Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны гуравдугаар сарын байдлаар сарын инфляц 0,6, жилийнх 2,5 хувь байгааг Монголбанк мэдээллээ.
Жилийн инфляцыг авч үзвэл 2,1 нэгж хувийг хүнсний бараа, 0,4 нэгж хувийг хүнснээс бусад барааны үнийн өсөлт бүрдүүлжээ.
Улаанбаатар хотын хэрэглээний үнийн индекс гуравдугаар сарын байдлаар сарын 0,7 хувь, жилийн 2 хувь байгаа бөгөөд 2,4 нэгж хувийг хүнсний бараа, -0,4 нэгж хувийг хүнснээс бусад бараа бүрдүүлж байна.
Хүнсний барааны бүлгийн үнэ нэмэгдэхэд мах, махан, сүү, сүүн бүтээгдэхүүний бүлгийн үнийн өсөлт, хүнснээс бусад барааны үнэ хямдрахад хэрэглээний нүүрс, бензиний үнэ багассан нь нөлөөлжээ.
Банкуудын зээлийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 2,8 хувиар нэмэгдэж, 17,5 их наяд төгрөгт хүрчээ.
Тодруулбал өмнөх оны мөн үеийнхээс хувийн байгууллагын зээл 3,2 хувиар багасаж, 8,1 их наяд төгрөгт, иргэдийн зээл 4,4 хувиар өсөж 8,9 их наяд төгрөг болсныг Монголбанк мэдээлэв.
Нийт зээлийн үлдэгдлийн 1,6 их наяд төгрөг буюу 9,2 хувь нь гадаад валютаар олгожээ. Өмнөх сарынхтай харьцуулахад зээлийн үлдэгдэл 494,2 тэрбум төгрөг буюу 2,9 хувиар нэмэгдсэн нь иргэдийн зээл 4,3 хувиар, хувийн байгууллагын зээл 1,5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.
Харин банкуудаас “МИК” ОССК-д шилжүүлсэн иргэдийн ипотекийн зээлийг нэмж тооцвол нийт зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2,4 хувиар, өмнөх сарынхаас 2_3 хувиар нэмэгдсэн байна.
Зээл олголт, эргэн төлөлт тайлант сард шинээр олгосон зээл өмнөх сарынхаас 1.017.8 тэрбум төгрөгөөр, эргэн төлсөн зээл 544,4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Шинээр олгосон зээлийн 6,5 хувь буюу 155,8 тэрбум төгрөгийг гадаад валютаар олгосон аж.
Чанаргүй зээлийн 73,8 хувийг, хугацаа хэтэрсэн зээлийн 78 хувийг хувийн байгууллагын зээл бүрдүүлж байсан бөгөөд чанаргүй зээлийн үлдэгдэл 2.013.4 тэрбум төгрөгт хүрч өмнөх сарынхтай харьцуулахад 3,4 тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Чанаргүй зээлийн 11,6 хувь нь гадаад валютынх аж. Мөн, чанаргүй зээлийн 20,6 хувийг уул уурхай, 19,3 хувийг боловсруулах, 13,5 хувийг барилга, 10,7 хувийг үл хөдлөх, 7,5 хувийг худалдааны салбарынх эзэлж байлаа.
Банкуудын зээлийн үлдэгдэл 2,8 хувиар нэмэгдсэн бол Хэрэглээний үнийн сарын индекс 0,6 хувь байна. |
|