УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Залуусын шинэ манлайлал” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна. Энэхүү тэтгэлэгт Монголын ирээдүй болсон шилдэг 100 оюутан хамрагдах ажээ. Тэрбээр “Монгол тандаа зүтгэе!” уран бүтээлийн цэнгүүнээс олсон орлогоороо “Залуусын шинэ манлайлал” хөтөлбөрт хамрагдсан монголын 100 оюутанд хандивлах юм байна. Түүний шүлгээр бүтсэн олон сайхан дуу монголын ард түмний сонорыг мялаасан. Хөгжмийн зохиолч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын аялгуу Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргласайханы дуулсан “Хундагаа өргөе”, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Одын аялгуу, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарын дуулсан “Би Монгол хүн”, Төрийн шагналт, дуучин Д.Болдын “Зургадугаар сар минь баяртай”, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа нарын “Нэг л уучилъя”, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулууны “Монгол тандаа зүтгэе!” зэрэг дуунууд энэ сарын 18-нд “UB Palace”-ийн концертийн их танхимд 18.00 цагаас эгшиглэнэ. “Монгол тандаа зүтгэе!” уран бүтээлийн цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат, Монгол Улсын гавьяат жүжигчин, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат жүжигчин, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Т.Баясгалан, Монгол Улсын соёлын гавьяат, “Никитон” хамтлагийн ахлагч Б.Батчулуун, Монгол Улсын Төрийн шагналт, “Камертон” хамтлагийн ахлагч Д.Болд нарын уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Монгол тандаа зүтгэе!” уран бүтээлийн цэнгүүн хийнэ |