Монголын Хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа. Хөрөнгийн бирж нь 2021 оны эхний хагас жилд үйл ажиллагаанаас нийт 2.6 тэрбум төгрөгийн орлого олж, 1.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
Компанийн үйл ажиллагааны жилийн орлогыг 2.7 тэрбум төгрөгт хүргэж, үйл ажиллагааны нийт зардлыг бүрэн нөхөж, борлуулалтын орлогын 1 төгрөгт ногдох зардлыг 99 мөнгө үзүүлэлтэд хүргэж ажиллахаар төлөвлөснөөс эхний хагас жилийн гүйцэтгэлээр 1 төгрөгт 43 мөнгө гэсэн үзүүлэлтэд хүргэж 57 хувиар даван биелүүлжээ.
Тайлант хугацаанд зах зээлийн дэд бүтэц болох MIT системийн ашиглалттай холбоотой хуримтлагдаад байсан өр төлбөрт 524,000 ам.долларыг төлж барагдуулахын зэрэгцээ зохих хууль, дүрэм, журмын дагуу Улсын төсөвт нийт 296 сая төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлжээ.
Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсэж, Монголын Хөрөнгийн бирж байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй 2021 онд хөрөнгийн бирж дээр шинээр олон бүтээгдэхүүн гарч, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаа эрс нэмэгдэж, хөрөнгийн зах зээл идэвхжсэн, мөн биржийн ТОП-20 индекс болон зах зээлийн үнэлгээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн зэрэг ололт амжилтаар дүүрэн, үйл ажиллагааны өндөр үр ашигтай хагас жил байлаа.
Дотоодын үнэт цаасны зах зээлийн чиг хандлага, хэмжээг тодорхойлогч гол үзүүлэлт болох ТОП-20 индекс нь энэ оны 4 дүгээр сарын 23-нд 37,973.05 нэгжид хүрч, зах зээлийн үнэлгээ мөн оны 6 дугаар сарын 30-нд 3,804,035,793,516 төгрөгт хүрч түүхэн дээд үзүүлэлт болжээ. Оны эхэнтэй харьцуулахад ТОП 20 индекс 96 хувийн, зах зээлийн үнэлгээ 25 хувийн өсөлттэй үзүүлэлт байлаа. Мөн МХБ дээрх үнэт цаасны нийт арилжааны дүн оны эхний хагас жилийн байдлаар 646.7 тэрбум төгрөгт хүрсэн амжилттай байна.
Тайлант хугацаанд 3 компанийн бондыг арилжиж нийт 360.6 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн бөгөөд МХБ дээрх анхны гадаад валютаар илэрхийлсэн бондыг “Эрдэнэс Таван-толгой” ХК гарган нь амжилттай арилжаалж байна.
Мөн зах зээл дээр хоёрдох давхар бүртгэл буюу Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Степпе Гоулд” ХК бүртгэгдэж, анхдагч зах зээлийн арилжаа хийхээр товлоод байгаа бол “Мандал ассет менежмент” хамтын хөрөнгө оруулалтын сан бүртгэгдэж, анхдагч зах зээлийн захиалга явагдаж байна. Дэлгэрэнгүй тайлантай
энд дарж танилцана уу.
Монголын Хөрөнгийн биржийн эхний хагас жилийн тайлангаа танилцууллаа |
|