотой юм.
 
“Оюу толгой” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, төлбөрийг холбогдох хууль, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ (ХөОГ), Оюу толгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Татварын ерөнхий газраас өгсөн зөвлөмжүүдийн хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг. Мөн тус компани Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын Үнэ шилжилтийн зөвлөмж гэх мэт олон улсын холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа баримталж ажилладаг.
 
Энэхүү татварын хяналт, шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд “Оюу толгой” 797 сая ам.долларыг татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн. Мөн хугацаанд “Оюу толгой” ХХК 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна.
 
Татварын ерөнхий газар нөхөн ногдуулалтын актаар тус компанийн ирээдүйд шилжүүлэн тооцох алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөг (ойролцоогоор 1.5 тэрбум доллар)-өөр бууруулан шийдвэрлэсэн.
 
Энэхүү Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 онуудыг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны нэгдүгээр сард ногдуулсан Шийтгэлийн хуудаст дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг ХөОГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК санал нэгтэйгээр олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсан асуудлуудтай үндсэндээ ижил төстэй, зарим нь адилхан байгаа тул тус компани Нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна.
 
“Оюу толгой” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч “Оюу толгой” ХХК нь татвар, төлбөрийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлдөг гэдгээрээ бахархдаг. Оюу толгой шиг том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн ил тод, урьдчилан таамаглах боломжтой татварын орчинд үндэслэн хийх боломжтой байдаг” гэв.
 
Рио тинто компанийн татвар төлөлтийн тайлангаас:
 
  • 2016 онд 215 сая ам.доллар,
  • 2017 онд 228 сая ам.доллар,
  • 2018 онд 308 сая ам.доллар тус тус төлсөн.
Нэмэлт мэдээлэл:
 
КОВИД-19 цар тахалтай хийх тэмцэл, цар тахлын нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор Рио Тинто компани болон “Оюу толгой” ХХК 602 мянган ам.доллар буюу ойролцоогоор 1.7 тэрбум төгрөгийг Монгол Улсын цар тахлын эсрэг үйл ажиллагааны тогтвортой байдлыг бэхжүүлэх, хариу үйлдэл үзүүлэх чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэх төслүүдийг шинээр санхүүжүүлэхэд хандивлах болсноо 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр зарласан.
 
Мөн нэмэлтээр “Оюу толгой” ХХК, түүний ажилтнууд КОВИД-19 цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтад дэмжлэг үзүүлэх зорилгоор 455 сая төгрөгийн хандив өргөсөн юм. Үүнээс 100 сая төгрөгийг Улсын онцгой комисст, 200 сая төгрөгийг Өмнөговь аймгийн Онцгой комисст, 10 сая төгрөгийг Говийн оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулж Ханбогд сумын Онцгой комисст тус тус хандивласан. Оюу толгой төслийн ажилтнууд хандивын аян өрнүүлсний үр дүнд цугларсан 145 сая төгрөгийг Эрүүл мэндийн яаманд мөн хандивласан. Энэхүү хандивын аянд Оюу толгойн гэрээт 38 компанийн ажилчид оролцсон юм.
 
Эх сурвалж: Financial review, Oyutolgoi
Оюу толгойн далд уурхайн гэрээг цуцлах шаардлагатай байна гэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0