Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
“Эрээн нуур"-т Элсний фестиваль болно
6 жил өмнө   804

Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Говь-Алтай аймгийн байгалийн цогцолбор газар болох "Эрээн нуур"-ын хөвөөнд орших “Эрээн нуур” жуулчны баазад "Элсний фестиваль"соёл урлагийн наадам зохион байгуулагдах ажээ.

Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон Монголын нүүдэлчин соёл, ахуй, дэг жаяг, ёс заншил, өв уламжлал, түүхийг элсний спортын арга хэмжээтэй хослуулан шинэ эвент наадам зохиож гадаад, дотоодын жуулчдад сурталчлах бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулдаг байна.

2015 оноос хойш зохиогдож буй тус наадмын үеэр соёл урлагийн арга хэмжээ, жуулчдад зориулсан бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, “Адуучин” тэмцээн, элсний гар бөмбөг, элсэн уулын оргил булаалдах буухиа тэмцээн, элсний чөлөөт гулгалт, элсний сумо, морин поло, шагайн харваа зэрэг олон арга хэмжээнүүд зохиогддог ажээ.

Зохион байгуулагчдын мэдээлснээр, энэ жилийн хувьд Үндэсний сурын харвааг орон нутагт хөгжүүлэх, өв соёлоороо бахархах олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор уламжлалт зэвт харвааны наадмыг мянган харваачийн дунд зохион байгуулах юм байна.

Мөн Алтай нутгаас төрөн гарсан анхны эрэгтэй мэргэн, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат "Засагт хан" клубын ерөнхий дасгалжуулагч Баатарын Дашзэвэгт хүндэтгэл үзүүлэх цуваа харвааг "Баруун бүсийн чуулга харваа" нэрийн дор зохион байгуулах ажээ.

Наадмын эхний өдөр зохиогдох зэвт харваанд зөвхөн Говь-Алтай аймгийн харьяат харваачид оролцох бол "Баруун бүсийн чуулга харваа" нь Монгол орны өнцөг булан бүрт буй харваачдын дунд нээлттэй зохиогдож, спортын цол олгох юм байна.

 

Ц.ОРГИЛ

“Эрээн нуур"-т Элсний фестиваль болно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0