Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил дэвшил, хүртээмжтэй өсөлтөд нэн тэргүүний ач холбогдолтой зүйл бол тогтвортой санхүүжилт болон ногоон бонд билээ. Ийм учраас Санхүүгийн зохицуулах хороо ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд тогтвортой санхүүжилт, ногоон бондын ач холбогдол, тэдгээрийн зохицуулалтын орчны талаар мэдээлэл өгөх, аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломж, дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийн талаар танилцуулж, санал солилцохоор “Санхүүжилт татах боломж-тогтвортой санхүү болон ногоон бонд” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо /ТОС холбоо/-той хамтран зохион байгуулсан хэлэлцүүлгийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нээж үг хэлсэн бөгөөд тэрбээр “Санхүүгийн зохицуулах хороо МҮЦАЭХ-той хамтран өнгөрсөн онд үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллага, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдын дунд IPO форумыг амжилттай зохион байгуулсан. Үүнээс хойш буюу өнөөдрийн байдлаар хөрөнгийн зах зээлд дотоодын 4 аж ахуйн нэгж IPO хийх замаар нийт 157 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, 1 компани 20 тэрбум төгрөгийн нээлттэй бонд гаргаж, биржийн бус зах зээл дээр 72 аж ахуйн нэгжээс 91 компанийн бонд гаргаж, нийт 996 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна.
Нөгөөтэйгүүр “Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээс хойш урт хугацааны тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон хөрөнгийн зах зээлийг бий болгох, олон улсын санхүүгийн зах зээлд өргөн хүрээнд ашиглаж буй ногоон бонд гаргах зохицуулалтын орчныг бий болгох чиглэлээр ТОС холбоо, Олон улсын санхүүгийн корпораци /IFC/, Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг /AFI/, Европын сэргээн босголт хөгжлийн банк /EBRD/ зэрэг олон улсын байгууллагатай бид хамтран ажиллалаа. Энэ хугацаанд олон нийтэд санал болгон компанийн бонд гаргах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн хялбаршуулж, банкны богино хугацаат, өртөг өндөр зээлийн оронд хөрөнгийн зах зээл дээрээс санхүүжилт татах зохицуулалтын орчныг боловсронгуй болгохоор “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталлаа. Ингэснээр Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд анх удаа олон улсын жишигт нийцсэн “ногоон бонд” гарах боломж бүрдсэн. Мөн Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-өөс “Ногоон таксономи”-г баталснаар дэлхийн хэмжээнд ногоон таксономиг баталсан 2 орны нэг нь манай улс болж, банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчид ногоон зээл, ногоон хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх суурь нөхцөл бүрдлээ. Цаашилбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор өнгөрсөн онд зохион байгуулсан “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган”-ны үеэр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталж энэ дагуу тогтвортой санхүүжилтийг дэмжих, хөрөнгийн зах зээлийг ногоон болгон хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллалаа. Түүнчлэн УИХ, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Зээлийн хүүг бууруулах стратеги”, банкны салбарын реформ, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьчлал зэрэг шинэчлэлийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос шаардлагатай бодлого, зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг шинэ бүтээгдэхүүн гаргахад тухай бүрт нь дэмжлэг үзүүлсний үр дүнд сүүлийн 2 жилийн хугацаанд 51 санхүүгийн шинэ бүтээгдэхүүн гарч, зах зээлийн үнэлгээ 7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өслөө. Ийнхүү дотоодын хөрөнгийн зах зээлд томоохон эерэг өөрчлөлт гарч, зах зээл идэвхжин компаниуд үнэт цаас гаргах сонирхол өсөж буй энэ цаг үед Та бүхнийг IPO хийх замаар нээлттэй хувьцаат компани болох, компанийн бонд гаргаж хямд санхүүжилт татах замаар хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцож, эдийн засаг, санхүүгийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулахыг уриалж байна. Энэ дагуу шилдэг аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцуулахад чиглэлсэн богино хугацааны хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна” гэдгийг онцолсон юм.
Хэлэлцүүлэгт оролцогчдод хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг танилцуулж мөн тогтвортой санхүү буюу олон улс бүс нутаг болон Монгол Улсын жишээ, компанийн бондын ач холбогдол, зохицуулалтын орчин, ногоон бондын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.
Санхүүгийн зохицуулах хороо
ТОП 100 Аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлд гарах гарцийг хамтдаа хэлэлцэв |
|