1072 хувьцаа “амилах” цаг ойртлоо.
Ирэх намар буюу дөрвөн сарын дараа Хөрөнгийн биржид “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг арилжих гэж байна. Үүний тулд компанийн дотоод журмыг шинэчлэн батлах, хөндлөнгөөс аудитын шалгалт оруулах, Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх гэх мэт бэлтгэл ажлууд шаардлагатай.
Мөн төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагуудыг цаашид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас томилох уу эсвэл одоогийнхоор буюу Засгийн газрын хэрэг эрхлэх газар шийддэг байх уу гэдгийг ч эцэслэх шаардлага бий. УУХҮЯ байсаар байтал стратегийн 1 6 ордтой, эгнээндээ 20 гаруй компани нэгтгэсэн энэ компани ЗГХЭГ-ын харьяанд байж, “Эрдэнэс Монгол”-ын охин компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг ямар хугацаанд, хэрхэн хийх зэргийг хүртэл уул уурхай, эдийн засагтай огт хамааралгүй байгууллага болох ЗГХЭГ шийддэг, гажиг тогтолцоо хэвээр байна.
Төлөвлөгөө ёсоор ирэх намар “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг нээлттэй арилжиж эхэлбэл иргэд өөрийн хувьцааг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх эрхтэй болно. Мөн 1072 хувьцааныхаа үр шимийг хүртэж чадалгүй нас барсан иргэдийн хувьцааг хэрхэх талаар Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төвийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагваас тодруулахад, “Албан ёсоор хөрөнгийн зах зээл дээр нээлттэй болохоор 1072 ширхэг хувьцааг өвлөх, өвлүүлэх эрх нь үүснэ. Заавал нас барсан гэхгүй тухайн хүн амьд сэрүүн байхдаа ч хувьцаагаа өвлүүлж болно. Бидэнд байгаа судалгаагаар 2011 оноос хойш 70 гаруй мянган иргэн нас баржээ. Тэдний хувьцааг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх боломжтой. Тухайн хүнийг нас барсан гэх бичиг шаардлагатай. Түүнийгээ нотариатаар батлуулж, өргөдлөө өгөх хэрэгтэй” гэв.
Хэрэв нас барсан иргэн хувьцаагаа хэнд шилжүүлэх талаар гэрээслэл үлдээгээгүй бол бүх хүүхдэд нь хувьцааг нь тэгш хуваах юм байна.
1072 хувьцааны өгөөжөө хүртэлгүй нас барсан иргэдийн хувьцааг хүүхдүүдэд нь өвлүүлнэ |
|