УИХ дахь Монгол Ардын намын бүлэг өнөөдөр /2018.06.22/ хуралдаж, Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, МАН-ын бүлгийн Дэд дарга Б.Саранчимэг, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн гишүүд Тавантолгойн IPO гаргах, эдийн засгийн эргэлтэнд оруулах хэрэгтэй гэдэг зарчмын байр суурьтай байгаагаа өмнө нь илэрхийлж байсан. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулж, Тавантолгойн асуудлыг шийдээд, ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдэгт олонхи гишүүн санал нэгдсэн байна. МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Төслийн ТЭЗҮ боловсруулах, IPO босгох, гадаад, дотоодын зөвлөх багуудтай уулзахад багагүй хугацаа шаардана. Багадаа зургаан сараас нэг жилийн хугацаа зарцуулна. Тиймээс иргэд өнөө маргаашгүй үр дүн гарах мэт ойлгож болохгүй.Тавантолгойн төсөл хэрэгжиж эхэлснээр урт хугацаандаа эдийн засагт чухал ач холбогдолтой учраас иргэд, олон нийт ойлгож, хамтдаа том төслөө дэмжээд явах нь чухал” гэсэн юм. Бүлгийн зарим гишүүдийн зүгээс байгаль экологийн асуудалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлж, хүрээлэн буй орчинд ээлтэй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг Тавантолгойн төсөлд ашиглах хэрэгтэй гэсэн санал гаргасан байна. Дотоодын нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглах асуудлыг мөн хөндсөн байна. Одоогийн байдлаар Тавантолгойгоос түүхийгээр нь, “Энержи Ресурс” угаасан нүүрс гаргаж байгаа. Үнэ ханшийн хувьд түүхий нүүрс 65-70 ам.доллар, угаасан нүүрс 120-130 ам.доллараар үнэлэгдэж байгаа аж. Хэрвээ нэгэнт бэлэн байгаа угаах үйлдвэрийг ашиглавал жилдээ Монгол Улсын төсөвт 600 орчим тэрбум төгрөгийн татварын орлого бүрэлдэнэ. Тиймээс энэ хүчин чадлаа сайтар ашиглахыг олон гишүүн зөвлөсөн байна.
Хэвлэлийн хурлын дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт авлаа.
-Тавантолгой төслийн үр дүн хэзээ гарах вэ?
-Төрийн өмчит улсын үйлдвэрийн газраа олон улсын зах зээлд гаргаснаар компанийн засаглал сайжирч, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр нь олон улсын стандартын дагуу тухайн төсөлдөө зарцуулах боломж нээгдэж байна. Ер нь төр муу менежер гэдэг ойлголтоос салгаж, эдийн засгийн үр ашигтай ажиллуулах талд анхаарна.
-Эдийн засгийн үр өгөөжийн тооцоолол гарсан уу?
-Гадаадын хөрөнгийн бирж, олон улсын байгууллагууд 5, 10,30 жилийн хугацаатай санхүүгийн тооцоолол гаргадаг. Тавантолгойн ордыг 2011 онд 5.7 тэрбум доллараар үнэлсэн. Тухайн үед ОХУ-ын геологичид энэхүү ордыг 5.1 тэрбум тонн нөөцтэй гэж дүгнэсэн байдаг. Олон улсын стандартаар тооцоолоод 7.4 тэрбум тонн нөөц байна гэсэн байгаа. Тэгэхээр цаашдаа энэ ордын нөөц өсөн нэмэгдэх боломжтой гэж харж байна. Багаар бодоход 7.4 тэрбумын долларын нөөц дээр нь нэмэгдээд бизнес, засаглалын үнэлгээ байна. Тэгэхээр цаашид үнэ цэнэ улам нэмэгдэнэ. Олон улсад төслөө гаргахын тулд ойролцоогоор жилийн хугацаанд бэлтгэл ажил хангана. Тавантолгой уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн төслүүд ашиглалтад орсноор жилд дунджаар 2.8 тэрбум долларын экспортын орлого, улсын төсөвт жил бүр 400-1.100 сая долларын орлого төвлөрүүлнэ. Дээр нь шууд болон шууд бусаар 5600 гаруй ажлын байр бий болгож, эдийн засаг, нийгэмд томоохон ахиц дэвшлийг бий болгохоор байна.
А.ЦЭЛМЭН
Д.Сумъяабазар: Тавантолгойг хөдөлгөснөөр эдийн засагт олон эерэг үр дүн гарна |
|