Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
35 мянган ном, судар “дээл”-тэй болжээ
6 жил өмнө   1412

Үндэсний номын сангийнханд өчигдөр баярт бас түүхэн үйл явдал тохиов. Анх 500 мянган ном хадгалах багтаамж, зориулалттайгаар баригдсан Үндэсний номын сангийн барилгад өдгөө 3.5 сая ширхэг ном, судар хадгалагдаж байна. Үүнээс 1.5 сая гаруй нь ховор, эртний ном, судар байдгийн ихэнхийг Богд хааны номын ордноос шилжүүлэн авчирч байжээ. Монгол Улс төдийгүй дэлхийн оюуны өв соёлын томоохон хэсгийг олон жилийн турш хамгаалан, арчилж байгаа тус номын сангийнхны хувьд ширхэг цаас байтугай ширхэг үсгийг ч алдахад хайран, үнэ цэнэтэй байдаг биз. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ард түмэн агуй, жалганд нууж үлдсэнээс эхлээд тус тусын түүхийг өгүүлэх баринтаг нь үжирч муудсан, нүцгэрсэн ном судар маш олон байжээ. Одоогоос арваад жилийн өмнө тооцоолоход 35 мянга орчим ном, сударт шинэ баринтаг зайлшгүй хэрэгтэй байв. Үндэсний номын сангийнхан өөрсдийн хүчээр бага сагаар ахиулж байгаад “JCI capital” төрийн бус байгууллагатай хамтран “Номын баринтаг” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн гол зорилго нь номонд хайртай ард түмэн, залуучуудад энэ тухай сайтар сурталчлах байв. Ийнхүү сүүлийн хоёр жилд төслийн ажил идэвхжиж найман настай балчраас наян настай буурлууд хүртэл энэ ажилд хувь нэмрээ оруулснаар дээл  нь муудаад байсан 35 мянган ном, судар бүгд хувцастай болжээ. Ахмадууд санаачлагаараа нэгдэж 200 ширхэг баринтаг оёж хандивлаж байсан нь саяхан бол өчигдөр Завхан аймгийн иргэд нэгдээд 10 мянга гаруй номын баринтаг цуглуулж тус номын санд хандивласан түүхэн үйл явдал боллоо. Номонд хайртай тэд ердөө гуравхан сарын дотор энэ аяныг давалгаалж ийнхүү цуглуулж чаджээ.

Үндэсний номын санд Чингис хааны үеэс эхлэлтэй ургийн бичиг, алт, мөнгөөр бүтээсэн Ганжуур, Данжуур, үе үеийн далай ламын бүтээлүүд, тухайн орондоо байхгүй хэрнээ манайд эх хувиараа хадгалагдаж байгаа Энэтхэг, Түвдийн судрууд гээд олон гайхамшигтай өв соёл хадгалагдаж байна. Ихэвчлэн  17-18 дугаар зууны үеийн онц ховор судрууд байдаг бол цаг үе нь тодорхойгүй сонин бүтээлүүд бий гэлээ. Түүнчлэн анагаах ухаан, математик, уламжлалт зэрэг бүх төрлийн эрдэм, мэдлэгийн баримтууд хадгалагдаж байна. Үе үеийн номын соёлыг хадгалж, таниулж байгаа энэ хамт олны хувьд эдгээр үнэт бүтээлүүдийг дээл хувцастай болгосондоо туйлаас баяртай байгаагаа илэрхийлж байлаа. Номын баринтаг нь дээлтэй адил өөрсийн гэсэн ёс, уламжлалтай байх бөгөөд нарны туяа, чийгнээс хамгаалж өгдөг ач холбогдолтой юм. Энэхүү ажил нь зөвхөн баринтаг хандивласан төдий харагдаж байгаа ч үндэсний, дэлхийн оюуны өв соёлыг хамгаалсан томоохон үйл явдал болсныг онцолж байв.

