Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг өргөн барилаа
6 жил өмнө   727
Улсын Их Хурлын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Улсын Их Хурлын 2014 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичигт хувийн хэвшилд түшиглэсэн, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэртэй олон тулгуурт бүтцийг бий болгож, үндэсний язгуур эрх ашгийг хангах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бүрдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи, инновацийг дэмжих замаар ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилтыг тусгасан билээ.
 
Дээрх зорилтыг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын эдийн засгийн үр өгөөжийг сайжруулан, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг боловсронгуй болгох, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, нүүрс баяжуулах үйлдвэр байгуулах замаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нүүрсний ордод түшиглэсэн цахилгаан станц барих зэрэг төслийг бодлогоор дэмжихээр заасан.
 
“Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолоор Тавантолгойн ордыг түшиглэн төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг байгуулж, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх, уг ордыг түшиглэж үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандартыг баримтлах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах, дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд авч хэрэглэх нөхцөл, болзлыг хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан билээ.
 
Мөн тогтоолын нэгдүгээр хэсэгт Тавантолгойн нүүрсний ордыг ашиглахтай холбогдуулан “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, үндэсний аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх, дотоод, гадаадын хөрөнгийн биржээр арилжаалах талаарх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх, хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр худалдаж шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан байдаг.
 
Түүнчлэн Улсын Их Хурлын тогтоолоор жил бүрийн улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа Тавантолгойн ордыг түшиглэн нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам, төмөр зам, авто зам барих асуудлуудыг тусгасаар ирсэн боловч гүйцэтгэл нь хангалтгүй байна. Тодруулбал тус ордыг түшиглэн үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн санхүүгийн нөхцөл байдлаас үүдэн бүтээн байгуулалтын төслүүдийг ойрын үед хэрэгжүүлэх боломжгүй болж байгаагаас гадна тус ордыг ашигласнаар нийгэм, эдийн засагт үүсэх үр өгөөжийг тооцоолсон хэмжээнд хүргэж чадахгүй, экспортын орлогыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортод гаргах зорилтын хэрэгжилтийг хангаж чадахгүй байна.Иймд “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан батлуулж, дээр дурдсан Улсын Их Хурлаас өгсөн чиглэлийн хэрэгжилтийг шуурхай хангах нь зүйтэй байна гэж УИХ-ын тогтоолын төсөлд дурджээ.
 
“Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь 2 үндсэн заалттай бөгөөд төсөлд:
 
1.Улсын Их Хурлын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр үе шаттайгаар арилжаалан шаардлагатай хөрөнгө оруулалтыг татаж, Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрүүдийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх;
 
2.Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Оюутолгой-Ханги, Тавантолгой-Барууннаран чиглэлийн авто замын төгсгөлөөс Цагаандэл уул чиглэлийн тусгай зориулалтын авто зам болон Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам зэрэг төслийг эхлүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
 
3.Дамжин өнгөрөх тээвэр, угтуулан тавих нөхцөл, урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, борлуулалтын нөхцөлийн талаар хөрш орнуудтай хэлэлцээ хийж хэрэгжүүлэх;
 
4.Өмнөд бүсийн уул уурхайн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах цахилгаан станцыг Тавантолгойн ордыг түшиглэн барих асуудлыг эцэслэн шийдвэрлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч ажиллах зэрэг асуудал тусгагджээ.
 
Тогтоол батлагдсанаар Улсын Их Хурлаас Тавантолгойн нүүрсний орд газрыг цогцоор нь хөгжүүлэх талаар баримтлах бодлого, эрх зүйн орчин тодорхой болох бөгөөд Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөж нэмэгдэж, иргэдийн эзэмшиж буй хувьцааны ханш өсөх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд борлуулах, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэг асуудлыг улсын төсөвт ачаалал үүсгэхгүйгээр шийдвэрлэх боломж бүрдэх юм. Төслийг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16.1-д заасны дагуу нэн яаралтай хэлэлцүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас үзсэн байна.
Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах хуулийн төслийг өргөн барилаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0