Сүүлийн таван жил үйл ажиллагаа нь бүрэн зогсоод байсан “Булган Мах маркет” мах боловсруулах үйлдвэр 2018.06.30-ны билэгт сайн өдөр үйл ажиллагаагаа дахин явуулж эхэллээ.
“Булган Мах Маркет” мах боловсруулах үйлдвэр нь бүрэн шинэчлэл хийж, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах орчин үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Олон Улсын чанар стандартын шаардлагыг хангасан мах махан бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэхэд бэлэн болоод байна. Тус үйлдвэр нь мах бэлтгэлийг Булган, Архангай, Хөвсгөл аймгуудаас бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа нь малчид ямар нэг дамжлагагүйгээр малаа зах зээлийн бодит үнэлгээгээр худалдан борлуулах таатай нөхцөлийг бүрдүүлэх юм.
Үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд тус нутгаас УИХ-д сонгосон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн Газрын гишүүн Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ оролцож хэлсэн үгэндээ “Энэхүү үйлдвэр нь үүд хаалгаа нээснээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй хөдөөгийн хөгжлийг дэмжих “21:100” хөтөлбөр, мөн “Шинэ хөдөө” төслийг хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болохыг” онцлон тэмдэглэлээ.
"Булган Мах Маркет" үйлдвэр БНХАУ, Вьетнам, ОХУ болон Иран улсуудад мах, махан бүтээгдэхүүнээ экспортлохоор төлөвлөн, бэлтгэлээ бүрэн хангаад байна.
Анхдагчдын өлгий нутаг болсон Булган аймагт мах боловсруулах үйлдвэр дахин үүд хаалгаа нээж, байнгын ашиглалтад орсноор орон нутагт 60-аас доошгүй ажлын байр шинээр бий болж, орон нутгийн хөгжилд түлхэц болох бодит хөрөнгө оруулалт болж байгааг нутгийн иргэд болон орон нутгийн удирдлагуудын зүгээс талархан хүлээн авч дэмжин ажиллахаа илэрхийллээ.
Ц.Оргил
Булган аймгийн мах боловсруулах үйлдвэр дахин ашиглалтад орлоо |