Б.Ичинхорлоо: Оюун санааны тусгаар тогтнолыг хадгалж, хамгаалж байна

 

Үндэсний номын сангийн захирал

-“Номын баринтаг” төслийг эхлүүлэхдээ “Түүхээ баринтаглая” уриатай хэрэгжүүлж эхэлсэн. Ганжуур, Данжуураас эхлээд хуучны ном, судрууд нь оюун санааны тусгаар тогтнолыг өөртөө хадгалж байдаг. Ухаант мэргэдийн олон зуун жилийн турш бий болгосон номын өв соёл энд эх хувиараа хадгалагдаж байна. Богд хааны номын ордонд хадгалагдаж байсан дэлхийн өв соёл болсон судрууд ч эх хувиараа байна. Дэлхийн болон бүс нутгийн соёлын өвд бүртгүүлэх зэргээр номын сангийнхны хувьд чадах бүхнээ хийж ирсэн. Харин зорьсондоо хүртэл хийж чадахгүй байсан дутууг маань номонд хайртай ард түмэн минь нөхөж байна. Үндэсний номын сангийн хамт олон, Монгол орны өнцөг булан бүрт амьдарч байгаа номын садан нөхөд бүгд хамтраад 35 мянган ном судраа хувцастай болголоо. Ямар материалаар, ямар хэмжээгээр оёх стандартын тухай  тодорхой мэдээллүүдийг бидний зүгээс бас өгч байсан.

 

Өнөөдөр Завхан аймгийн Тамгын газар, Утга зохиолын нэгдэл, “Боролдой” номын дэлгүүр хамтраад аян өрнүүлж 10 мянга гаруй хүлээлгэн өгснөөр манай номын сангийн бүх судар баринтаглаж дууслаа. Үндэсний номын санд байгаа ховор нандин баримтыг хойч үедээ өвлүүлэн өгөхийн тулд тэтгэврийн мөнгөө харамлахгүй байна, хүүхдүүд бэлгэнд авсан мөнгөө зориулж байна. Тэгэхээр миний хувьд тийм ч хар бараан нийгмийг харахгүй байна шүү. Бидний хувьд үнэхээр баяртай үйл явдал боллоо.

Б.Баяржавхлан: Гадаадаас хүртэл баринтаг ирүүлсэн

 

Завхан аймгийн Утга зохиолын нэгдлийн тэргүүн

 

-Монгол гэдэг улс дэлхийд ганц. Даяаршсан энэ эрин үед  бид юугаараа ялгарах вэ гэхээр монголчууд эртнээс оюуны өндөр уг сурвалж гаралтай хүмүүс гэж би боддог. Түүнийгээ дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээсээр ирсэн. Тэгэхээр бидний зохион байгуулсан аян бол өвгөдийн их ухаан оюуныг бататган, дараагийн үедээ  хэлж таниулсан явдал боллоо. Бид гурван сарын хугацаанд 10 мянга гаруй баринтаг цуглуулж чадлаа. Энэ хугацаанд баринтаг гэж юу болох талаар мэдэхгүй, асуусан хүн олон байсан.  Баринтаг нь хүн харахад дөрвөлжин даавуу мэт боловч номын дээл, хувцас гэдэг утгаараа бүстэй, энгэртэй байх гэх мэт өөрийн ёс агуулгыг шингээсэн байдаг. Соёлын нэг том хэлбэр гэсэн үг.

 

Бид зөвхөн аян зохион байгуулаад өнгөрөх биш залуучууд маань болохгүй, бүтэхгүйг ярихаас илүү зөв, сайхан руу тэмүүлдэг, бусаддаа үлгэр дууриал үзүүлж нэгтгэдэг байгаасай гэж хүссэн. Ямар нэг зүйл хийхийн тулд мөнгө, эсвэл ямар нэг даргын үзэгний хошуу харж хойш битгий суугаасай. Зүгээр л зориглоод зүтгээсэй. Бид эхэндээ 5000 баринтаг гэж зорьж байлаа. Гэтэл гурван сарын хугацаанд 10156 баринтаг цугларсан. Завхан нутгаас төдийгүй Говь-Алтай, Дархан-Уул, Булган, Орхон аймаг, Улаанбаатар хот, Австриас хүртэл баринтагнууд ирсэн.  Бидний ажил амжилттай дууссанд их баяртай байна.

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

35 мянган ном, судар “дээл”-тэй болжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0