Жижиг, дунд үйлдвэрийн газар АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, “Хөгжлийн Шийдэл” ТББ-тай хамтран “Жишиг Жижиг, Дунд Бизнесийг Хөгжүүлэх Төлөвлөгөө”-ний хүрээнд “Хөгжил өөд” бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрийн нээлт боллоо. Уг хөтөлбөрт ЖДҮХС-аас 2022 онд зээл авсан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг хамруулах юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “BEST” хөтөлбөр, Хөгжлийн Шийдэл” ТББ, 2022 онд сангаас зээл авсан Улаанбаатар хот болон 12 аймгийн төлөөлөл оролцлоо.
Дэд сайд М.Ганхүлэг хөтөлбөрийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй Жижиг, дунд үйлдвэрийн газар, “BEST” хөтөлбөр, “Хөгжлийн Шийдэл” ТББ-ын хамт олонд талархал илэрхийлье.
Төрийн зүгээс зөвхөн зээл олгоод зогсохгүй, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах, мэдээ мэдээллээр хангах, хамтран ажиллах, сургалт зохион байгуулах, үзэсгэлэн худалдаанд оролцуулах зэргээр борлуулалтыг дэмжих нь нэн чухал. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр “Хөгжил өөд” бизнесийг хөгжүүлэх хөтөлбөр нээлтээ хийж байгаад баяртай байна. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье” гэв.
Энэ үеэр өнгөрсөн жилийн жилийн дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдахын давуу тал, үр өгөөж, сайн туршлагаасаа хуваалцаж, харилцан санал солилцлоо.
Мөн бараа бүтээгдэхүүний дээж танилцуулах үзэсгэлэн, худалдаа зохион байгуулсан юм.
“Жишиг Жижиг, Дунд Бизнесийг Хөгжүүлэх Төлөвлөгөө”-ний хүрээнд өнгөрсөн жил Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд зээл авсан 60 гаруй аж ахуйн нэгжийг сонгон авч Компанийн засаглал, Үйлдвэрлэлийн менежмент, Маркетинг, Хүний нөөц, Санхүүгийн удирдлага зэрэг 5 дэд сэдвийн хүрээнд чадавхжуулж, амжилттай төгсгөөд байгаа юм.
ЖДҮХС-ийн 2022 оны зээлдэгчид “ХӨГЖИЛ ӨӨД” бизнесийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдана |
|