Ковид-19 цар тахлын нөлөөгөөр манай улсын эдийн засаг 6 хувиар агшиж, улс орны нөхцөл байдал хүндэрсэн энэ цаг үед ард иргэдийхээ эрүүл мэндийг хамгаалж, ажлын байраа хадгалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төлөвлөгөө хэрэгжсэнээр уналтад орсон эдийн засгаа ойрын 3 жилд сэргээж, ажлын байраа дэмжсэн дунд хугацааны хүү багатай зээл, дэмжлэгүүдийг ард иргэд, ахуйн нэгжүүддээ үзүүлэх юм.
3 жилийн хугацаанд хэрэгжих 10 их наядын төлөвлөгөөг Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлд танилцуулж, эдийн засагчидтай санал солилцлоо.
Хүү багатай зээлийн шалгуур, аж ахуйн нэгжүүд ямар зориулалтаар ашиглах, эргээд улсын эдийн засагт хэрхэн сайн үр дүнг авч ирэх, орон сууцны хөтөлбөрт дундаж давхрага болон залуу гэр бүл зорилтод бүлэг хэрхэн хамрагдах зэрэг 10 их наядын цогц төлөвлөгөөтэй холбоотой сэдвүүдээр Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
Тус зөвлөл нь Монгол улсын хөгжлийн бодлого, эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөөний асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөмж өгч, дэмжлэг үзүүлэн ажиллах юм. Зөвлөл нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Статистикийн ерөнхий газар, Үндэсний хөгжлийн газар, МҮХАҮТ, МУИС, СЭЗДС зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий Академич, доктор, эдийн засагч, судлаачдын бүрэлдэхүүнтэй юм.
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлтэй уулзалт хийлээ |
|