2021 оны хоёрдугаар сарын эцэст Гадаад валютын албан нөөцийн хэмжээ $4.5 тэрбум давсныг Монголбанкны статистик мэдээлэлд дурьдсан байна.
Нөөцийн хэмжээ өмнөх сараасаа 3.33% өсөж, түүхэн дээд хэмжээндээ дөхжээ. 2020 оны эцэст ГВАН $4.5 тэрбум давж түүхэн дээд хэмжээнд хүрснээсээ хойш 1-р сард бага зэрэг буураад байсан бол 2-р сард ийнхүү дахин өссөн байна. Өнгөрсөн онд валютын нөөцийн хэмжээ нэмэгдэхэд үнэт металл худалдан авалтын хэмжээ 23 тн давж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогын арга хэмжээнүүд хэрэгжүүлсэн нь голлон нөлөөлсөн гэж Монголбанкнаас мэдээлж байсан.
Гадаад валютын албан нөөцийн хэмжээ нэмэгдэх нь олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой гэж үздэг.
Хамгийн сүүлд олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээж, төлөвийг “сөрөг”-өөс “тогтвортой” болгож ахиулсны дээр 2021 онд ГВАН $4.6 тэрбум хүрч өснө гэсэн таамаг гаргаад байна.
Валютын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ сүүлийн саруудад төгрөгийн ам.доллартай тэнцэх албан ханш тогтвортой байна. Тухайлбал он гарснаас хойш төгрөг 0.01 хувиар чангараад байгаа юм. Мөн төлбөрийн тэнцэл хоёрдугаар сарын эцэст $7 саяын ашигтай гарчээ.
МУ-ын Гадаад валютын албан нөөц дахин $4.5 тэрбумыг давжээ |
|