Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
"Хаан банк хууль зөрчсөн нь баримтаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан"
7 жил өмнө   851
Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас өнөөдөр иргэд, хэрэглэгч, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол, саналын мөрөөр хийгдсэн хяналт, шалгалтын ажил болон зарим онцлох ажлуудыг танилцуулж мэдээлэл хийлээ. Мэдээллийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва танилцуулсан юм.
 
“ХҮҮХЭД -ХЭРЭГЛЭГЧ” АЯН  ЗУРГААДУГААР САРЫН 1-НИЙГ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖИЛНЭ
 
ШӨХТГ-аас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хүүхэд -Хэрэглэгч” аяныг зохион байгуулж байгаа аж. 
 
Аяны хүрээнд:
 
Хүүхдийн хэрэглээний боловсролыг нэмэгдүүлж тэдний эрхийг хамгаалах, Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, үйл ажиллагаанд хяналт, шалгалтыг хийх, Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн өрсөлдөх чадварыг дэмжсэн уулзалт, сургалт семинар, үзэсгэлэн худалдаа хийх,  Агентлагийн чиг үүргийн хууль, тогтоомжуудын хэрэгжилтийг танилцуулах арга хэмжээнүүдийг улс орон даяар зохион байгуулах юм байна.
 
Тус аян нь Монгол Улсын нийт хэрэглэгчдэд илүү хүрч, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий яам, дүүрэг болон 21 аймгийн Засаг даргын Тамгын газруудад ажиллаж буй орон тооны бус салбар зөвлөлүүд, харьяа байгууллага, албан тушаалтан болон орон тооны бус улсын ахлах байцаагч, улсын байцаагчид харьяалах нутаг дэвсгэр, эрхлэх асуудлын хүрээнд өргөн хүрээтэйгээр зохион байгуулж буйгаараа ач холбогдолтой гэдгийг мэдээллийн үеэр дурдлаа.
 
ХААН БАНК ХУУЛЬ ЗӨРЧИЖ БАЙСАН НЬ ТОГТООГДСОН
 
ШӨХТГ-т ирүүлсэн мэдээллийн мөрөөр шалгахад “Хаан банк" ХХК нь 2017 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 02/381 тоот тушаалаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн дагуу уйл ажиллагаа эрхлэгч даатгал, үнэт цаас, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардын харилцах дансны доод үлдэгдэл 20,000 төгрөг байсныг 1,000,000 төгрөг, жилийн хүү 0%, данс хөтөлсний хураамж авдаггүй байсныг cap бүр 5,000 төгрөг авах шийдвэрийг гаргасан байна. 
 
Энэхүү шийдвэртэйгээ холбогдуулан Хаан банкны зүгээс харилцагч санхүүгийн байгууллагуудад дээрх нөхцөлтэйгөөр гэрээгээ шинэчлэх, шинэчлээгүй тохиолдолд данс гүйлгээг хязгаарлаж зарлагын гүйлгээ хийхгүй байх анхааруулгыг хүргүүлжээ. 
 
ШӨХТГ-ын хийсэн шалгалтаар Хаан банк ХХК-ийн дээрх үйлдэл нь өрсөлдөөний тухай хууль, зөрчлийн тухай хууль зөрчсөн нь баримтуудаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва ярилаа.
 
ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА ТООЦНО
 
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Alivemax” компанийн бүтээгдэхүүний талаар худал мэдээлэл өгч байгаа тухай ШӨХТГ-т ирүүлсэн иргэдийн гомдлын дагуу хяналт, шалгалтыг хийсэн байна. Шалгалтаар “Сакуралайфмакс” ХХК нь өөрийн импортлон худалдаалдаг “Alivemax” компанийн “хүнсний бүтээгдэхүүний ангилал"-д хамаарах 4 нэр төрлийн бүтээгдэхүүнийг эрүүл мэндийн бүтээгдэхүүн гэж ойлгогдохоор сурталчилж байгаа нь тогтоогджээ. 
 
Тиймээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэн 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
 
Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “ШӨХТГ-аас олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад хэрэглэгчийн эрхийг зөрчсөн хууль бус зар сурталчилгааг түгээхгүй байх талаар удаа дараа анхааруулга хүргүүлж, сургалт зохион байгуулсаар ирсэн. 
 
Гэвч “Сакуралайфмакс" ХХК болон олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд нь уг зөрчлөө арилгахгүй, хууль бус зар сурталчилгааг түгээсээр байна. Иймд зарим нэр бүхий телевизүүд  хууль бус үйлдлээ таслан зогсоогоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцохоо мэдэгдэж байна” гэсэн юм.
 
 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦУУДАД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
 
2018 оны дөрөвдүгээр сарын 04-ны өдрийн TV-9 телевизийн “Монгол коммент" нэвтрүүлгээр шатахуун түгээх станцууд шатахуунаа дутуу шахаж байна гэсэн хэрэглэгчээс ирүүлсэн мэдээлэл гарсантай холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт, шалгалтыг дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Хяналт шалгалтад шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч 8 аж ахуйн нэгжийн 10 ШTC-ыг хамруулсан байна.
 
Хяналт шалгалтын явцад “Монсуль” ХХК-ийн ШТС-7 салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтын лац хөндөгдсөн зөрчил илэрчээ. Үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газрын улсын шалгагчтай хамтран тус салбарын Аи-92 автобензиний 2 дугаар шатахуун түгээгүүрийн улсын баталгаажилтыг шалган, холбогдох хуулийн дагуу “Монсуль” ХХК-д  5,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулж, зөрчлийг арилгуулан ажиллажээ.
 
ХҮНСНИЙ ЗАХ, ХУДАЛДААНЫ ТӨВ, ДЭЛГҮҮРҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАВ
 
ШӨХТГ-аас дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний зах, худалдааны төв, дэлгүүрүүдийн үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд хяналт шалгалтыг хийжээ.
 
Хяналт шалгалтын явцад зарим супермаркетад зарагдаж буй 5-25 килограммын савлагаатай гурил баталгаат жиндээ хүрэхгүй байх зөрчил дутагдал илэрсэн байна. Иймээс  зах, худалдааны төв, гурилын үйлдвэр, супермаркетуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, зөрчил дутагдлыг арилгах хугацаатай үүрэг даалгавар, цаашид анхаарч ажиллах асуудлаар “Зөвлөмж” өгч ажилласан байна.
 
Цаашид энэ дутагдлаа арилгалгүй иргэд, хэрэглэгчдийг хохироож буй аж ахуй нэгж, компаниудад ШӨХТГ-аас хуулийн дагуу хариуцлага авна гэдгээ мэдэгдлээ.
 
А.ЦЭЛМЭН
"Хаан банк хууль зөрчсөн нь баримтаар нотлогдсон тул 493,387,520 төгрөгийн торгууль ногдуулсан"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0